Тал нутгийн өглөө

Алсын бараа сүүмэлзэх төдий үүрийн гэгээнээр
Агтын төвөргөөн амгалан талыг нойрноос сэрээж
Аргил сайхан хоолойгоор “Эрдэнэ засгийн унага”-ыг
Адуучин залуу шуранхай хадаан дуулан давхисаар
Аядуу тайван бэлчих адуун олон сүргээ
Алсарсан бэлчээрээс атирсан тоостой нь хамт хураахад
Талбиун салхи сэвэлзсэн
Таанын үнэр халиарсан
Таатай мэдрэмж төрүүлсэн
Тал нутгийн өглөө эхлэв ээ
Үүрийн цагаан гэгээнд тооноор өөдлөх яндангаас
Үүлэн цагаан утаа тэнгэр сүлэн бургилахад
Үзэсгэлэн гоо эзэгтэй дурдан алчуур асааж
“Үлэмжийн чанар” аялан намбалаг зөөлөн алхсаар
Үхэр олон сүргээ тухтай хэвтрээс нь босгож
Үйл урладаг хурууныхаа чилээ гарган бүжиглүүлж
Үнээний арвис цагаан сүүгээр хувин мялаахуй
Талбиун салхи сэвэлзсэн
Таанын үнэр халиарсан
Таатай мэдрэмж төрүүлсэн
Тал нутгийн өглөө эхлэвээ
Өдөн цагаан манан тэнгэрийн хаяанд тунарсан
Өнгийн олон шувууд шулганан жиргэн нисэлдсэн
Өргөн уудам талын үүрийн гэгээтэй уралдан
Өөдлөн дэвжих түмний ажлын цараа илтгэж
Өтгөн шаргал цайны уур дэгдэн даргилахад
Өтгөс орноос дээшилж мэлмий гийх мөчид
Талбиун салхи сэвэлзсэн
Таанын үнэр халиарсан
Таатай мэдрэмж төрүүлсэн
Тал нутгийн өглөө эхлэвээ
Гэрэлт алтан нарны шижир туяа цацарсан
Гэрт гадаа хоёрт ажил хөдөлмөр өрнөсөн
Гэгээн тунгалаг өглөө айлчлан ирэх агшнаа
Гэсэр хааны байгуулсан бумбын орон лугаа
Гэгэлгэн бодол хөглөж алсыг харан баясахуй
Гэнэн хонгор үрс дуу хадаан гүйлдээд
Талбиун салхи сэвэлзсэн
Таанын үнэр халиарсан
Таатай мэдрэмж төрүүлсэн
Тал нутгийн өглөө эхлэвээ

2015.10.22. 7.00цаг. Хужиртын дэрс

Шинэчлэн найруулав

Г.Тайван


URL:

Сэтгэгдэл бичих