Нөөцийн махгүй сонгуулийн жил ба улстөрчдөд өгөх зөвлөгөө

мах

Үе үеийн Засгийн газар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүний дотор махны үнийг барихын тулд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан нь багагүй үр дүнтэй, ард иргэдэд чиглэсэн сайн бодлого байлаа.

2013 онд энэ ажилд зориулан 87 тэрбум, өнгөрсөн жил мөн л 80 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийж, 16-14 мянган тонн мах нөөцөлсөн нь хаврын тарчиг цагт нийлүүлэлт багасах үед мөн ч их нэмэр болсон.

Энэ жилийн хувьд 80 тэрбум төгрөгийг төсөвлөж, хонь, ямаа, үхрийн мах нөөцлөхөөр шийдвэрлэсэн тухай Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа есдүгээр сарын дундуур мэдэгдэж Монголын махны холбоотой гэрээ хэлцэл хийж, зоорь агуулахаа шийдэж байгаа талаараа мэдээлэл өгч байсан.

Гэтэл саяхан Махны холбооны тэргүүн Г.Очирбатын өгсөн ярилцлагаас үзвэл, ХХААЯ тэдэнтэй гэрээ хэлцэл хийх нь байтугай энэ жил нөөцийн мах бэлтгэхгүй болсон тухай мэдээлжээ. Уг нь наадмын өмнөхөн мах бэлтгэн нийлүүлэгч компаниудад 180 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор ярилцаж байна гэсэн нь чухамдаа “цонхны цаанаас чихэр долоолгох” гээч л болсон байна.

Өнөөдрийн байдлаар “ардын засаг гэж юу байлаа, авдаг өгдөг нь хаана байлаа” гэдэг л болжээ. Эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд мах бэлтгэлд зарцуулдаг байсан мөнгийг улс орны хөгжилд нэн шаардлагатай зүйлд зориулах гэж байгаа байх гэж найдаж байна. Гэхдээ нөөцийн мах бэлтгэх нь олон талын ашигтай, үр өгөөжтэй ажил байсан даа хэмээн Махны холбооныхон халаглаж байлаа. Мах бэлтгэлийн ажил нь малчны хотноос малыг худалдаж авахаас эхлэх бөгөөд тэдгээрийг зөөж тээвэрлэх, нядалж янзлах, хүйтэн зоорь саванд хадгалах, жижиглэж савлах, худалдан борлуулах гээд олон шат дамжлагыг дамжихдаа улирлын чанартай боловч хэдэн мянган хүнийг ажлын байртай, цалин орлоготой болгодог нь зөвхөн нэг тал юм. Цаашлаад малчдын ажлыг цалгардуулалгүй худалдан авалт хийснээр олон арван мянган малчин өрх нэг хэсэгтээ л санхүүгийн эх үүсвэртэй болчихдог давуу талтай байлаа. Тэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээл хуульгүй, хэнээс ч гуйхгүй төлөхөөс гадна өрх гэр, өөрсдийн өвлийн бэлтгэлээ хангаж, өвс тэжээл ч базаагаад авдаг байж. Намрын мал бэлтгэлийн найдвартай нэг эх үүсвэр нь тасалдахаар малчид санхүүгийн хувьд бэрхшээлтэй тулгарч таарна. Нөгөө талаар мал, мах бэлтгэдэг компаниуд овойж оцойтол их ашиг олдог мэт өрөөсгөл ойлголт бидний дунд байдаг ч бэлтгэсэн махны кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал л авдаг юм билээ.

Гэвч Засгийн газар хөнгөлөлттэй олгосон зээлийн мөнгөө л буцааж авахыг бодохоос биш маш их хөдөлмөр, хүч зарцуулж мах бэлтгэсний төлөөх урамшууллыг нь олгохгүй “луу унжих” нь жирийн үзэгдэл болсон мэт. Махны холбооны тэргүүний мэдэгдэж байгаагаар 2013-2014 онд нөөцийн мах бэлтгэсэн 3-4 компани 20 тэрбум гаруй төгрөгийн урамшууллаа авч чадаагүй байгаа гэнэ. Энэ нь мах бэлтгэн нийлүүлэгчдийн урмыг хугалж, зүтгэлийг үгүйсгэсэн хэрэг юм. Өнөөдөр зах зээлд махны үнэ эрс унаж, хонь үхрийн махны бөөний үнэ кг нь 2800-3900, жижиглэнгийнх 4500-7000 төгрөг байгаа нь ойрын 10 жилд үзэгдэж харагдаагүй ханш гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх. Гэвч энэ үнэ ханш удаан үргэлжлэхгүй л болов уу. Мах хөлдөхгүй байгаа урин дулаан цагийн аяс, зуд турхан болох магадлалтай мичин жил айсуй гэх олон нийтийн дуулиан, малчдын айдас болгоомжлол, түүнтэй холбоотой түр зуурын өргөн нийлүүлэлт махны үнэ ийнхүү унахад нөлөөлж байгаа хэрэг. Мөн энэ жил нөөцийн мах “ташуур” бэлтгэхгүй гэх мэдээлэл ч өгсөн нь гарцаагүй. Гэлээ ч зах зээлийнхээ жамаар явж байна, махны үнэ хямдарлаа гээд ард иргэдийнхээ хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүн болдог мах бэлтгэлийн ажлыг орхиж боломгүй. Хэдхэн сарын дараа өөрийн сайн, өрөөлийн дэмээр өвлийг давсан малчид баярлан хөөрч суухад хаврын хавсаргатай зэрэгцээд хот суурин газрын бидний “зовлон” эхлэхийг үгүйсгэх газаргүй.

Учир нь, махны нийлүүлэлт эрс багасч ховордохын хэрээр үнэ өсөх нь гарцаагүй. Тэр цагт голж шилэн, гоочилж муулан байж авдаг байсан нөөцийн махыг санах л байх даа, бид. Бас нэг зүйлийг сануулахад, өнөөдөр яригдаж байгаа санхүү, төсөв мөнгөтэй холбоотой бүхэн “сонгуулийн жилийн” гэсэн тодотголтой явж байгаа. Нарийн яривал нөөцийн махыг ч энэ тодотголд хамааруулж, харин ч өмнөх жилүүдийнхээс их махыг нөөцлөх хэрэгтэй гэж эрхэм улстөрчдөд нөхөрсгөөр зөвлөе. Монголчууд махгүй л бол хоолыг хоол биш гэж үздэг махсаг ард түмэн. Тиймээс мах ховордох юмуу үнэ нь өсвөл “боож үхэхээс наагуур юм” болох улс. Хахир хавартай уралдан эхлэх улс төрийн тэмцэл, хийрхэл, жагсаал цуглаан эндээс эхтэй байвал гайхаад байх юм ер үгүй. Өлсгөлөн хүн юу ч хийхээс буцдаггүй гэдэг шиг үнэ хямдтай нөөцийн махаар олон шар өдөр, бор хоногийг өнгөрөөдөг хэдэн арван мянган айл өрх, иргэд бухимдлаа илэрхийлж, юун сонгуультай манатай болж мэдэх л байх. Ямартай ч олон нийтийн ходоод гэдэстэй нь ажиллаж, худал амлалтаар тархийг нь угаачихдаг цаг өнгөрсөн шүү, улстөрчид өө. Тиймээс мах бэлтгэлийн улирал дуусахаас өмнө бага боловч мах нөөцөлж авах нь хаа хаанаа өлзийтэй байх биз ээ.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих