Х.Алтанзагас: Сонгуулийн хуулийг өөрчлөх нь нийгмийн захиалга

МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Алтанзагастай ярилцлаа.

Тэрээр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Төрийн албанд УИХТГ, Татварын ерөнхий газар, ТЗҮААЭГ-т мэргэжлээрээ ажиллаж байсан юм.

Та МАН-ын Залуучуудын байгууллагын тэргүүлэгчдийн нэг, улс төрийн амьдралд хөл тавьсан асуудлаас яриагаа эхлэх үү. НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчийн хувьд холбооныхоо ямар асуудлыг хариуцаж ажиллаж байгаа талаар яриач?

            Одоогоос 10 жилийн өмнө анх 2005 онд Сүхбаатар дүүргийн  НАМЗХ ( тухайн үеийн МАСЗХ ) –ны тэргүүлэгчээр сонгогдож энэ байгууллагатай ажил амьдрал маань холбогдсон. Үүний дараа 2011 оноос Нийслэлийн НАМЗХ-ны Хяналтын хорооны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн 6 дугаар сард болсон V их хурлаар байгуулагдсан Бага хурлаас холбооныхоо дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд холбооныхоо анхан шатнаас нь эхлээд бүхий л түвшинд сонгуульт ажил хашиж ирсэн. НАМЗХ бол Монгол Ардын Намын дэргэдэх залуучуудын байгууллага. Үндэсний хэмжээний бүтэцтэй Монгол улсын засаг захиргааны бүх нэгжид үйл ажиллагаагаа явуулж, Монголын залуучуудын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг судалгаанд үндэслэн үнэлэлт дүгнэлт өгөх, намдаа бодлогын түвшинд хүргэх, намынхаа үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий эрч хүчтэй залуусын нэгдэл. Миний бие НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн хувьд гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжил, хүмүүнлэгийн асуудлыг хариуцаж энэ чиглэлийн хороог ахлан ажилладаг. Манай “Гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжил, хүмүүнлэгийн хороо”-ноос “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийгмийн шаардлага нь юу бол?

Эрэгтэйчүүд удирдагч, эмэгтэйчүүд дагагч гэсэн нийгмийн уламжлалт сэтгэлгээ, эмэгтэйчүүд өөрсдийн мэдлэг чадвар, нөөц боломжоо эрэгтэйчүүдээс дутуу үнэлдэг байдал, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтай харьцуулахад нөхөрлөл, танилын хүрээлэл нь бага, гэр бүл төлөвлөлтөөс шалтгаалж эмэгтэйчүүд ажил болон нийгмийн амьдрал дахь өөрийн идэвхээ сулруулах зэрэг байдлаас шалтгаалж нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайлал харьцангуй бага байдаг. Судалгаанаас үзэхэд Монгол Улсын нийт хүн амын 51.7% хөдөлмөрийн насныхан эзэлдэг бөгөөд тэдний 50.4 % буюу тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 64%, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 66%, боловсролын салбарын нийт ажиллагсдын 71.3%, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тодорхой хэлбэл, нийгмийн аль ч салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай байгаа хэдий ч нийгэм, улс төр, эдийн засгийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн манлайлал оролцоо бодит байдал дээр бага байгаа юм. Иймээс залуу эмэгтэйчүүдийн бусдыг манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг өсгөх, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд туслах зайлшгүй шаардлага нь өөрөө “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс л дээ. Тийм ч учир шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын чиг хандлагыг судлаж үзсний үндсэн дээр хөтөлбөрийг бодлогын түвшинд хэрэгжүүлэхийг зорьсон.

Хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж төсөөлж байна?

Мэдээж сайнаар төсөөлж байна. Манай хөтөлбөрт 18-39 насны эмэгтэйчүүд, сайн дурын үндсэн дээр хамрагдана. Хөтөлбөрт оролцсон залуу эмэгтэйчүүдийн манлайллын талаарх ойлголт болон  манлайлах ур чадвар нэмэгдэж, улс төр, нийгэм, бизнесийн салбарын залуу эмэгтэйчүүд хоорондоо танилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах, бие биенээсээ суралцах, туршлага солилцох нөхцөл бүрднэ. Хөтөлбөрт оролцогчид өөртөө итгэлтэй, хүчирхэг, хариуцлагатай, бүтээлч, эмэгтэй болж төлөвшихөд тулгарч буй нийгэм, эдийн засгийн бэрхшээл, тулгамдсан асуудлаа тодорхойлж, нөхцөл байдлыг өөрчлөхөд залуу эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх талаар санал бодлоо нэгтгэж, нийгэмд дуу хоолойгоо хүргэх талаар тодорхой ажлууд хийгдсэн байна гэж харж байгаа.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны одоогийн бодит байдал ямар байна.  

Олон эмэгтэй УИХ-ын гишүүнтэй болсноор эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ихэсчихдэг зүйл гэж боддоггүй, би хувьдаа. Харин улс төрд оролцож, тодорхой үүрэг хүлээж ажиллаж буй эмэгтэйчүүдийн нийгмийн өмнө хүлээж буй үүрэг, тэдний бодлого, явуулж буй үйл ажиллагааны алсын хараанаас их зүйл шалтгаална гэж боддог. МАН-ын дүрэм болон НАМЗХ-ны дүрэмд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Энэ нь манай намын зүгээс эмэгтэйчүүддээ том боломжийг нээж өгсөн гэж боддог. Эмэгтэйчүүдийн зүгээс олгосон квотын хүрээнд албан тушаал хаших, сонгуульд нэр дэвшиж оролцох гэж харж суух бус бид өөрсдөө бодитой, үр дүнтэй, үндэслэл сайтай бодлого үйл ажиллагааг намын түвшинд ч улс төрийн түвшинд ч нэг систем болгож авч ажиллах хэрэгтэй байна. Гол нь эмэгтэйчүүд бид өөрсдөө бие биенээ хүлээн зөвшөөрч, аливаа асуудалд эерэгээр хандах хандлага чиглэлийг өөртөө тогтоож, өөрсдөө манлайллыг харуулах нь чухал юм.

МАН-аас Бид хамтдаа аян, үндэсний форумыг хийж байна. Энэ талаар?

Манай намаас асуудлыг улс орны хэмжээнд өргөн хүрээнд харсан, алсын хараатай олон үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Одоо ч үргэлжилсээр байна. Үүний нэг нь “Бид хамтдаа” аян. “ Бид хамтдаа” аяныг эхлүүлээд зун намрын турш үр дүнтэй ажиллаж байна. Миний хувьд “Залуус бид хамтдаа” 1000 залуусын чуулга уулзалтын хүрээнд Төв, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай аймгууд болон Нийслэлд ажиллан залуучуудтай уулзаж санал бодлыг нь сонсож,  тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг хамтдаа хэрхэн шийдвэрлэх талаар залуучуудтайгаа зөвлөлдөж ажиллаа. Залуучуудын зүгээс тавьж байгаа хэд хэдэн асуудлууд байна, Тухайлбал, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах ажлын байр, залуучуудын орон сууцны асуудал дээр төрөөс бодлогын хэмжээнд анхаарах асуудал, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах, хар машины саналыг гараар тоолох зэрэг асуудлаар санал гаргаж байсан. Залуучуудын зүгээс тавьж буй эдгээр асуудлыг намынхаа 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулах тал дээр НАМЗХ ажиллаж байна. “Бид хамтдаа” аян МАН-аас иргэдтэйгээ асуудлаа хамтдаа тодорхойлж,  шийдэх гарцаа хамтдаа эрэлхийлж, 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангахад чиглэсэн цаг үеээ олсон үр дүнтэй сайн ажил болсон бодож байна. Улс төрийн үзэл баримтлалаараа талцах бус улс эх орноо гэсэн сэтгэлээр асуудлаа хэлэлцвэл өнөөгийн хүнд үеийг давж гарах боломжтой

Сонгуулийн хууль,  хар машины талаар залуучууд санал хэлж байна гэж сая та хэллээ. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага бий юу?

Тийм, сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал нь нийгмийн захиалга юм байна гэдгийг энэ зун дээрх аймгуудад ажиллахдаа залуучуудаас гарч буй саналыг сонсож, судалгааны дүнгээс мэдэрсэн. Иргэд болон залуучуудын зүгээс хар машинаар санал тоолохыг эсэргүүцэж, шүүмжилж ярьж байна. Мэдээж иргэд хардах эрхтэй, мөн нөгөө талаар иргэд өөрсдийн хийсэн сонголтоо баталгаажуулахыг хүсч байна. Мөн сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэх хугацааны талаар саналууд гарч байсан. Манай намаас санаачлан Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн  намуудаас санал авч боловсруулсан сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан 8 өөрчлөлтийн нэг гол  өөрчлөлт бол автомат машинаар тоолсон саналын хуудсыг гараар бататган тоолох асуудал юм. Мөн сонгуулийн тойрог, хэсгийн хороо засаг захиргааны нэгжийн хувьд хаана харъяалагдаж байна хэрэг маргааныг нь тухайн нутаг дэвсгэрийн харъяаллын шүүхээр, шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар шийдвэрлэж байх талаар. Яагаад энэ өөрчлөлийг манай нам хуульд тусгах гэж байгааг иргэд ойлгож байгаа байх. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар гарсан хэрэг маргааныг шүүх шийдвэрлэж буй процесс иргэдийн нүдэн дээр өрнөсөн. Шүүхийн нутаг дэвсгэрийн харъяаллын зарчим алдагдаж Өвөрхангайн хэргийг Улаанбаатар хотод шийдэж байх жишээний. Шүүхээр маргаан шийдвэрлэгдэж дуусах одоогийн хугацаа бол шат шатны шүүх дээр хэрэг 36 сарын хугацаанд шийдвэрлэгдэхээр байгаа. Энэ нь өөрөө “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль-д заасан маргааныг шуурхай, үндэслэлтэй, шударга шийдвэрлэх зарчмаа хэрэгжүүлэхгүй зөрчиж байгаа асуудал. Нөгөө талаар энэ хугацаанд тухайн тойргийн иргэдийн төлөөллийн зарчим алдагдах, иргэдийн сонголтыг баталгаажуулахгүй тэдний Үндсэн хуульд заасан сонгох эрхийг зөрчиж, сонгогчийн саналыг үнэгүйдүүлж байгаа хэрэг юм. Иймээс би хуульч хүний хувьд, сонгуультай холбоотой хэрэг маргаан шийдвэрлэх хугацааг шүүхийн шат шатанд 21 хоног, нийт 2 сарын дотор эцэслэн шийдвэрлэх талаар тусгасан өөрчлөлт болон шүүхийн нутаг дэвсгэрийн харъяаллын зарчмыг маш тодорхой хуульчилж, одоогийн байгаа зохицуулалтыг өөрчлөхийг дэмжиж байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих