Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих боломжгүй

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолын төсөл болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэвлэлийн бага хурлын эхэнд БНХАУ-ын талаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Хятадын Экспорт, Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн 800 орчим сая ам.долларыг Эгийн голын усан цахилгаан станц барих төсөлд зарцуулна. Бие даагч гишүүд Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг түргэтгэснээр эрчим хүчний хараат байдал арилах сайн талтай ч хэтэрхий их өндөр зардалтай байна гэж үзэж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Монгол Улс гадаадтай хийдэг гэрээ хэлэлцээрээ байнга алдагдалтай хийдэг. 315мВт-ын хүчин чадалтай усан цахилгааны станцыг 800 гаруй сая ам.доллараар хийнэ гэж байгаа. Энэ ажилд тендер зарлана. Тэгэхдээ олон улсад нээлттэй гэхээсээ хязгаарлагдмал тендер гэхэд болно. Яагаад гэвэл тэнд шаардлагатай тоног төхөөрөмжийн 65-аас дээш хувийг хятадаас авна гэж байгаа юм. Тэгэхээр энд хятадын компаниуд орно. Өртөг өндөр байж таарна. Ингэснээр Эгийн голын усан цахилгаан станцыг өртөгөө нөхөх хугацааг хойшлуулж, эдийн засгийн үр ашгийг бууруулах сөрөг талтай” хэмээн мэдээллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бие даагч гишүүдийг төлөөлж дэмжих болон эс дэмжих хуулийн төслүүдийн талаар мэдээлсэн. Тухайлбал, эдгээр гурван гишүүн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого зэрэг асуудлыг дэмжиж байгаа аж.

Харин Хамтын тэтгэврийн тухай хуулийг сайтар нягталж олон улсан туршлага зэргийг харгалзах хэрэгтэй гэж үзжээ. Учир нь зарим нэг улсад ийм төрлийн хууль батлагдахаар хөрөнгө мөнгөтэй өндөр настай иргэдтэй гэрлэх зэрэг сөрөг үзэгдэл гардаг гэнэ.

Мөн мөнгөний бодлогод валютын ханшийг ямар түвшинд барих тухай тусгаагүй хэмээн Ц.Даваасүрэн гишүүн шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэллээ. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслүүдийг сайтар нягталж үзэх шаардлагатай гэж үзсэн байна. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэлээ. Энэ удаагийн УИХ Үндсэн хууль өөрчлөх хэмжээний ёс суртахуунтай парламент биш гэж бие даагчид үзэж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

“Монцамэ” агентлаг


URL:

Нэр: ХУУЛЬЧ Огноо: 10 November 2015

ҮНЭН ШҮҮ ДЭЭ.ОДОО БОЛЛОО.МАНАН 2000 ОНД ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН НЬ ХУУЛЬ БУС БАЙСАН,ТҮҮНИЙГ ДАГАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСГҮЙ БАЙТАЛ МАНАН ХҮЧЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН.ОДОО ДАХИАД Л МАНАН ҮНДЭН ХУУЛИАР ТОГЛОХ,ӨӨРСДИЙН ЭРХ АШГАА ГҮЙЦЭЛДҮҮЛЭХЭЭР ХУЙВАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ.МОНГОЛЧУУД АА, ХҮН АРДАА СОНОР СОРГОГ БАЙГТУН,ЭСЭРГҮҮЦЭН НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.ХУУЛЬЧИД ГЭХ АМЬТАД АА ЮУ БОДОЖ БАЙНАВ ДЭЭ.

Сэтгэгдэл бичих