“Эрдэнэт” үйлдвэр импорт орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ

4c704b823894e663c696fb5ee0a8793f_XL

“Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын Механикийн цех хүдэр бутлах тээрмийн резинэн хуяг үйлдвэрлэж эхэллээ. Сүүлийн үед дэлхийн уул уурхайн компаниуд резинэн хуягтай тээрэм ашиглаж байгаа.

Резинэн хуяг нь гантай харьцуулахад үйлдвэрлэлийн дуу чимээ багасгаж, хөнгөн учраас цахилгаан эрчим хүч хэмнэж, үрэлтэд тэсвэртэй байдаг тул элэгдэл удаан, нунтаглалт сайн байдаг аж. Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн тээрэм нь резинэн хуягтай. Өргөтгөлийн дахин хуягжилтанд зориулан 11-р сарын 11-нд 1830 ширхэг резинэн хуяг нийлүүлэхээр Засвар механикийн заводын Механикийн цех ажиллаж байна.

Монгол улсын хамгийн том машин үйлдвэрлэлийн тус завод анх удаа ийм төрлийн хуяг үйлдвэрлэж байгаа юм. Одоогийн байдлаар цагт 4 ширхэг хуяг үйлдвэрлэж байгаа бол цаашдаа 6-8 ширхэг болгож, хүчин чадлаа  нэмэгдүүлэх аж. Үйлдвэрлэж буй резинэн хуягийг бусад уул уурхайн компаниудад нийлүүлэх гадаад зах зээлийн судалгаа хийгдэж байгаа юм.

 

У.Цэрэнбат


URL:

Сэтгэгдэл бичих