“Оюутолгой”-н далд уурхайн ажлыг ирэх онд эхлэх тов гарчээ
“Оюутолгой” компанийн далд уурхайн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн форумд 600 орчим компани оролцож байна. УДБЭТ-т болж буй тус форумд БНХАУ, Канад, Австрали, АНУ, Чех, БНСУ, ИБУИНВУ-ын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн талаар мэдээлэл өгөх, боломжит ханган нийлүүлэгчдийг олж илрүүлэх, Монголын болон гадаадын компаниуд хамтран ажиллах суурь тавих, Монгол бааз суурь бий болгоход Форумын зорилго чиглэж байна.
“Оюу Толгой”-н далд уурхайн төслийн санхүүжилтийг энэ сарын сүүлчээр бүрдүүлэх төлөвтэй байгаа аж. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалт ирэх оны зургадугаар сараас эхлэх тов байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг 4.7 тэрбум ам.доллар байхаар тусгажээ.
“Оюутолгой” компанийн далд уурхай болон бусад ордуудыг ашиглавал уурхайг 2100 он хүртэл ашиглах боломжтой хэмээн ”Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ, “Далд уурхайн бүтээн байгуулалтыг өрнүүлснээр маш олон төрлийн бизнесийн боломжууд гарна.
Тухайлбал барилга бүтээн байгуулалт, мэргэжлийн боловсон хүчин, бараа материал хангамжийн үйлчилгээг нэрлэж болно. Далд уурхайн бүтээн байгуулалтад Монголын компаниудыг түлхүү оролцуулж хамтран ажиллах сонирхолтой байна” гэв.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: