1.8 тэрбумын хохиролтой интернэт луйврын хэргийг шалгаж байна
Манай улсад интернэтийн хэрэглээ өргөжихийн хэрээр сөрөг үр дагавар, гэмт үйлдлүүд ч нэмэгдсээр байна. Үүний нэг нь цахим шуудангийн луйврын гэмт хэрэг. Энэ хэргийн анхны тохиолдол 2012 оны долоодугаар сарын 2-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан. Өөрөөр хэлбэл манайдаа шинэ төрлийн гэмт хэрэг.
Гэвч энэ хэргийн улмаас учирсан хохирол аль хэдийн тэрбумын хэмжээнд очжээ. Энэ оны 10 дугаар сарын байдлаар Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 31 иргэн, аж ахуй нэгж, байгууллагад 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан хэргийг шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Х.Баатархүү хэлсэн.
Цахим шуудангийн луйврын хэрэг хэрхэн үйлдэгддэг вэ
Манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан ирдэг байна. Үүнийг нь манайхан нягтлалгүйгээр төлбөр тооцоогоо хийж, уг гэмт хэргийн хохирогч болдог гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Цахим шуудангийн луйврын гэмт хэрэг нь цахим орчныг ашиглан үйлдэгдэж байгаа учир иргэдтэй их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдох, өв залгамжлахад санхүүгийн туслалцаа үзүүлээч гэх зэргээр харилцаа, холбоо тогтоодог аж. Улмаар итгэл, үнэмшил төрүүлэх зорилгоор тухайн иргэн буюу ирээдүйн цахим шуудангийн луйврын гэмт хэргийн хохирогчтойгоо утсаар хэд хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцдаг. Сүүлийн үед зөвхөн данс бус хуурамч батламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар илгээж, үүний дараа урьдчилгаа төлбөр, татвар зэрэг шалтгаанаар бага бус хэмжээний мөнгийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг болсныг ч цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа.
Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Westren Union, Moneygram, Swift зэрэг олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэл ашигладаг байна. Манай улс руу гаднаас чиглэн үйлдэгдэж байгаа цахим шуудангийн луйврын гэмт хэргийн олонх нь Малайз, Сенегал, Англи, Филиппин зэрэг улсуудаас байж аж. Гэтэл гадаад улстай хууль эрхзүйн орчинд харилцан туслалцаа үзүүлэх гэрээ манай улсад байхгүйгээс шалтгаалан дээрх төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгахад хүндрэл тулгардаг гэнэ.
Анхаар!
Таны и-мэйл хаяг, фэйсбүүк, гар утсанд санамсаргүй байдлаар сугалаанд хожсон, их хэмжээний бэлэн мөнгө хүлээ авахаар болсон, өв залгамжлагч болсон тухай мэдээлэл ирсэн үү. Тийм бол энэ нь интернэт луйврын гэмт хэрэг юм.
Иймд иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад цахим шуудангийн гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Үл таних гадаад иргэдтэй ямар нэгэн байдлаар харилцахгүй бай, банкны мэдээллээ солилцохгүй битгий солилц, хэн нэгний хууран мэхлэх аливаа үйлдэлд бүү авт.
Б.Хүлэг
URL: