Г.Чимэдцэрэн: Хувь төөргөөр олдсон эх орон минь Монгол

11-9-9a1_700x700

Азийн цээжинд тусгаар тогтнолоо тамгалсан Монгол үндэстэн газар нутгийнхаа төлөө халуун амиа өргөж явсан өвөг дээдсийн үр сад нь билээ, бид. Гэвч хэргэм зэрэг, хэдэн халтар төгрөгийн төлөө тэр их үнээр олдсон газар нутагтаа хүний сэтгэлээр хандах болсон цэвүүн цаг ирснийг дээр доргүй ярьцгаах. Дэлхийд байхгүй уудам тал, цэвэр агаар, энх тунх эх орныхоо үнэ цэнийг бид хэдийд мэдэрдэгсэн бол….

Ингэж хэлэхийн учир бидний монголчуудаас ч илүү эх орныг маань хайрлаж, үнэ цэнэ, гайхамшгийг нь мэдэрч “Монгол” болсон нэгэн хүмүүний тухай өгүүлэхийг зорив.

Түүнийг Гүндийн Чимэдцэрэн гэдэг. Угсаа гарал нь Өвөрмонгол. Монгол Улсад бараг хагас зуун жил аж төрсний эцэст манай улсын иргэншилтэй болжээ. Иргэншилгүй байсан тэр их хугацаа Г.Чимэдцэрэнгийн туулж өнгөрүүлсэн амьдралын тэн хагас байгаад зогсохгүй эдлэх ёстой олон эрхээсээ гарал угсаанаасаа болж “татгалзаж” явжээ. Энэ тухай олж сонсоод Г.Чимэдцэрэн гуайг хаана аж төрдгийг сураглавал Төв аймгийн Лүн суманд гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр хүлгийн жолоо залж тэднийд очлоо. Хэвлэлээс явааг дуулаад ихээхэн цааргалж байна. Уг нь өмнө нь хэл дуулгахад зөвшөөрч байсан манай баатар санаагаа хувиргасан нь хүүхдүүд нь хориглосных ажээ. “Одоо үед интернэтээр зөвшөөрөлгүй цацаад, хэлэх хэлэхгүйгээр доромжилсон сэтгэгдэл бичдэг юм гэнэ лээ. Хүүхдүүд тэгж цааргалаад байгаа” гэсээр угтав. Хэсэг ярилцсаны эцэст тэрээр ярилцлага өгөхийг зөвшөөрөв.

ХЯТАДАД СОЁЛЫН ХУВЬСГАЛ ГАРЧ НУТГААСАА ДАЙЖЖЭЭ

11-9-9a4_700x700

Тэд 1965 онд ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Халиут хошуунаас хаврын нэгэн орой тэмээ хөллөөд нутгаасаа нуугдан гарч чаджээ.

Г.Чимэдцэрэн Лүн сумын уугуул Т.Самдантай гэр бүл болж хоёр охин, нэг хүүтэй болжээ. Т.Самдан гуайнх Лүнгийн төвд, бага хүүгийнхээ дэргэд гэрээр өвөлжиж байна. Багачууд гэрээр нэг шуугилдаад Г.Чимэдцэрэн гуай “Манайх чинь хэдэн хүүхэдтэй билээ” гэж хошигноно. Тэдний хүү, охиных нь хүүхдүүд зээ, зээнцэрүүд гээд 10 хол давж өнөр өтгөн болсон талаар эхэлж хүүрнэв. Уг нь өөрөө мал дээр олон жил болсон ч бага хүү нь сургууль, соёлын мөр хөөхөөр болж хоёр хөгшин Лүнгийн төвд суурьшжээ. Харин том охин нь хөдөө малчин гэнэ.

11-9-9a9_700x700

Нутгийн уугуул Т.Самдантай гэр бүл болж хоёр охин, нэг хүү төрүүлж өнөр өтгөн гэр бүл болжээ.

Г.Чимэдцэрэн гуай тэртээ 50 жилийн өмнө 11 настай охин аав, хойд ээжээ даган Монголд ирж байжээ. Тэр үед Хятадад соёлын хувьсгал эхэлсэн үе байж. Тэднийх ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Халиут хошуунд малчин байжээ. Баяннуур аймаг Монголын Өмнөговь аймагтай хиллэдэг учраас охины аав Ар Монгол руу хэдэнтээ хил давж үзсэн нэгэн байж. Тиймдээ ч Ар Монгол эмэгтэйтэй гэр бүл болж, нийтлэлийн баатар маань мэндэлсан гэнэ. Г.Чимэдцэрэн гуай энэ тухай “Төрсөн ээж маань Булган аймгийн Могод сумын хүн байсан. Эх орны дайны үед ээжийн гэр бүл урагшаа гарч аавтай минь нийлсэн юм билээ. Гэвч ээж багад өөд болсон. Дараахан аав маань өөр хүнтэй гэр бүл болж бид гурав Монгол руу ирж байлаа” гэж ярив.

Хятадын соёлын хувьсгал Өвөрмонголын ард түмнийг ихээхэн хэлмэгдүүлсэн тухай түүх бий. Аз болоход хавчлага бага, хэлмэгдлийн эхэн үед Гүндийнх Монгол руу гарчээ. “1965 оны хавар юмдаг. Оройхон шиг гурвуулаа хэрэгцээнийхээ зүйлийг ачаад тэмээ хөллөөд гарсан. Хувьсгал эхлээд хэцүү цаг ирэхийг аав маань мэдээд гарч байсан санагдана. Ар Монголд сайхан амьдрал байгаа, наашаа гарвал амь гарна гэж ярьдаг байсан. Манай хошуу Монголтой хиллэдэг байсан болохоор адилхан л тал газар. Монголын хил дээр ирэхэд мал багширч байсан. Хилийн цэргийнхэн биднийг барьж авсан. Төв рүү мэдэгдсэн байх. Тэндээсээ Өмнөговь аймгийн төв рүү, дараа нь Улаанбаатарт онгоцоор хүргэгдэж билээ. Улаанбаатараас Төв аймгийн Лүн сум руу хуваарилагдсан даа” гэж тэрээр ярилаа. Г.Чимэдцэрэн гуайн Ар Монголд хөл тавьсан түүх энэ.

Ар Монголд байх үед хавчлага, дарамт юу эс үзэхэв. Өнөөгийн ардчилал биш хатуу зарчимч соц нийгмийн үед гэр бүлээрээ элэг бүтэн хүний газарт…. гэсэн бодлоор Г.Чимэдцэрэн гуайгаас асуувал “Энэ сайхан оронд сайхан амьдарсаан, охин минь” гээд ам нээх шинжгүй. Хувь хүний амьдралаар зогсохгүй, хоёр улсын иргэншлийн асуудал болоод тэр байх. Гэхдээ нийтлэлийн маань баатар бараг гурван өгүүлбэр хэлээд Монгол нутгийн сайхныг бахдан ярина. “Дэлхийгээр явж үзсэн биш. Гэхдээ Монгол шиг сайхан орон хаана ч байхгүй. Дайн дажин, байгалийн гамшиг гэж үгүй. Онгон байгалиараа, хүн ард нь айх аюулгүй энэ сайхан оронд сайхан амьдарч байна. Хувь төөргөөр олдсон эх орон бол Монгол юм шүү” гэх.

11-9-9a5_700x700

Г.Чимэдцэрэн аавынхаа хамт нутаг усандаа нэртэй ажилсаг хүмүүс байж. Гэвч иргэншилгүй тэдний хөдөлмөр нөхрийнх нь нэрээр үнэлэгдэж байжээ.

“ААВЫГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГЭЖ ДУУДУУЛЖ ЧАДААГҮЙ ДЭЭ”

11-9-9a3_700x700“Аав маань тэтгэвэр ч авч үзээгүй өөд болсон. Тэр олон жил 2000 хүртэл хонь хариулж явсан. Тэтгэвэр, тэтгэмжтэй Монгол Улсын иргэн болгож чадсангүй дээ гэж харамсдаг. Харин би азтай”

Гүнд гуай, ялангуяа охин Г.Чимэдцэрэнд иргэншил, бичиг баримтын асуудал тулгамдсаар иржээ. 11 настай жаахан охин хэл яриа, соёл заншил, угсаа нэгт Монгол Улсад хавар хөл тавьж байсан бол намар нь сургуульд орсон юмсанж. Тэр үед тэднийх Лүн сумын Цагаан-Уул багт туслах малчин болсон байсан бөгөөд аав Гүнд нь 38 настай байж. Г.Чимэдцэрэн дөрвөн жил сургуульд сураад хөдөө мал дээр гарч саальчин болжээ. Төд удалгүй ээж нь бурхан болсон байна. Аав нь насаараа мал маллаж, нэгдлийн 2000 хонийг хариулж явжээ. Гэвч тэднийх Монгол Улсын дансанд ороогүй л байлаа. Энэ хугацаанд иргэн байх эрхээ эдэлж чадаагүй гэсэн үг. Наад захын эмнэлгийн үйлчилгээ авахаас эхлээд сонгууль өгөх ч эрхгүй 40 гаруй жилийг үджээ. Г.Чимэдцэрэн гуайн ярьснаар жил бүр хэсгийн төлөөлөгч ирж, зураг хөрөг аваад бичиг баримттай болгоно гээд буцдаг байсан гэнэ. Гэвч бичиг баримттай болж чадалгүй явсаар аав Гүнд нь 2000 оны үед бурхан болсон аж. Энэ тухай тэрээр ярихдаа “Аав маань тэтгэвэр ч авч үзээгүй өөд болсон. Тэр олон жил 2000 хонь хүртэл хариулж явсан. Тэтгэвэр, тэтгэмжтэй Монгол Улсын иргэн болгож чадсангүй дээ гэж харамсдаг. Харин би азтай” хэмээн иргэний паспорт авсан тухайгаа ярив.

Нэгдлийн саальчин Г.Чимэдцэрэн өдөрт 100 литр сүү тушааж Монгол Улсад хувь нэмрээ оруулж байж.

11-9-9a2_700x700-Монгол Улсын иргэншилтэй болох тэр мөчид юу бодогдох юм?

-Монгол хүн боллоо доо гэж бодогддог юм билээ. Бас аавынхаа эдэлж чадаагүйг эдэлж, тэтгэвэрт гарах нь гэж бодож байлаа. Тэр жилдээ эх орны хишгийг авч эхэлсэн. Тэгээд тэр жилдээ тэтгэвэрт орсон. Иргэншилгүй байхад эрүүл мэндийн үйлчилгээ ч авах эрхгүй шүү дээ. Яахав, энэ нутаг оронд олон жил амьдарсан болохоор нутгийнхан цаашаа гэхгүй. Азаар бие хаа өвдөх нь бага байлаа. Одоо харин хоёр хөл суух шинжтэй. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг үнэн юм. Мал дээр байхад ер өвддөггүй байсан бол төвд суугаад өвдөж эхэллээ.

-Иргэншлийн асуудалд яагаад ингэж удсан юм бол. Та өмнө нь хөөцөлдөж байсан биз дээ?

-Сайн хөөцөлддөггүй байсан юм болов уу гэж боддог. Залуудаа хөдөө мал дагаад зав чөлөө ч муу. Нааш цааш явж чадахгүй. Хэсгийн төлөөлөгч жил бүр ирээд зураг хөрөг аваад, бичиг цаас болоод явдаг. Паспорттой болгоно л гэдэг. Гэтэл тэр их цуглуулаад байсан бичиг баримт ширээнийх нүдэнд нь хаягдаад замхраад л алга болоод байсан юм билээ. Цаанаа өөр шалтгаантай байсан байх л даа.

-Тэтгэвэрт орох гэж хөглөж явжээ дээ?

-Тэтгэвэрт орох гэтэл 1980-1990 оных нь ажилласан жилийн баримт байдаг. 1970-1980 оных нь байдаггүй. Сумын төвийн архивыг ухлаа олддоггүй. Аймгийн архивт ч тэр.  Тэр үед “Монголын хөдөө” гэж сонины газар байлаа шүү дээ. Тэнд очсон чинь саальчин, малчин байсан үеийн зурагтай мэдээлэл байсан. Сүүлийн 10 жил тасралтгүй мал сайн малласан гэсэн мэдээлэлтэй. Нэг найз маань намайг дагуулаад явж байгаад олж өгсөн юм. Хоёулаа хүмүүсийн нүдийг хариулж байгаад сониноос нь урж аваад явсан. Тэгж л тэтгэвэрт гарч байлаа. Уг нь тэр сонин хадгалаастай байсан юм. Өвгөн мэдэхгүй тамхи ороогоод алга болгосон бололтой.

-Төв аймгаас өөр аймагт очиж үзэв үү?

-Бусад аймаг руу явах бодол байсангүй. Залуудаа бүр мал гэсээр байгаад ч зав олдоогүй.  Харин Улаанбаатарт хүүхдүүдээрээ байнга очно. Одоо бол хөгшинтэйгөө хоёул тэтгэвэрт гараад гэртээ сууж байна. Хүүхдүүдийн хүүхдүүдийг харах ажилтай.

44 ЖИЛИЙН ДАРАА ИРГЭН ГЭЖ ДУУДУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЖЭЭ

Тэрээр Монгол Улсын иргэн болсон үе нь 2009 он. Түүнээс өмнө 44 жил Монгол Улсад амьдрахдаа иргэний эрх эдэлж чадаагүй өнгөрсөн хугацаа. Ижий, аавтайгаа л адил эмчлүүлэх, төрийн хишгийг хүртэх эрхгүй явсаар. Сонгууль болоход голынхон гэр бүлээрээ төвийг зориход ганцаар үлдэх, хүн амын тооллогод нэрээ өгөх, өвдөх эрхгүй үеүд түүнд олон бий ажээ. Гурван хүүхдээ төрүүлэхэд л арга буюу эмнэлгийн үйлчилгээг авсан гэнэ. Г.Чимэдцэрэнд хар багын найз н.Цэрэнчимэд ихээхэн тусалсан гэнэ. “Ардчилсан нам гараад намайг энэ улсын иргэн болгосон. Тийм болохоор энэ намд элэгтэй” гэж байна.

Ингэж л Монголын иргэн Г.Чимэдцэрэн гэж дуудуулах үед тэрээр “Аавынхаа эдэлж чадаагүй эрхийг эдэллээ. Тэтгэвэрт гарч чадах нь” гэсэн бодол ой тойнд нь  хамгийн түрүүнд буужээ. Арга ч үгүй юм. Нутаг усныхан, нэг үеийн саальчин малчид нь улсад хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж суухад тэрээр ганцаар хоцорно гэдэг…

ТӨРСӨН НУТГААС ЯЛГААГҮЙ ЦАГААН-УУЛ

11-9-9a8_700x700

Монгол Улсын иргэншилтэй болсны дараа ӨМӨЗО-ыг зорьж, ахан дүүстэйгээ уулзжээ.

Нутаг ус гэдэг хүний сэтгэлийн үзүүрт байнгын уяатай явдаг болохоор Г.Чимэдцэрэн гуай иргэний үнэмлэхтэй болсныхоо дараа жил ӨМӨЗО-ыг зорьжээ. Цагийн хэцүүд гурвуулхнаа гарахад аав, ээжийнх нь ах дүүс тэнд үлдсэн юмсанж. 50 жилийн дараа төрсөн нутагтаа очиход цаг сайхан болсон ч зорьж очсон зарим нь мөнх бусыг үзүүлсэн байжээ. Нутгаасаа гарахад дүүг нь эмээд нь орхиод гарсан юм байна. Гэвч хоёулаа бурхан болоод зогсохгүй аавынх нь дүү ч хувьсгалын хөлд үрэгджээ. Харин үлдэж хоцорсон ах дүүс нь өнөр өтгөн угтжээ. Өмнөд нутагт суугаа ах дүүс нь Г.Чимэдцэрэн гуайд “Муу ах минь жаргалтай оронд тааваараа амьдарч дээ. Амьд уулзаж чадаагүй ч хүний эрхэнд биш өөрийн эрхээр жаргалтай амьдарчээ” хэмээн сэтгэлийн үгээ уудалцгаасан гэнэ. Гэхдээ ах дүүс нь нэг л хавчигдмал байгааг анзаарчээ. “Өвөрмонголчуудыг төрөлх монгол хэлээрээ ярьдаг гэдэг дээ. Одоо тийм биш болжээ. Тэнд монгол хэлээр яриулдаггүй бололтой. Хоорондоо хятад хэлээр ярьсаар монгол хэл нь мартагдах шинжтэй. Цаанаас нь тэгж шаарддаг юм шиг” хэмээн нийтлэлийн баатар ярилаа. Уг нь төрсөн нутаг усандаа очсон хөгшин маань төд удалгүй Монгол руу яарчээ. Хагас зуун жил амьдраад агаар, усандаа дасчихсан болохоор яарсаар байгаад ирснээ хүүрнэв.

11-9-9a7_700x700

Зорьж очсон аавынх нь дүү “Муу ах минь жаргалтай оронд тааваараа амьдарч дээ. Амьд уулзаж чадаагүй ч хүний эрхэнд биш өөрийн эрхээр жаргалтай амьдарчээ” гэжээ.

Анх л Монгол Улсад ижий, аавтайгаа ирэхэд мал дагуулсан Монгол төрийн бодлогоос огт хазайлгүй, нутгаасаа ч гаралгүй хагас зуун жил Лүнд амьдарсан байна. “Өөр бусад аймгуудаар явах ч зав олдоогүй. Цагаан-Уул нутаг маань төрсөн нутгаас ялгаагүй болсон” гэж тэрээр ярих. Мал, малчин хүний жаргалыг тэр гоёл чимэггүй сайхан ярьж байна. “Нэгдлийн үед сайхан байсаан. Өдөрт хоёр удаа сааль авна. Нэг саальчинд 15-20 үнээ даалгаад өгчихдөг. Нэг удаагийн сааманд 40 лирт сүү авна. Өглөө нар мандахтай зэрэгцэн сүүний машин ирж саальчид бид сүүгээ тушаана. Өдрийн хөдөлмөр 100 орчим литр сүүг маань цүлхийтэл юүлэхийг харахад юутай бахдалтай. Өглөө нар дөнгөж мандаж байхад сүү юүлэх тэр агшныг зурагт мөнхөлбөл мөн гоё гарах байсан даа.

Хамгийн гол нь улсдаа хувь нэмэр оруулж байна гэж бодох сайхан байсан. Саальчин байгаад зогсохгүй олон төл бойжуулж малаа өсгөх нь малчид бидний үүрэг байлаа. Бага сүү авч, малаа муу маллабал Тоншуул сэтгүүлд гарчихна. Сэтгүүлд гарахгүйг бид их хичээнэ ээ, тэр үед. Одоо ч малаа олон мянга болгоод сайхан өсгөж байгаа малчид бий. Гэхдээ энэ улсад биш хувь хүнд ашиг нь очно доо гэж бодохоор нэг л гавихгүй бодол төрнө” гэж байв.

ИНГЭЭД Л МИНИЙ НЭР БАЙДАГГҮЙ ЮМ…

Г.Чимэдцэрэнгийн аав Гүндийнх ажилсгаараа нутагтаа алдартай байжээ. Аав, охин хоёрын ажлын үр шим гарал угсаанаас болж төрд үнэлэгдэхгүй явж ирсэн гэлцэнэ. Тэднийхээ ачаар харин Т.Самдан гуай сум, аймгийн аварга малчин болж байж. Гэвч Г.Чимэдцэрэн энэ бүхэнд гомдол нэхсэнгүй. Дотроо л бодол болж явдаг бололтой. Тээр жил сайн малчин гэсэн Засгийн газрын жуух ирэхэд өөрийнх нь нэрээр биш өвгөнийх нь нэрээр ирсэнийг тэрээр “Ингээд л миний нэр байдаггүй юм гээд л авч байлаа” гэнэ. Харин тэрээр өргөн Монголын талд өөрийнх мэтээр дураар амьдарч ирсэндээ залбирч сууна. Тэрээр энэ оронд өсч төрсөн биднээс ч илүү элэгтэй нэгэн аж. Нутгийнхан ойролцоо алт гарсныг сонсоод амьдралын эрхээр найзтайгаа очоод буцаад ирсэн гэнэ. Зай завсаргүй газар сэндийчсэнийг хараад сэтгэл нь эмтэрчээ. Хэдэн бор төгрөгийн төлөө уулын энгэрийг машин битгий хүн, мал явахад унаад үхчихмээр нүхлээд хаячихсаныг хараад гар хүрч чадалгүй буцсанаа ярьсан юм. Тэрээр бас л энэ тухай ярихдаа Монгол орон, Цагаан-Уулынхаа сайхныг биширч дуу алдана. Ийнхүү бидний яриа өндөрлөв.

Б.Энхзаяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих