Суллагдсан хүмүүсээ сул байлгахгүй юмсан

Өршөөлийн хуульд хамарсан 3000 орчим хоригдлын 1700 нь өнгөрсөн баасан гарагийн орой хүртэлх хугацаанд суллагдан гэртээ харьцгаалаа. Үлдсэн 1300 орчим хоригдлын ялаас өршөөн хасах шийдвэр гарсан тул тэдний хоригдох хугацаа нь ч багасчээ.

Нийт суллагдсан байдлаас үзвэл ШШГЕГ-ын харъяа 421 дүгээр хорих ангид нийт 339 хоригдож байгаагийн  270 нь өршөөлд хамрагдсанаас 148-ыг нь суллаж, 122 нь ялаасаа хасуулсан байна.

Амгалан дахь 407 дугаар хорих ангид нийт 350 гаруй ялтан байгаагийн 165 нь өршөөлийн хуульд хамрагдаж, 108 нь суллагдаж, 57 нь ялаасаа хасуулжээ. Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн 197 ялтан хамрагдаж, 126 хүн суллагдаж байгаа бол 51 хүний ял хасагдаж, 20 хүний ял хөнгөрчээ. Хэнтий аймгийн хорихоос гэхэд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь зэрэг зүүн аймгийн харьяа хоригдлуудыг суллан аймаг, аймагт хүргэн өгсөн байна.

Мөн  орон гэргүй  68 хүн байгаа аж. Сайн санаат буянтнууд эднээс хүлээн авахаа мэдэгдлээ. Н.Загдаа гэгч иргэн 10 хүн хүлээн авч өөрийнхөө сайн санааны байгууллагад хүмүүжүүлэн, ажиллуулахаар болсон нь сайхан уриалгын салхийг хагалав.   Өршөөлийн тухай хуультай  холбогдуулан цагдаагийн байгууллагууд бүртгэлдээ байгаа этгээдүүдийн хяналтыг зогсоож, хувийн хэргийг хааж дуусчээ.

Харин одоо суллагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, ажлын байранд зуучлах, тэтгэлэг төсөлд хамруулах шаардлагатай. Энэ ажлыг Хөдөлмөрийн яам, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд гардан хийх юм. Суллагдсан хүмүүсээ сул байлгахгүй юмсан.

Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих