Ж.Ассанжийг баривчилбал маш нууц зэрэглэлийн баримт бичгүүдийг нийтэлнэ
WikiLeaks вэб хуудаст АНУ-ын Төрийн Департаменттай холбоотой нууц бичиг баримтууд нийтлэгдсээр байна. Өчигдөр Америкийн аюулгүй байдалд хамгийн ихээр аюул учруулж болзошгүй объектуудын жагсаалтыг тавьжээ. Өнгөрсөн 2009 оны хоёрдугаар сард АНУ-ын эрх баригчид “гадаадад ажиллаж буй ЭСЯ-ууддаа хандан америкчуудын эрүүл мэнд, улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хилийн чинад дахь объектуудын жагсаалтыг гаргаж өгөхийг хүсчээ. Үүнд хий, газрын тос дамжуулах хоолой, томоохон авто замуудын уулзвар, үйлдвэрүүд багтсан байна. Их Британи болон ОХУ-ын нэлээд хэдэн газраас гадна Конго дахь кобальтийн үйлдвэр, Австрали дахь могойн хорыг дарагч бодисын үйлдвэр, Дани дахь эмийн үйлдвэр, сансрын хиймэл дагуулын холбооны систем байрладаг газрууд багтжээ. Их Британийн “WikiLeaks” компанийн зэвсгийн үйлдвэр, Эдинбург дэх усан доогуур шумбагч атомын усан онгоцонд засвар үйлчилгээ хийдэг үйлдвэр орсон бол зүүн Европт хий нийлүүлдэг Оросын “Газпром” компанийн дамжуулагч хоолойнууд маш чухалд тооцогджээ. Мөн цусны найрлагатай эм, бэлдмэлийг улс орнуудад нийлүүлдэг үйлдвэрүүд Америкийн эрх баригчдын анхаарлын төвд орсон байна.
WIKILEAKS тусламж хүслээ
WikiLeaks-ийг эрхлэн гаргагчид дэлхий нийтэд хандан техникийн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Нууц бичигбаримтуудыг нийтэлж эхэлснээс хойш тус вэб сайт нь дайралтад өртсөөр байгаа гэнэ. Тиймээс интернэтийн Тwitter-т мэдэгдлээ байрлуулсан бөгөөд түүндээ “Бид маш хүчтэй дайралтад өртсөөр байна. Тиймээс интернэтийн сүлжээнд байхын тулд та бүхний тусламж дэмжлэг бидэнд хэрэгтэй байна” гэжээ. Харин Их Британийн хэвлэлд WikiLeaks-ийг үндэслэн байгуулагч Жулиан Ассанжийг ойрын 48 цагт баривчлах гэж байгаа тухай бичжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Жулиан Ассанж Лондон хотын ойролцоо амьдарч байгаа гэнэ. Швейцарийн банкууд түүний дансуудыг шалгахаар болжээ. Өөрийгөө Австралийн иргэн гэсэн тэрбээр Женевт амьдардаг хэмээн бүртгүүлсэн байна. Интерполоор эрэн сурвалжилж байгааг эсэргүүцсэн Жулиан Ассанж өөрийг нь баривчилж, WikiLeaks-ийг хаасан тохиолдолд АНУ болон бусад орнуудын үндэсний ашиг сонирхолтой холбоотой маш нууц зэрэглэлийн баримтуудыг олны хүртээл болгохоо мэдэгдэв. “Sunday Times” сонинд бичсэнээр Жулиан Ассанжид Америкийн цэргүүд Афганистаныг агаараас бөмбөгдөхөд хэдэн зуун гэм зэмгүй хүмүүс хохирсон тухай дүрс бичлэг, “Bank of America”, газрын тосны “British PetroLeum” компани, Гуантамо шоронтой холбоотой ноцтой баримт бичгүүд байгаа гэнэ.
Өчигдөр WikiLeaks-т Америкийн нэгэн дипломатчийн захидал тавигджээ. Түүнд Интернэтийн Google-ийн хятад хэл дээрх хувилбарт халдсан нь цэвэр улс төрийн шинжтэй явуулга хэмээн бичжээ. БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны нэгэн гишүүн Google-д нэрээ бичиж хайлт хийхэд өөрийнх нь үйл ажиллагааг шүүмжилсэн нэлээд зүйлүүд байсан гэнэ. Түүнээс хойш тус вэб сайтын үйл ажиллагаанд нь доголдол гарч эхэлсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд Google хакеруудын халдлагад өртсөн. Америкийн дипломатчийн бичсэнээр энэ нь Хятадын эрх баригчдын зохион байгуулалттайгаар хийсэн ажил гэнэ. Найдвартай эх сурвалжаас авсан мэдээллээр энэ дайралтыг БНХАУ-ын Улс төрийн товчооны байнгын хорооноос зохион байгуулжээ.
Гадаадад ажиллаж буй дипломатуудаа татна
WikiLeaks-т Төрийн Департаментын нууц бичиг баримтууд нийтлэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын засаг захиргаа гадаад дахь Элчин сайдын яамдын ажилтнуудаа эргүүлэн татахаар болжээ. Энэ нь хамгийн түрүүнд нууц бичиг баримтуудад нэр нь гарсан, тэр дундаа улс орнуудын удирдагчид болон тэдний явуулж байгаа бодлогын талаар таагүй зүйл бичсэн ажилтнуудад хамаарах юм. Түүнээс гадна эдгээр хүмүүсийн амь насанд аюул учирч болзошгүй хэмээн үзсэний үндсэн дээрх арга хэмжээг авахаар болжээ.
Ю.ДЭЛГЭР
URL: