Өршөөлийн шоу өр цайралтаар дууслаа
“Авьяаслаг Монголчууд” нэртэй шоу ням гараг бүр хүмүүсийг цэнхэр дэлгэцийнхээ өмнө суухыг уриалдаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Уг шоунд тэнцсэн нэг нь сэтгэлдээ багтаж ядсан бардамналтай гарч ирж байхад зарим нэг нь сэтгэл дундуурхан нүд дүүрэн нулимстай харагдах.
Мэдээж ялагч тодортол бас л багагүй хүлээлгэх нь мэдээж. Шоуны гол амин сүнс нь шүүгчид. Тэд уйлж догдолж, баярлаж, бахархаж өөр өөрийнхөөрөө оролцогчийн алдаа оноог тунгааж “тийм, үгүй” гэсэн хоёрхон үгийн аль нэгийг хэлэх болдог. Магадгүй өнөөгийн нийгмийн хувьд иргэдийг тайтгаруулж, сэтгэлд нь гэрэл гэгээ өгч байгаа цорын ганц нэвтрүүлэг ч энэ байж болох. Улсын бүртгэлээр орон нутагтайгаа нийлээд 120 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулдаг.
Уг телевизүүдийн сүүлийн үед гарч буй гол нэвтрүүлэг гэх юм бол асуудал хөндсөн, болохгүй, бүтэхгүй гэх сэдвээр давамгайлж байгаа нь өнөө цагийн шуургийг бүрэн тодорхойлж байна. Ялангуяа улс төрийн нэвтрүүлгүүдэд төлбөртэй л биш бол дандаа л буруутгасан нэвтрүүлгүүд байгаа. Түүнийг үздэг хүн ч цөөхөн. Харин сүүлийн үед “Авьяаслаг Монголчууд”-аас дутахааргүй олны анхаарал татсан шоу бол Өршөөлийн хууль ба түүний эргэн тойронд өрнөсөн үйл явдлууд. Анх Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гозогнуулсан оймстой хөлөөс энэ шоу эхэлсэн гэж болно.
Тэр цагаас хойш хорих, цагдах, шүүх тоглолтууд маш их явагдсан. Мөн өмнө нь ч ялгаагүй улстөрийн тийм тоглолт өрнөж л байсан. Гэхдээ шоуны гол баатар бол яах аргагүй Н.Энхбаяр. Түүний хоёр хөл агаарт явсан нь гол сэдэв болсон. Түүгээр ч зогсохгүй экс Ерөнхийлөгчийн хөлийн буянаар УИХ-д суудал авсан хүн ч бий. Өнгөрсөн сонгуулиар МАХН-аас УИХ-д суудал авсан хүмүүсийн шүтээн нь мэдээж Н.Энхбаяр. Тиймээс тэд нэг л зорилготой байсан. Энэ нь мэдээж Өршөөлийн хууль. Гэхдээ ард түмний төлөө биш Н.Энхбаярын төлөө байсан гэдэг нь тодорхой шүү дээ. Харин их юмны хаялага гэдэг шиг тэрхүү өршөөлийн хууль нийгэмд үйлчлэх болсон нь шоуны гол сэдэв болж олны анхаарал татсан. Ингээд олон жил, сар ярьж, олон хүний сэтгэлд хүлээлт, горьдлого хүлээлгэж байсан уг шоу сарын дараа гэхэд бүрэн намжих төлөвтэй.
Өнгөрсөн сарын 29-нд эцэслэн батлагдсан энэ хуулийг хэрэгжүүлэх ажил гэмт хэрэгтнүүдийг өршөөлд хамруулах ажил эхэллээ. Өмнөх туршлагаас харахад өршөөлд хамрагдсан иргэдийн асуудал нэг сард багтаж цэгцэрдэг. Яагаад нэг сарын хугацаа болдог вэ гэхээр хүн болгоны хавтаст хэргийг шалгаж, авч хэлэлцдэг. Тиймээс хууль батлагдсан даруйд иргэд суллагдах боломжгүй юм. Олон хүний хавтаст хэргүүд хянагдаж, шийдэгдэх ёстой. Ерөнхийдөө хоригийг хэлэлцэж байх хугацаанд өршөөлд хамрагдсан хүмүүсийг суллах урьдчилсан бэлтгэл ажил өрнөдөг. Өнгөрсөн хугацаанд Монголын төр таван удаа Өршөөлийн хууль гаргаж байсан түүхтэй.
Яг энэ өдрүүдэд олон гэр бүл, ээж, аавуудын дунд хүлээлт үүсэж, хорих ангиуд тэр чигтээ битүү чимээ чагнаж буй. Үүнийг ч буруутгах үндэслэлгүй. Хоригдлууд дунд алдсан, гэм үйлдсэн нэгэн хэсэг байхад хэдхэн төгрөг хулгайлаад арван жилийн ял хүртсэн, гудманд зодуулсан нэгэнд цагдаа дуудаж тусласныхаа төлөө гэмт хэрэгтэн болсон өчнөөн улсууд бий. Эрүүгийн хуулийн заалтуудыг эргэж харах шаардлагатайг ийм шалтгаанаар ял авсан улсууд гэрчилдэг. Өршөөлийн хуулиар хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 хувиасаа дээш алдсан хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс голчлон ял хөнгөлүүлэх, суллагдах хүртэлх эрх эдэлнэ. Түүнчлэн хүнд гэмт хэрэгт анх удаа 3-аас дээш жилийн ял эдэл шийтгүүлсэн хүмүүс эдлээгүй үлдсэн ялынхаа хугацаагаа 50 хувь хөнгөлүүлэх заалт тусгагдсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Улмаар мөрдөн байцаалтын шатанд эрүү үүсгэн шалгагдаж буй хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэргүүд хэрэгсэхгүй болгох заалт Өршөөлийн хууль анхнаасаа тусгагдсан байсан. Ийнхүү гойд анхаарал татахгүй ч энгийн иргэдэд холбоотой тэдний амин сүнс болж хүлээлт үүсгэж байсан зарим зүйлийн зангилаа тайлагдсан. Гэхдээ шоуны энэ хэсэг бол нэг их сонирхоод байх зүйл биш. Харин гол анхаарал татах хэсэг нь АТГ-т шалгагдаж буй 55 хэргийн 45 нь өршөөлд хамрагдана хэмээн тус газраас мэдээлсэн. Эдгээр 45 хэргийн улмаас улсад 12 тэрбум 243 сая төгрөг учирсан байдаг. Г.Дэнзэн нар улаан гэрлээр суллагдана гэдгийг мэдэгдсэн. Мөн АТГ-аас шалгагдсаны үндсэн дээр гэм буруутай нь тогтоогдож, ял авсан нөхдүүд улсад хичнээн тэрбумын хохирол учруулсан байж болох уу? Тэд өршөөлөөр гарч ирээд, улс төрийн намуудын халаас руу хэчнээн төгрөг чихэх, тэр нь хэний мөнгө байж болох уу? зэрэг асуудлууд гарч ирсэн. Өршөөл ингэж улстөрийн намуудын ирэх сонгуулийн зардлаа олох зорилго бүхий мөнгө угаах хэрэгсэл болсон нь эхнээсээ батлагдаж буй.
Ямартай ч одоо ил болсон заалтуудыг үндэслэн харахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхээр хянан хэлэлцэх шатандаа байгаа, хүндэвтэр болон хүнд ангилалд хамаарах эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох заалтаар Я.Батсуурь, Б.Энэбиш, Г.Дэнзэн, Ш.Батхүү, Д.Баярсайхан нарын хэрэг хаагдсан. Уг нь эдгээр улсууд мөрдөн байцаалтын шатанд албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан нь нэгэнт батлагдсаныг үгүйсгэх аргагүй.
Түүнчлэн албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхээс ял сонссон МИАТ ХК-ийн экс удирдлагууд, АМГ-ын дарга асан Д.Батхуяг, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, ИХШХЕГ-ын дарга асан Б.Пүрэвдорж нар ч мөн адил өршөөгдөж, эрх чөлөөтэй болохоор болсон. Харин МАН-аас Д.Дондог, АН-аас Л.Гансүх нар ялаа үүрч үлдэхээр болсон. Гэхдээ Л.Гансүхийн хэрэг хоёр зүйл ангитай байсан нь нэг нь өршөөгдсөн учир ял эдлэх хугацаа нь 50 хувь хасагдаж байгаа юм байна. Харин Д.Дондогийн хувьд хууль тогтоосон ялынхаа хугацааг буюу 11 жилийг бүрэн дуусгах болсон. Ийнхүү өршөөлийн гэх тодотголтой хоёр жил гаруй үргэлжилсэн том шоу олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэж өр цайралтаар дуусгавар болох тал руугаа хандлаа.
В.Нэргүй
URL: