Румыны ерөнхий сайд гал түймрээс болж огцорчээ

Victor-Ponta

Румыны Ерөнхий сайд Виктор Понта огцрох болсноо өчигдөр мэдэгдсэн ч нийслэл Бухарест хотноо 30000 гаруй хүн жагсч, тус улсад ээлжит бус сонгууль явуулж, улс төрийн шинэчлэл хийхийг шаардсан байна.

Нийслэл Бухарест хотноо өнгөрсөн баасан гаригт шөнийн клубт түймэр дэгдэж, 32 хүн амь насаа алдсаны дараа олныг хамарсан жагсаал болж, Засгийн газрын тэргүүнийг хариуцлагаа хүлээж, огцрохыг шаардсан билээ. Төрийн албан хаагчид авлигад автсанаас иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой хяналт суларсан хэмээн олон нийт дүгнэсэн аж.

Виктор Понтаг авлигын хэргээр шалгаж эхэлсэн ба тэрбээр Засгийн газар огцорсноор гудамж, талбайд тэмцэж буй иргэд тайвширна хэмээн үзжээ. Мөн Бухарест хотын дарга, тус улсын Дотоод хэргийн сайд нар огцорсон байна. Жагсагчид хоёр шөнө дараалан Их сургуулийн талбайд цугларч, эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулсан аж.

Тэмцэгчид тэндээсээ парламентын байр руу жагсч, “Санаа зовч байгаа бол гэрээсээ гар”, “Битгий эмээ, улс орон босч байна” хэмээн уухайлж байжээ. Румынд өнгөрсөн зургадугаар сард авлигатай холбоотой дуулиан дэгдэж, иргэд улс төрийн хүрээнд өөрчлөлт хийхийг шаардаж эхэлснээс Ерөнхийлөгч Клаус Иоханнис Ерөнхий сайдыг огцрохыг хэд хэдэн удаа ятгажээ.

Төрийн тэргүүн мягмар гаригт жагсаалд оролцогчдыг магтаж, гал түймэр дэгдсэн нь ард түмний сэтгэл санааг түгшээсэн гэдгийг өгүүлсэн байна. Ерөнхий сайд Виктор Понта нь алба хаших хугацаандаа авлигын хэргээр шүүхэд дуудагдсан тус улсын анхны Засгийн газрын тэргүүн ба гэм буруугүй гэдгээ мэдэгддэг.

Ерөнхийлөгч Клаус Иоханнис өчигдрөөс улс төрийн намын төлөөлөгчидтэй уулзаж, шинэ Ерөнхий сайдыг сонгож, Засгийн газар бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ. Виктор Понта тэргүүтэй Социалист ардчилсан намынхан 2016 оны арванхоёрдугаар сард болох парламентын ээлжит сонгууль хүртэл эрх баригч эвслээс гарахгүй гэсэн таамгийг ажиглагчид дэвшүүлсэн байна. Мөн уг эвсэлд орсон Үндэсний дэвшлийн төлөө холбооны удирдлага энэ байдлыг хадгалахын төлөө гэдгээ илэрхийлсэн аж.

Түймэр гарсан шөнийн клубийн эздийг иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй гэх олон үндэслэлээр буруутган баривчилжээ. Тухайлбал, танхимд хэтэрхий олон хүн оруулсан, ослын гарц хангалтгүй, ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөлгүй байсан хэмээн буруутгасан байна. Шөнийн клубт өнгөрсөн долоо хоногт галын үзүүлбэрийн үеэр гал гарснаар 32 хүн амь насаа алдаж, 180 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.

Д.Мөнхболд

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих