Э.Бат-Үүл өөрт нь хариуцлага тооцогсдыг “шүүж” эхлэв
Нийслэл хотын дарга Э.Бат-Үүл ууртай байна. Тэр өөрийг нь огцруулах, хариуцлага тооцох асуудлыг тавьсан хэд хэдэн даргаа ажлаас нь чөлөөлсөн байгаа юм. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Саранчимэг саяхан хотын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нь түүний ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан болсон гэх. Нөхцөл байдлаас харвал өөрийнх нь эсрэг ажилласан хүнийг зайлуулах ажил хийж байгаа гэж ойлгогдох.
Нийслэлийн МАН-ын бүлэг хотын даргад хариуцлага тооцох асуудлыг өмнө нь тавьж, хэвлэлийн хурал хийж байв. Тэр үед Э.Бат-Үүл өөрийгөө хамгаалж, шүүхэд өгөхөө мэдэгдэж байсан. Түүнчлэн тэр мэдээллийг бэлтгэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч шүүхэд өгсөн сураг дуулдана лээ.
МАН-ын бүлгийнхэн харин ч мөчөөгөө өгөхгүй шүү гэгчээр хариуцлага тооцох бичгийг Ерөнхий сайдад хаяглан явуулав. Тэд гол тавьж буй үндэслэлээ тайлбарлахдаа Э.Бат-Үүлийг хууль зөрчсөн, үүнийгээ ч даамжруулж байна гэж байгаа. Ингэхдээ Нийслэлийн Засаг дарга нь хоёр орлогчтой байх ёстой гэдгийг хуулиар тогтоочихсон байхад өнөөдөр зургаан орлогчтой байна. Эдгээр зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхгүй, цалинг нь хасна, харин цалин нь хасагдсан орлогч дарга нар өөрсдийн олж ирсэн төсөл хөтөлбөрөөс хувиа аваад явна гэсэн нь хууль биелүүлэхгүй байгаагийн илэрхийлэл гэж МАН-ын бүлэг үзэв.
Уг нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хуульд хэдэн орлогч байна гэж заасан тэр хэмжээний орлогчтой байна. Цалингүй ажиллана гэвэл хууль зөрчсөн явдал болно гэж хэлж байжээ. Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүд байгаа учир л Ерөнхий сайдад хотын даргад хариуцлага тооцох асуудлыг тавьж буй аж. Үүнийг НИТХ-ын дарга Д.Баттулгад тавьсны дараагаар хэд хэдэн хүнд хариуцлага тооцсон юм чинь Ерөнхий сайдад тавьсны дараа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл яах бол?
Х.Наран
URL: