Гурван сургуулийн цайны газрын үйл ажиллагааг зогсоов

НМХГ, ХӨСҮТ-тэй хамтран “Хүрээ”, “Олонлог”, Олон улсын “И-Эс-Эм” дунд сургуулиудад гарсан хоолны хордлогын талаар хяналт шалгалт хийж, зөрчлөө арилгах хүртэл нь түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Сургуулиудын цайны газарт хийсэн шалгалтаар хүнс хадгалалтын горим ихээхэн зөрчиж байгаатай холбоотой зөрчлүүд зонхилж байсан аж. Иймд “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ” MNS 6308:2012 стандартын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр дээрх гурван сургуулийн цайны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Шалгалтад гурван сургуулиудын нийт 610 сурагч, есөн багш, долоон ажилтан хамрагдсаны 334 сурагч, гурван багш, хоёр ажилтанд эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Илэрсэн зөрчлүүдийн дийлэнхи нь хоол үйлдвэрлэлийн орчин стандартын шаардлага хангаагүй, хоол үйлдвэрлэлийн технологийн зөрчил, түүхий эдийн баталгаажаагүй байдалтай холбоотой байсан аж.

“Олонлог” сургуулийн цайны газрын хоол үйлдвэрлэлийн технологи, урсгал ажиллагаа эрүүл ахуйн шаардлага хангахгүйн дээр цайны газрын хоёр ажилтан нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй, нян судлалын лабораторигүй эмнэлгээр нян тээгчийн шинжилгээг хуурамчаар гаргуулсан зөрчил илэрчээ. Энэ дагуу НМХГ-аас эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, баталгаажилтийн байдалд шалгалт хийх удирдамж боловсруулан батлуулж, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ, Сонгинохайрхан эрүүл мэндийн төв, Эс-ЭС-Эл-Жи, Батном, Микроб, Гялс лабораториудад шалгалт хийж, хуурамч шинжилгээ бүрдүүлэн, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан нэг байгууллага, зургаан албан тушаалтанд 12,096,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

“Хүрээ” сургуулийн цайны газрын ажлын байр зураг төслийн дагуу баригдаагүй, халуун боловсруулалт, угаалга, бэлтгэл, агуулах, ажилчдын хувцас солих хэсгийг нэг дор зохион байгуулжээ. Олон улсын “И-Эс-Эм” сургуулийн цайны газрын хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хоол амтлагч нь хаяг шошгын зөрчилтэй, зарим нэрийн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн нь баталгаажилтгүй байсан зэрэг зөрчил илэрсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих