Ч.Хүрэлбаатар: Шийдлийн засгийн газар Н.Алтанхуягийн алдааг зассангүй
Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Олонх засгаа унагах тухай яриа сүүлийн үед хүчтэй яригдаж эхэллээ. Учир нь АН-ынхан Х.Баттулгынхаа хүнээр оролдож эхэлсэнтэй холбоотойгоор дотроо бужигнаж эхэлсэн. Хажуугаар нь эвслийнхэн Өршөөлийн хуулийг хүссэнээрээ батлуулж чадаагүйн хажуугаар нэг сайдыг нь баривчилсан нь засгаас гарах шалтгаан болсон учраас “УИХ хугацаанаасаа өмнө тарах хэрэгтэй” гэдэг зүйлийг яриад эхэллээ. Үнэхээр нөхцөл байдал тэгтлээ хурцадчихаад байгаа хэрэг үү?
-Эрх баригчид засаглаж чадахгүй байгааг олон зүйлээс харж болно. Ердөө л өнөөдөр эдийн засаг ямар байгааг харахад л энэ асуултын хариулт тодорхой шүү дээ. Төсөв, мөнгөний бодлого дөрөв дэх жилдээ буруу явж ирсэн, одоо ч буруу явах гэж байна.
Ерөөсөө ирэх оны төсвийг яаж батлах нь тодорхой болчихлоо шүү дээ. Төсвийн тодотголыг баталж байгаа байдлыг харахад ч гэсэн хэдэн нөхөр хувийнхаа эрх ашгийг л хамгаалсан байдал харагдаад байгаа юм. Улс орныхоо эдийн засгийг эрүүл болгох, бодлогын алдаагаа засах хүсэл эрмэлзэл эрх барьж байгаа нөхдийн хэнд ч алга. Тэр агуулгаар нь харвал энэ нөхдийг төр засгаас зайлаад өгөөсэй гэж би хүсч байгаа.
Дээр нь улс төрийнхөө нөхцөл байдлыг аваад үз. Янз бүрийн хэрэг түвэгтэй холбон барьж хорьж байгаа үйл явцыг би энд холимооргүй байна. Учир нь, намууд дотор өөр өөрсдийн зовлон байгаа л байх. Гэхдээ эцсийн дүндээ засагт олон болсон юм бол улс төрийнхөө тогтвортой байдлыг хангаад явах ёстой.
МАН бол сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай биелүүлээд явж байгаа. Эдийн засгийн бодлого дээр алдааг нь хэлээд явж байгаа бол улс төрийн хувьд болохгүй зүйлийг нь засаад явж байна. Та нар анзаарсан бол Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг дээр МАН байр сууриа хатуу хамгаалж чадсан. Гэтэл бусад нам хоорондоо хэрүүл тэмцэлтэй, үнэний төлөө үг хэлсэн хүн рүү дайрч доромжилсон байдалтай л байсан шүү дээ.
Ерөөсөө Өршөөлийн хууль дээр л эдний зөрчил маш тодорхой харагдсан. Цаашлаад эдийн засгийн томоохон төслүүд дээр энэ цөөн хэдэн хүний эрх ашгийг өмнөө тавьчихаад улс орныхоо том эрх ашгийг хойш тавьчихсан л байна шүү дээ.
Ингээд бодохоор улс төр төдийгүй эдийн засгийн байдлыг аваад үзвэл эрх баригчид үнэхээр засаглаж чадахгүй байна. Эцсийн үр дүнд нь өнөөдөр эдийн засаг хүндэрчихсэн, улс төр нь тогтворгүй. Тиймээс ирэх онд энэ хүмүүсийг битгий сонго л гэж хэлмээр байна.
-Шинэчлэлийн буюу Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны нэг жилийн ой өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Гэтэл бүтэн жил өнгөрсний дараа ч дахиад л засгаа огцруулах, огцрох талаар ярьсан хэвээр. Ойн босгон дээр Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагааг та яаж дүгнэх вэ?
-Маш муу. Өмнөх Шинэчлэлийн буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монгол Улсын бүх муу үзүүлэлтийг шинэчлэн тогтоосон шүү дээ. Эдийн засгийн бодлого буруу явах суурийг тавьсан. Бүх буруугийн эхлэлийг тэр Засгийн газрын үед тавьсан.
Тэр нь одоо ч үргэлжлээд явж байх жишээний. Гэтэл өнгөрсөн нэг жилд энэ алдаагаа засах болов уу гэж бодтол тийм хүсэл эрмэлзэл эрх баригчдад алга. Чадвар ч алга байна даа. Яагаад ингэж хэлэв гэхээр гоё бодлого ярьж, цаасан дээр гаргаж тавьчихаад хөдлөхгүй байна.
Уг нь бодлого хэрэгжүүлэхэд Засгийн газар нь бүх шатандаа хоорондоо холбоо уялдаатай, түүнд нь мэргэжлийнхэн оролцож байж үр дүн гардаг болохоос цаасан дээр бичээд орхичихдог юм биш. Түүнийг чинь хэрэгжүүлэх учиртай биз дээ.
-УИХ энэ оны төсвийг гурав дахиа тодотгосон. Гэтэл бас л худлаа төсөв болсон, он гарахаас өмнө дахиад ч тодотгож магадгүй гэх юм?
-Угаасаа сүүлийн буюу гурав дахь тодотгол огт биелэхгүй, боломжгүй. Яагаад гэхээр хоёрхон сарын дотор 324 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулж, төсөвт төвлөрүүлнэ гэж тавьсан. Би лав үүнд итгэхгүй. Дөрвөн жилд цуглуулж чадаагүй атлаа 60-аадхан хоногт энэ мөнгийг татаж төвлөрүүлнэ гэдэгт эргэлзэж байна.
Тэр тусмаа гааль, татвар хоёроо нэгтгэнэ гээд хэлчихсэн. Нөгөө хүмүүс нь ажилтай үлдэх эсэх нь эргэлзээтэй болчихсон энэ үед тэр их хэмжээний орлогыг цуглуулж авна гэж байхгүй. Тэгэхээр бодлогоо эмх цэгцтэй гаргаж, бодож төлөвлөх арга барил эдэнд дутаж байгаагийн илрэл нь энэ.
-Төсвийн орлого дээр он дуустал 200 тэрбумыг төвлөрүүлнэ гээд тусгачихсан. Гэтэл сард 100 тэрбумыг олох боломж байгаа юм уу?
-Би тэдэнд хэлсэн. “Та нар чадахгүй, би та нарыг басч байна” гээд. Хэчнээн ам асуусан ч эд нар хариулдаггүй шд. Наадах чинь ямар ч боломжгүй төсөөлөл.
-Ирэх оны төсвийг ч гэсэн худлаа батлах нь гэж хараад байна уу, та?
-Нэгдүгээрт, Засгийн газраас оруулж ирсэн төсөвт эдийн засаг ирэх онд 4.1 хувиар өснө гэсэн нь боломжгүй зүйл. Олон улсын валютын сантай уулзсан. Тэд манайд 14 хоног ажиллаад манай улсын эдийн засгийг 0.6 хувиар өснө гэж хэлсэн. Тэгэхээр эдийн засгийн өсөлт гэдэг чинь Монгол Улсын ДНБ, тодорхой хэмжээтэй байлаа гэж бодоход ийм байна гэж үзэж байсныг нь гаднын байгууллага үгүйсгээд “Үгүй, ийм байна” гээд гаргаад ирчихэж байгаа юм.
Тэгэхээр үүнтэй холбоотойгоор гурван асуудал үүснэ. Нэгдүгээрт, өрийн хэмжээг ДНБ-д эзлэх хувь хэмжээгээр нь хуульчлаад заачихсан. Гэтэл нэг тоог их тоонд хуваахаар бага тоо гарч таарна даа. Гэтэл нэг тоог түүнээс арай бага тоонд хуваахаар их тоо гарна биз.
Ингээд харахаар өрийн босго өсчихөж байгаа юм. Хуульд заасан хэмжээнээсээ бодитоор хэтэрчихэж байгаа юм. Хоёрдугаарт, орлогоо өндөр тооцоод баахан зардал тавьчихдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ өндөр тавьсан орлого нь орж ирэхгүй болохоор төсвийн алдагдал нь өсчихнө биз дээ. Олсон орлогоос хассан зардлыг тэнцэл гэж байгаа юм. Гэтэл энэ нь буюу олсон орлого нь багасчихаар зардал нь өсөөд байгаа юм.
Тиймээс төсвийн алдагдлыг хуульчлаад өгчихсөн нь хэтрээд явчихаж байгаа хэрэг. Дээр нь төсвийн алдагдлыг дандаа ДНБ-д эзлэх хувиар нь тооцдог болохоор энэ хэмжээ нь бага болчихоор төсвийн алдагдал өсчихөж байгаа юм л даа. Ингээд хоёр дахь том алдаа. Гурав дахь нь саяын хэлдэг орлого орж ирэхгүй. Ийм нөхцөл байдалд эд төсвийг батлах гэж байгаа. Тэгэхээр бодит амьдралаас тасархай буюу амьдрал дээр хэрэгжихгүй төсөв.
-Тэгэхээр зүй нь яаж явах ёстой юм бэ?
-Эдийн засгийн өсөлт, орлогоо зөв болгочих. Ерөөсөө л төсвөө бодитоор баталчих. Нөхцөл байдлаа бодитоор харж байгаад түүндээ таарсан зөв бодлого хэрэгжүүлээд явбал үр дүн гарна. Түүнээс биш сайхан тоо тавьчихаад сайхан мөрөөдөөд байвал буруу бодлого хэрэгжихгүй л байхгүй юу.
Нөхцөл байдлаа бодитоор үнэлэхгүйгээр арга хэмжээ авах гээд байна шүү дээ. Гэтэл хүн хатгаа туссан байхад ходоод чинь өвджээ гээд байж болохгүй биз дээ. Эсвэл хатгаа туссан байхад нь хамрын ханиад хүрсэн байна гэж утаад бүр замыг нь алдуулаад байгаатай л агаар нэг зүйл болоод байна даа.
-Тэгэхээр сонгууль үнэртсэн төсөв гэдэг шүүмжлэлтэй та санал нэг байгаа хэрэг үү?
-Зарим нэг хүн тойрогт нэг объектын төсөв батлуулчихаар л тухайн хүнийг сонгочихдог гэж бодоод байх шиг байгаа юм. Та нар өөрсдийн амьдралаа бодно, үр хүүхэд, ээж ааваа, нөхцөл байдлаа бодно. Ер нь өөдөлж дэвшихээ бодож байж л сонголтоо хийнэ биз дээ.
Тэгэхээр өөрсдийнх нь амьдрал өдрөөс өдөрт муудаад байхад хүн сонгох уу, сонгохгүй шүү дээ. Сонгуулиа бодож байгаа бол энэ алдаа, уналтыг зогсоож авахын төлөө л чармайж ажиллах хэрэгтэй. Гэтэл сонгууль дахиад болохгүй юм шиг, дахиад 10, 20 жил суучихаж байгаа хүмүүс шиг дураараа аашилж болохгүй шүү дээ.
-МАН, МАХН хоёрыг нэгдэх талаар ахмадууд санаачилга гаргаад байна. Та үүнийг хэр хүлээж авч байгаа вэ?
-Миний байр суурь маш тодорхой. Ахмадууд санал гарчихлаа. Тэд маань улс орны байдал хэцүү байна, энэ үед МАН, МАХН хоёр хамтарч ажиллах нь зүйтэй юм гэж санал тавилаа. Үүний дагуу хоёр намын хооронд яриа хэлцлүүд явж таарна. Үүний дараагаар эцсийн шийдвэр гарна гэж бодож байна.
-Ер нь сонгууль дөхөөд ирэхээр хүчний байгууллагууд сэргэдэг, улс төрийн хүрээнээс шил дарсан баривчилгаа зохион байгуулдаг болчихлоо. Энэ ажиллагаа эхэлчихэв үү дээ?
-Энэ асуудлыг та бүхэн тэр барьж хорьж байгаа байгууллагаас нь асуусан нь дээр байх. Бүх зүйл тодорхойгүй байхад би хэн нэгэн хүнийг буруутгаж юм уу өмөөрөхгүй. Яваандаа шүүх хурал нь болно. Барьж хорьж байгаа байгууллага нь мэдээллээ хийнэ биз.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: