Улстөрөөс ороолон суухын учир

Нүдний шилэн дээгүүрээ үе үехэн хэргээр юм шиг гайхширч харах. Бүр үзэн ядах маягаар харна гэвэл илүү зохилтой. Уг нь арав гаруй жил суусан танхимдаа орж ирээд ийн харахын шалтаг баймааргүй санагдана. Гэтэл хамт хууль үйлдвэрлэдэг нөхдөө голонгуй байгаагаа илэрхийлж байгаа нь энэ бололтой.

Нэр дээрээс нь дөрвөн удаа УИХ-д суулгасан намаа эсэргүүцэж, УИХ-ын гишүүнээс татгалзахаа илэрхийлнэ гээд түүнд улстөрөөс уйдсан, намдаа гомдсон алин болох нь мэдэгдэхгүй нэг тийм насан зүг яваа өвгөний гэмээр араншин бий. Бага байхад л “Хөгшин хонины насгүй болсон надад ямар хэрэг байхав” гээд айлгаж байдаг өвгөд байдаг сан.

Заримдаа түүнийг харахаар тэр дүр санаанд бууна. Магадгүй энэ нь түүний төрөлх араншин. Энэ л араншинг чимсэн боловсрол нь ч “Гал дээр тос” нэмэх шиг өдөөдөг байх. Ардчилсан нам дотор түүний боловсрол, зангараг, хувь хүний өнөөх л араншин зэрэг нь хэзээ ч баганаас доогуур борви нуглуулж байгаагүй.

Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд бүр анхнаас нь гар бие оролцож Шинэ Дэвшлийн Холбоо, Үндэсний Дэвшлийн Намыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг тэр яах аргагүй мөн. Тиймээс улс төрийн дөрвөн нам нэгдэж одоогийн Монголын Үндэсний Ардчилсан намыг 1992 онд байгууллахад тус намын гишүүнээр элсэж, 1999 оны арваннэгдүгээр сард Р.Амаржаргал засгийн эрх барьж буй Ардчилсан Холбоо эвслийн нэг нам болох Монголын Үндэсний Ардчилсан намын даргаар сонгогдсон гэхээр тэр яагаад ч намынхаа хойморт суух эрэмбэтэй нэгэн.

Түүхэнд анх удаа Ардчилсан нам ялалт байгуулаад байсан цаг буюу 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газарт гадаад хэргийн сайдаар томилогдож, улмаар Монгол улсын Ерөнхий сайдаар 38-хан настайдаа томилогдсон гэхээр бүр ч тодорхой харагдана. Магадгүй өндөр дээд албан тушаал хашиж явсан нь түүнийг намдаа туниж гунихаас өөр аргагүй байдалд хүргэдэг байж болно. Өөрийг нь нам тэргүүлж байхад сургуулиасаа хасагдахдаа тулж байсан банди нар сайд болж байна. Гэтэл боловсрол бүү хэл амьдралыг таньчихсан догь толгой намынхандаа дургүйцдэг байхаас зайлахгүй. Аргагүй л дээ.

Өнөөдөр Анагаахын дээд төгсч чадаагүй нөхөр сайдын суудалд заларчихсан бүлт үсрээд явж л байна. Тэр ч бүү хэл Ардчилсан хөдөлгөөнд оролцож, намын дарга болж явахад нь Залуучуудын холбоогоор дамжуулж улстөрчдөөс мөнгө саахыг оролдож байсан нэг банди Ерөнхий сайд болчихоор хөх инээд хүрч, өнөөх л өвгөдийн араншин гаргаж буруу хардаг байж болох. Ямартай ч тэр улстөрд төдийлөн сүсэглэхээ больсон.2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газарт тэрээр шүүмжлэлтэй хандаж, “Та нар ажлаа хийж чадахгүй, буруу замаар явж байна. Тиймээс би УИХ-ын гишүүнийнхээ бүрэн эрхээс татгалзлаа.

Сонгогч олонд би ингэж ажиллана гэж хэлээгүй” хэмээж байсан бол саяхан тэрбээр ҮЗХ-ны гишүүнээсээ татгалзах тухай шуугиан дэгдээв. Магадгүй түүнд Н.Алтанхуягийн танхим хэдэн луйварчид харагдсан байхыг үгүйсгэхгүй. Тэрээр “Ямар гарц байна, үүнийг яаж шийдэх ёстой вэ гэдгийг хэлж чаддаг хүн алга байна шүү дээ. Би яагаад ингэж дүгнэв гэхээр бүгд дандаа хүнд таалагдах гээд байна. Чиний юу хүсээд байгааг ерөнхийдөө мэдрээд түүнд нь тааруулж хэлж байна. Ямар сайндаа айл бүрт нэг үнээ, эрчүүдэд нэг эхнэр өгнө гээд амладаг зүйлээ л амлаж байна шүү дээ” хэмээжээ.

Энэ мэт аашлах нь түүний боловсрол мэдлэгийн орон зайг илтгэдэг гэдэгтэй маргах хэрэггүй. Р.Амаржаргал Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг 1982 онд эдийн засагч мэргэжлээр, Маастрихтын менежментийн Олон улсын Институтийн Удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг 1992 онд Нидерландад, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг 1993 онд, Брэд Фордын их сургуулийг 1995 онд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистр хамгаалсан зэрэг нь засаг болон тоглож байгаа нөхдөө голох том шалтгаан болдог нь ойлгомжтой.

Тэгээд ч хувь хүний суурь ухаарал талаараа тэр нам дотроо аанай л жин дарна. Ерөөсөө манай ховдчуудын цусанд нэг тийм чамбай чанар бий. Тэр өөрөө 1961 онд хүрээнд төрсөн ч түүний эцэг Д.Ринчиням нь олон ястны өлгий Ховдын Зэрэг сумын уугуул. Тэгэхээр түүнд яс дагасан араншин байхаас өөр аргагүй. Дунд сургуульд суралцаж байх үед нь түүний эцэг хуучнаар ЗХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж, тэрээр тэнд дөрвөн жил болсон зэрэг нь ч түүнийг багаас нь гадаад ертөнцийг таниулж, алсын хараа суулгасан гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Хорь дөнгөж гарч яваа залуу гадаадад эдийн засгийн мэргэжил эзэмшиж ирсэн даруйд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажлынхаа гарааг эхэлжээ. Ингээд Р.Амаржаргал бусдын жишгийг даган 1983 онд цэргийн албанд мордон, байлдагчаас ахмад офицер болтлоо дэвшиж, улмаар Цэргийн нэгдсэн дээд сургуульд 1990 он хүртэл санхүү-эдийн засгийн багшаар ажилласан сонин намтартай хүн гэхэд болно.

Өнөөгийн УИХ-ын гишүүдээс тэс өөр замналтай  учраас “сонин намтартай” хэмээн тодотгосон болно. Цэрэг эрсийн дэг журамт ертөнцийн хаалгыг хаасан даруйд Техникийн их сургуульд багшилж улмаар Эдийн засгийн коллежийн захирлаар томилогдон, шинэ санаачилга, шинэлэг сургалтын систем нэвтрүүлэн ажилласнаар одоогийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бий болгосон гэдгийг өдгөө хүн бүхэн мэдэх.

Ийн боловсролын салбарт багш, удирдах ажил хийхдээ тэр зах зээлийн нийгмийн зорилтот эдийн засгийг хөгжүүлэх, залуу хойч үедээ сургахад хамгийн их хүчин зүтгэсэн хүн. Ийм хүн Засгийн газрыг шүүмжилж, гишүүнээсээ татгалзахаас өөр яахав. Аргагүй, түүнийг УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа түдгэлзэх өргөдөл өгч байхад Гавьяат эдийн засагч “фортуна” Н.Батбаяр Эдийн засгийн яамыг толгойлж байв даа. Ийм шат дараалан ажиллаж, өөрөө сурган хүмүүжүүлж, Төрийн өндөр дээд албан тушаалд нэг ч шат алгасалгүй явж ирсэн Р.Амаржаргалд Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн дэмжлэгээр шат алгасаад дарга даамал болчихсон  “фортуна” жижигдэж харагдана. Ийм л хүчин зүйл нь түүнийг улстөрөөс татгалзахад хүргэдэг байх.

УИХ-ын танхимд ороод суухад оффшор дансанд сая ам.доллар мартчихсан нөхөр инээд алдаад угтах, нөгөө талаас нь Монголын махны бизнесийг атгадаг нөхөр өөх тос ханхлуулан гар барих, гуравдагч талаас Тавантолгойд хувь эзэмшдэг хүмүүс дэлхийн зах зээлийн ханш судлангаа толгой дохино. Гэтэл өнцөгдсөн суудлаас архины үйлдвэрийн эзэн спирт ханхлуулан данхалзана. Эмэгтэйчүүдийн зүгээс ямар ч хүн сургаагүй байж Гавьяат багш гэх эрхэм малилзтал инээнэ.

Суудалдаа суухын дашрамд зочид буудлын, баар савны, гурилын үйлдвэрийн эзэд гээд түмэн нөхөд мэхэсхийнэ. Бизнесмэнүүдийн чуулга уулзалтад орж ирж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Хууль тогтоох дээд байгууллагын өрөөнд орж ирсэн сэтгэгдэл төрөхгүй энэ газарт ундууцахаас өөр яах билээ. 1998 онд Засгийн газрын тэргүүн байсан Ц.Элбэгдоржийг банк санхүүг эрүүлжүүлэх ажил хийж эхэлсэн учраас огцруулсан хэмээн тэмдэглэж ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ ажлыг Р.Амаржаргал гүйцэтгэсэн, түүний санаа байсан гэдгийг нөхөд нь хэлдэг.

Түүний тэргүүлсэн Засгийн газар тухайн үеийн банк, санхүүгийн шинэтгэл, тэтгэврийн тогтолцоо, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийж чадсан гэдгийг эдийн засагчид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Тэр өнөөдөр хувийн ашиг сонирхлын төлөө суудлын зай бөглөж суухыг хэзээ ч бодсонгүй. Шинжлэх ухаан техник, технологийн тэргүүний ололтыг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих замаар Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилго бүхий “Амаржаргал” сан байгуулаад 15 жилийн нүүр үзэж буй.

Улсдаа, тэр тусмаа түшээддээ нэртэй эдийн засагч Р.Амаржаргал бусад шиг Монгол Улсын гавьяат эдийн засагч гэсэн өндөр хэргэм байхгүй. Харин Удирдлагын академийн Хүндэт доктор, Батлан хамгаалахын их сургуулийн Хүндэт профессор, Бред Фордын их сургууль, Их Британий Хүндэт доктор, 1993 оны Оны шилдэг эдийн засагч залуу гэсэн цол тэмдэг бий. Энэ нь түүний мэдлэг боловсрол зангаргийг харуулна. Тухайлбал, манай парламентийн Гавьяат эдийн засагч гишүүдэд аль нэг сургуулийн цол тэмдэг байхгүй. Ийм л нэгэн нөхөр УИХ-аас, их улстөрөөс ороолон сууна.

С.Ууганбаяр

Эх сурвалж: Unen.mn


URL:

Нэр: Ганаа Огноо: 17 June 2016

Хүн муутай л эр дээ.

Сэтгэгдэл бичих