“Хөдөө”-ний араншин ба хотын соёл
Би жинхэнэ монгол
Билэг танхай хөдөөний хүн
/дууны үгнээс/
…Хөдөө нутаг сайхан. Нүүдэлчин амьдралын хэмнэл дор, ээлжлэн ээлжлэх дөрвөн улирлын элдэв араншинг аялдан дагаж, унасан нутаг, угаасан усаа эзний сэтгэлээр хайрлан хамгаалж, энэ л амьдралын нугачаан дор бие биенээ түшиж амьдрах хөдөөнийхөн мундаг. Тэд л цагийн хатууд хацар нүүрээ хөлдөөн байж үржил шимт мал сургээ өсгөн, орон нутагтаа ” эзэн” шиг эзэн байж, урин дэлгэр цагт таван хошуу малынхаа сүүн буянг түмэн олонтойгоо хуваалцаж, уламжилж ирсэн монгол зан заншлаа бүхнээс илүү дээдэлж ирсэн хүмүүс.
Намар цагийн түм түжигнэж, бум бужигнах цагаар хонины мах, цагаан идээгээ шуудайд хийн үүрч, газар мэдэхгүй будилаандаа бусдын инээдийг хүргэж, урсах хөлсөө нударгаараа арчин, цагаан сэтгэлээр сүлсэн хөдөөх зангаараа олны анхаарлыг татан байж, таньдаг айлдаа эрүүл салхи ханхлуулан хан зорин очдог сон тэд. Хэд хоногийн хүндлэлд нь сэтгэл ханан, хотын агаарын бүгчимийг, гудамж талбайн дуу чимээ ихтэйг гайхаж, зах хэсэн хот айлын хэддээ захисан бүхнийг нь цуглуулан авч гэртээ буцаж харина.
Тэдний сэтгэлд эх нутаг нь хэдэн малтайгаа хамтад уяатай байдаг болохоор, эрх чөлөөт зоргоороо амьдрал нь түүнд таалагддаг болохоор, хэн нэгнээс хамааралгүйгээр өөрөө бүхнийг шийдэж чаддаг болохоор, хамтдаа тоглож уралдаж өссөн багын хэдэн найзуудаа санадаг болохоор, эцэг эхээс өвлөж үлдсэн монгол зан заншлаа эрхэмлэдэг болохоор хөдөөдөө дуртай. Эмнэг хангалыг сургаж номхруулдагтаа, ээж аавын буяныг арвижуулж явдагтаа, уламжлалыг өргөж заншлыг сахиж чаддагтаа, уул ус, байгаль дэлхийгээ аргадаж, бас хэвээр нь байлгаж
чаддагтаа тэд омог бардам байдаг юм.
Яг л хөвчийн хөх чоно шиг эр чадал, ухаан самбаа, овсгоо чадлаараа амьдардаг болохоор тэд мундаг бас хийморьлог хүмүүс.
ХОТЫНХОН ба ХӨДӨӨНИЙХӨН
…Нэгэн үед хотынхон хотдоо байж хөдөөнийхөн хөдөөдөө байж бие биенээ нөхөн сүлж амьдарч байсан нь нүүдэлчин уламжлалт Монголчуудын хамгийн зөв сайн зохицолдоон байж.
Зуны дэлгэр цагт хөдөөгөө зорин, зочлон очсон хотынхон 3 усаар авсан нэрмэл, шар тос хөвсөн айрганд халамцуухан сууж, таана амтагдсан хонины тарган мах огтолж, өрөм загсаасан будаатай сүүг амталж байхдаа үгээр хэлэхийн аргагүй “жаргал”-ыг мэдэрнэ. “Ажаа”, ” Даадай”, “Баавай” гэхчилэн хүндэтгэн “авгайлж” “намар та нар манайхаар заавал очно шүү, та хэдийгээ юм үзүүлж нүд тайлуулан жаргаах” -аа амалж сүжирнэ.
Үүдийг нь дэлгэж, хаяаг нь шуусан гэрийн хойморт тухлан сууж, тэртээх алсад сүүмэлзэх байгалын үзэсгэлэнг гайхан биширч, уяан дээр үүрсэх морьдын янцгаалт, хотонд дуурсах малын чимээнд уяран, гадаа хөөцөлдөн тоглох хүүхдүүд өөрийнх нь авчирч өгсөн бэлгээр ” гангарч’, ” гайхуулахыг” харах бүрдээ л өөрөө энэ нутгийн “эзэн” мэт хэрдээ маадгар.
Буцахад нь бэлдэж өгсөн мах цагаан идээг хараад ” үгүй яахнав дээ?, яасан ч их юм бэ дээ” хэмээн цааргалавч, чадах чинээгээрээ хотдоо авч очин найз нөхдөө дайлан тухлахдаа бас ч баяртай.
“Манай хөдөөнийхөн ч бас сайхан хүмүүс шүү, эдний энэ л араншингаар л монголчууд биднийг зочломтгой гэж нэрлээд байгаа юм шүү дээ” хэмээн бахархан магтахаа мартахгүй.
…Сүүлийн хэдэн жил дараалан болсон их ган зудаас болж малаа барсан хөдөөнийхөн хот руу их нүүдэллэн ирцгээх болжээ. Хэдийгээр “байгалын гамшиг” гэж бид өөрсдөө тайлбарлаж байгаа хэдий ч энэ нүүдэлд:
-Өдийг хүртэл хөдөөг хөгжүүлэх ямар ч бодлого, анхаарал халамж үгүй төрийн мунхаглалаас
-Өдийг хүртэл энэ өргөн уудам нутгийн дэд бүтэц болон эрчим хүчний хангалтыг зөв зохистойгоор шийдэж чадаагүйгээс
-Уул уурхайн их солиоролд мансуурч, бэлчээр нутгийг их хэмжээгээр сүйтгэн газар нутгийг гадныханд ашиглуулах болсноос
-”Алт” хөтөлбрөөс хойш газрын баялагт шунахайран, хамгийн муу технологи болон гар аргаар олборлолт хийж байгаагаас үүдэн гол мөрнүүд ширгэж, байгаль орчин бохирдож байгаагаас
-Харсаар байтал харах нүдэн дээр илт баяжин гайхуулж, хамаг бүхнийг мөнгөөр хэмжин, мөнгөөр арилжиж, мөнгөөр шийдэж байгаа харалган солиорлоос
-Юу юунаас илүү тэд өөрсдийн өсөж, амьдарч байсан газар нутаг дээрээ “хэн ч биш” болж, бусдын дарамт шахалт дор айдас түгшүүртэй амьдрах болсон “Нийгмийн гамшиг” -т нэрвэгдэн нүүцгээж байна.
Мэдээж тэд бас л хүн юм болохоор хотынхонтой адилаар гоёж гангалан бааранд сууж, дисконд орж бүжиглэхийг хүсч байгаа болохоор буруутгах аргагүй юм.
Бас сайн сургуульд суралцан бусдаас дутахгүй боловсрол эзэмшихийг хүсч байгаа. Баян хүнтэй сууж амар сайхнаар жаргахыг ч хүсч байгаа. Ийм боломжийг тэдэнд олгохгүй болохоор тэд нүүцгээж байна.
…Зориг гарган хот руу нүүж ирсэн нь авилгалын золиос болж хот төлөвлөлт үгүй болсноос тааралдсан газраа, тэр ч бүү хэл “талийгаачдын газар”-т хүртэл бууж, нутаглаж байна. Бууж суурьших ч яах вэ? гэхэд гэнэт өөрчлөгдсөн соёлын ялгаанаас болж ихээхэн маргаан дэгдэх болж. Хөдөө амьдралд дассан зарим хэсэг нь суурин амьдралд орж ирээд мөнөөх л хөдөө зангаараа бүх л зүйлд хандаж байгаагаас, хөдөөнийхөнд таагүй хандах хандлага ихэд газар авч байгаа нь мэдрэгдэх аж.
Сүүлийн үед энэ маргаан хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр
нилээд илэрч байна. Мэдээж бүгдээрээ биш л дээ. Гэхдээ дийлэнх олонхид нь “Хөдөө” араншин илэрч энэ нь хотын хөгжил болон соёлд муугаар нөлөөлж байгаа нь үнэн.
ХӨДӨӨ АРАНШИН
…”Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэг үг бий. Суурин иргэншлийн соёлд хөдөөнөөс орж ирсэн цөөхөн хүн амархан суралцдаг. Харин хэт олноороо орж ирэхээр бие биендээ нөлөөлөөд тэгтлээ амархан суралцдаггүй байж болох талтай. Хаашаа л харвал “нутгийнхан” нь байж, сайн таньж мэдэх хүмүүс олноор байвал, тэд хөдөө ямар л байсан тэр л араншингаараа байж бие биенээ “дэмжих” нь зөндөө. Энэ нь тэдэнд өөрсдөд нь төдийгүй нэгэн хотод амьдарч байгаа бусад олон хүмүүст муугаар нөлөөлөөд байгаад л хамаг учир оршиж байгаа юм.
1.Соёлжоогүй араншин
-Хөдөө нутагт боловсон бие засах газар байхгүй л дээ. Тэд гэрийнхээ ойр орчимд ил задгай бие засч байхдаа өтгөн ялгадас нь газрын хөрсөнд “бордоо” болдог, хөнгөн ялгадсыг нь ” сансрын салхи ариулчихдаг” гэдэгт үнэн голоосоо итгэдэг. Тэгээд ч хотжиж байгаагаа харуулах гээд бааранд хэрээ мэдэхгүй их ууж, үүнээсээ болж чинэрсэн давсгаа хаа ч хамаагүй суллаж орхидог, Эрхбиш хот газар байгаа болохоороо “хүний нүдийг хариулахаа” нэг муу юм мэдээд байгаа юм даа.
-Хөдөө газар битгий хэл хотод ч хогийн сав тэгтлээ байхгүй. Хөдөөд бол хаясан хогийг нь салхи хийсгээд оддог бол хотод байшингийн нөмөрт очоод эргэлдэн эргэлдсээр тогтож орхидог. Нээрээ хотод аятайхан хогийн сав гудамжинд тавихаар хэн нэг нь гэртээ аваачаад тавьчихдаг гэсэн. Гэхдээ л ямар ч байсан гудамжиндаа хогийн сав тавьж, түүнийг хэрэглүүлж сургах л хэрэгтэй байгаа юм л даа. Цөмсөн самрынхаа ясыг хогийн сав байхгүй болохоор хаа ч хамаагүй хаяж орхино. Бүх хүн л адилхан ингэж хаяхаар хэн нь ч хэнээсээ ч ичих билээ.
- Хөдөөгийн сумын төв дээр ихэд харагддаг, аль нэгэн хөндлөвч дээр хөлөө савлуулан суугаад өөр хоорондоо “буу халах” зуураа шүлсээ хаа сайгүй хаялж, хааяа нусаа чанга гэгч нийж байгаа залуусыг хотод зөндөө харна. Аргагүй шүү дээ. Шүлс цэрийг “Сансрын салхи ариулдаг” гэж итгэдэгээс гадна тэд нусны алчуур ердөө хэрэглэж сураагүйд хамаг учир байгаа юм. Бетонон болон цардмал зам дээр хаясан шүлс, цэр, газрын хөрсөнд шингэдэггүй болохоор нэг л таагүй ул мөр үлдээнэ. Түүнийг ч хүмүүс тэгтлээ анзаардааггүй юм даа.
-Хөдөөгийн уул талд өссөн болохоор хотын гудамжинд их чанга дуугаар ярилцаж, адуу малдаа чимээ өгч байгаа мэтээр бие биенээ хашгирч дуудна. Хүмүүс цочиж гайхахыг адуу мал тургилах дайны л үзнэ. Хэн нэг нь шүүмжлэн сануулбал “сүртэй юм” гэх маягаар хачирхан харах мөртөө үл тоох аж. Нөгөө талаар чанга дуугаар хашгирч ярилцах нь бусдын анхаарлыг өөр дээрээ татах нэгэн арга байж болох. Бас тэдний эрээ цээргүй хэлэх хараалын үгс хэнийг ч залхаам.
-Хөдөө нутагт үзэж харах юм ховор болохоор тэд ихэд сониуч. Аятайхан бүсгүй хүн харвал гөлрөөд зогсчихно. Хэн нэгэн хүн танимхайран уулзвал дал мөрөн дээр нь падхийтэл алгадахаас эхлээд дотно сэтгэлээ илэрхийлэн сүвээ рүү нь ч хатгаж ч магадгүй. Хэрэв сониуч сэтгэл нь хөдөлбөл өмсөж яваа хувцсын чинь чанарыг шалгах гэж хиртэй хуруугаараа имэрч үзэж ч болох. Бүр сайхан сэтгэл нь хөдөлбөл таны дуртай эсэхийг үл анзааран юуг ч юм бэлэг болгон өгөхийг оролдоно.
2.Хэнэггүй араншин
-Тэдний зүгээс хүмүүсийн дургуйг хамгийн их хүргэдэг зүйл нь бусдын юмыг зөвшөөрөлгүй авч хэрэглэдэг зан. Айлд зочилж очихдоо хэнээс ч асуулгүйгээр үүдэнд байгаа улавчийг огтоос хэнэггүйгээр өмсөж орхино. Цай хүлээх зуураа айлын бүх л эд хогшлыг сониучирхан бүртгэж, таалагдсан зүйлээ шууд л авч үзнэ. Гэрийн эзэгтэйн уруулын будгийг түрхэж үзэх, гэрийн эзний үнэртэй усыг өөртөө цацаж байх нь ердийн л үзэгдэл. Заримдаа өөртөө хэрэгтэй зүйлээ шууд л авч орхихдоо ёс юм шиг “би үүнийг чинь авлаа шүү”хэмээн албархуу мэдэгдэх
жишээтэй.
Тэд
өөрсдийн зүйлээ бусдад харамгүй өгдөг зангаараа бусадтай ингэж л харьцдаг. Үүнийгээ “хээгүй зан” гэж нэрлэхээс гадна энэ чанараараа бахархан өхөөрдүүлэх дуртай.
-Хөдөөнийхөн их ч найр наадамч зантай. Одоо ч энэ араншин хот хөдөө гэлтгүй адил болж дээ.
Найрлахдаа дуулж хуурдахаас эхлээд зочдоо ” нохой гурав харагдтал” уулгах, хуримын найранд худын талаа “дөрвөн хөллүүлж” гаргах зэрэг үйлдлүүдээ асар хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг хэмээн тооцно. Тэд хэн нэгнийг архиар шахахдаа үнэн гаргуун. За тэгээд дуулж хуурдахтай бол зүйрлэх зүйл бага даа. Яг энэхүү найрсаг зан болон заншил дээр зохиолын олон дуучид “од” болон гялалзах авай. Харин ямар нэгэн найран дээр хэн нэгэн ихээр согтож, агсам тавин бужигнуулах нь бол байдаг л үзэгдэл. Үүний төлөө хуулийн газарт хандвал жаахан
“жудаггүй” д тооцогдож магадгүй. Одоо согтуу хүнийг нойтон эсгийд боох нь хүний эрхэнд халдаж байгаа хэрэг болохоор энэ асуудал жаахан төвөгтэй.
-Хөдөөнийхэн хааяадаа найз нэгнээ гэртээ урин данх цай дундаа тавин хол ойрын хов жив ярих зуршилтай. Энэ нь нилээдгүй эрт үеийн уламжлал юм уу даа. Дондог эхнэрээсээ салсан тухай, Дулмаа дахиад төрөх гэж байгаа тухай, Нөгөө хэний хүү том албанд очсон тухай, хэний эхнэрийн сая оёж өмссөн шинэ дээлийн тухай гээд их өргөн хүрээтэй асуудлууд ар араасаа хөврөх. Мэдээлэл ихэд хөгжсөн энэ цаг үед уншихаас илүү, ам дамжсан хов яриа ихэд амттай хэвээрээ байгаа. “Тэр тэгсэн гэнээ ” гэх хачиртай яриа үндсэн дүгнэлттэй, зөвлөмжтэйгээр
өндөрлөх мөчид духны хөлс чийхарч байх нь үүний амтыг мэдрүүлнэ. Гэхдээ л амнаас ам дамжсан ийм төрлийн ярианууд бусдыг өөр хооронд нь муудалцуулах, хэн нэгнийг эвгүй байдалд оруулах тохиолдол зөндөө.
ХОТЫН СОЁЛ
…Нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжинэ гэдэг л хот болон хөдөөгийн хүмүүсийн ялгаанд нөлөөлнө гэсэн үг. “Усыг нь уухдаа ёсыг нь дагана’ гэдэг үг л энэ ухагдахууны илэрхийлэл. Хотод олон хүмүүс ажиллаж амьдардаг учраас нэг хүний эрх ашиг болон сонирхол нь нийт олны эрх ашигт захирагдах учиртай. Та өөрийн гэртээ юу дуртайгаа хийж болох боловч, гудамжинд гараад үүнийгээ үргэжлүүлэн хийх эрхгүй л гэсэн үг. Яагаад гэвэл тэнд тантай адил, танаас огт өөр маш олон хүмүүс байж байгаа. Хүн болгон юу дуртайгаа
хийхгүйгээр бүгдээрээ нэгэн зарчимд захирагддагт хотын соёлын учир нь байгаа юм.
…Хүмүүс бүгдээрээ хогоо хаа ч хамаагүй хаялгүй хогийн саванд хийж, нам дуугаар ярилцаж, бие биенээ хүндэтгэн соёлтой харилцаж, хаа газар урдуур нь дайраад байлгүй дарааллаар үйлчлүүлж, гудамжинд шүлс цэрээ хаялгүй алчууранд шингээж, өөртөө зам тавьж тусалсан нэгэнд талархлаа илэрхийлж, хүнээс юм гуйхдаа заавал зөвшөөрөл авч, олон нийтийн газарт биеэ сайнаар авч явах зэрэг нь бүгд л хотын соёлд хамаатай. Тэр хүн чамд таалагдахгүй байсан ч инээмсэглэж байх нь, согтуу нэгэнтэй хэрэлдэж зодолдоод байлгүй цагдаа дуудаж
асуудлыг нь шийдүүлж байх нь, үйлчилгээний бүдүүлэг, заваан байдлын төлөө шаардлага тавьж байх нь, өрөөл бусдын хийсэн сайн зүйлийг дэмжиж урам өгч байх нь, өөр хоорондоо бид ямагт бие биенээ хүндэлж байх нь хотын соёлд төдийгүй Монголчууд бидний эв нэгдэлд хэрэгтэй.
…Ийм болохын тулд гадаадаас “мэргэжилтэн урилгүйгээр” бид өөрсдөө хичээж хийх олон зүйл байнаа:
-Хотын соёлд суралцахын тулд хүн болгон л өөрсдөө хичээх учиртай. Ядаж л нус цэр болон хог хаягдлаа гудамжинд хаа хамаагүй цацаад байхгүй байх нь зөвхөн танаас л өөрөөс тань шалтгаална. Бусдад инээмсэглэж, уурлаж хараахгүйгээр зам тавьж өгөх нь тийм ч хэцүү биш. Хоорондоо хэрэлдэж, зам таглан хэдэн цаг болсноос хэдэн минут хүлээж нэгийг өнгөрөөх нь үүнээс ч илүү цагийг хэмнэх төдийгүй, бухимдаж цухалдахгүй сайн талтай. Хэн нэгнийг хүндэтгэснээс болж та “доошоо орно” гэж үгүй. Чулууг чулуу хагалж, голын ус мөлийлөгдөгтэй
нэгэн адил найрсаг эелдэг харилцаа нэг л мэдэх дор бусдын хариу хүндэтгэлийг авч ирэх болно.
-Ямар ч хот болон суурин өөрсдийн оршин суугчдын мөрдөх дүрэм журам болон хэм хэмжээтэй байдаг. Газрыг байршлаар нь үнэ хүргэн худалдаж байхын оронд, 8 нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг авилгал авч хэн нэгэнд хууль бусаар өгч байхын оронд, баар цэнгээний газраа олноор байгуулан залуу үеийг самууруулж байхын оронд, барилгын зөвшөөрлийг чанаргүй нэгэнд олгож, олон нийтийг хохироон бухимдуулж байхын оронд хотын соёлоо сурталчилж, хэм хэмжээ дүрэм журмаа олон нийтэд сурталчлан таниулж байх нь Хотын Захиргааныхны үүрэг
юм шүү дээ.
-Хотын соёл болон хэм хэмжээг санаатайгаар зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагаа чангатгах хэрэгтэй байна. Хог хаягдлыг гудамжинд хаясан хэн нэгнийг, нус цэрээ тургисан хэн нэгнийг, согтуурч солиорон олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан нэгнийг, мөрөөрөө яваа хүнийг айлган сүрдүүлж дарамталсан нэгнийг, дүрэм зөрчиж гэрээгээ биелүүлээгүй үйлчилгээний газруудыг маш өндөр торгуулиар шийтгэж байх хэрэгтэй байна. Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад ийм асуудлыг эдийн засгийн аргаар, торгууль шийтгэлээр шийдэж чаддаг. Гэхдээ
торгууль гэдэг нь төсөвт оруулах мөнгө биш, тухайн хүнд сайтар ухааруулах арга гэдгийг мартаж боломгүй.
-Нэгэн хотод хамтдаа амьдарч байгаа хүмүүс бие биедээ шаардлага тавьж сурах хэрэгтэй байна. Ядаж л газар хаясан хог хаягдлаа авахыг шаардахаас эхлээд биеэ муугаар авч яваа нэгний тухай холбогдох газарт нь мэдээлж арга хэмжээ авахыг шаардах, үйлчилгээ болон бүдүүлэг, заваан байдлын төлөө шаардлага тавьж байх нь өөрийнхөө төлөө төдийгүй өрөөл бусдын сайн сайхны төлөө санаа тавьж байгаа сайн үйл. Нэгэн хотод хамтдаа амьдарч байгаа хүмүүсийн бүх л зүйлс бие биедээ хамааралтай байдаг. Айж ичихгүйгээр муу бүхнийг засч байх нь
хотын соёлыг хамтдаа хэрэгжүүлэх нэгэн боломж. адил таатай орчинд амьдрахын нэгэн баталгаа болно. Бусдаас айж төвөгшөөгөөд дуугуй өнгөрөөгөөд байх нь бухимдаж, тухгүй амьдрахын нэгэн шалтаг нь болно.
ТӨГСГӨЛ
…Хөдөө нутаг сайхан. Нүүдэлчин уламжлалтай монголчууд бидний амьдралын нэгэн сайхан хэв маяг хөдөөд байдаг. Гадаадынхан ч бидний нүүдэлчдийн соёл, ёс зан заншлыг илүүтэй сонирхдог. Бас мал маллах уламжлалт аргаараа бид бусдаас ихээхэн ялгаатай. Хөдөөнийхний найрсаг зочломтгой, тусархуу, итгэмтгий занд бид дуртай байсан.
Гэхдээ одоо олон зүйл өөрчлөгдөж байна. Юу юунаас илүү хөдөөнийхнийг хот руу дүрвэхэд хүргэж байгаа олон шалтгааны ихэнх нь ган зуд биш, монголчууд бид өөрсдөө юм шүү дээ. Газар нутгаа баялагтай хэмээн гайхуулж, гадныханд үнэ хүргэн худалдаж байхдаа газрын хөрсөн дээрх ямар их баялгаа үнэгүйдүүлж бас устгаж байгаагаа анзаарахгүй. Тэд яг үнэндээ өөрсдийг нь шахаж байгаа шунал, сүйтгэлээс л дайжиж байгаа юм.
Хотод ирээд тэд, хөдөөний зангаасаа ангижирахгүй байгаа нь монголчууд бидний сэтгэлгээний их хоцрогдлоос улбаатай. Бид урьдын адил бие биенээ хайрлан дэмжиж, талархан урамшуулахаа больжээ. Бид бие биендээ чин сэтгэлээсээ хайрлан дэмжиж тусалж чадахаа больж байна. Хөдөөнийхэн нэгэн цагт үнэлдэггүй байсан мах, сүү цагаан идээгээ үнэ хүргэн зарах тусам, хотынхон тэдэнд туслахыг ч хүсэхээ больж байна.
Мөнгөнд аргамжигдсан энэ л сэтгэл дор монголчууд бид өөрсдийн мөн чанараа гээж байх шиг…Мөнгө ихээр олох тусмаа хүн чанараа тэр хэмжээгээр алдаад байх шиг санагдах.
Нүүдэлчин уламжлалтай монголчууд бидний амьдрал болон хөгжлийн хэмнэл хот болон хөдөө дээр оршдог. Хөдөөнийхэн нь хөдөөдөө байж, хотынхон хотдоо байж бие биенийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэж байвал юутай сайн сан. Үүний тулд хөдөөдөө чиглэсэн холч бодлоготой байж, хотод ирсэн хөдөөнийхнээ дэмжиж, зааж, хэлж тусалж байх сан. Бид бие биегүйгээрээ хэн ч биш билээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com
URL: