Wikileaks-ийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ

Wikileaks-ийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжег Лондонд өчигдөр баривчилсан байна. Өдгөө 39 настай Ассанжег Шведэд байхдаа хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт буруутган баривчилжээ. Лондонгийн цагдаа Шведийн зөвшөөрөлтэйгөөр өчигдөр орой баривчилсныг албаны эх сурвалж нотолсон байна.  Өнгөрсөн сарын сүүлээс тэрбээр өөрийн эрхэлдэг Wikileaks сайтдаа АНУ-ын бусад оронтой харьцаж байсан дипломат бичиг баримтаас дэлгэж дуулиан тариад байгаа билээ.
Ноцтой, маш нууц материалуудыг нийтэлж буй түүний араас олон улс орон мөрдөн мөшгиж байна. Энэхүү дэлхийг цочроож, америкийн хүчирхэг засаг төрийг донсолгосон “Wikileaks”-ын захирал Ж.Ассанж гэж хэн бэ.

Sang овогтон багадаа 37 сургууль сольжээ

Бүтэн нэр нь Жулиан Пол Ассанж бөгөөд тэрбээр 1971 онд Австралийн Таунсвиллд төржээ. Эцгийнх нь талаар нарийн мэдээлэл байхгүй ч түүний удам Хятадын Sang овогтноос гаралтай гэнэ. Ассанжийг ойтой байхад нь эх нь нэгэн нүүдлийн театрын захиралтай гэрлэснээр бяцхан хүү театрын буянаар Австралийг хөндлөн гулд туулжээ. Эх Кристина нь багаасаа л нийтийн тогтсон жишгийг эсэргүүцэгч байснаараа үеийнхнээсээ ялгардаг нэгэн байв. Сургууль хүүхдийг залхаадаг гэж үздэг байсан тэрбээр хүүдээ гэрээрээ хичээл заадаг болов. Нүүдлийн театр буудалласан зарим газраа л хааяхан сургуульд явуулна. Ассанжийг есөн нас хүрэх үед эх нь хойд эцгээс нь салж хөгжимчин нэгэнтэй гэрлэн бас нэг хүү төрүүлжээ. Гэтэл удалгүй хөгжимчин нь дөнгөж төрсөн хүүхдүүдийг эхчүүдээс нь салгах бусармаг үйл ажиллагаа явуулдаг “Гэр бүл” хэмээх бүлэглэлийн гишүүн байсан нь илрэв. Үүний уршгаар Ассанж 16 нас хүртлээ ээж, дүү хоёртойгоо хөгжимчнөөс зугатаж амьдрах болжээ. Ийм маягаар бага насаа өнгөрүүлсэн Ж.Ассанж 37 сургууль сольсон байдаг. Гэхдээ хүү өөрийгөө боловсруулах тал дээр идэвхтэй ажилладаг байсан төдийгүй тодорхой шинжлэх ухаан судлахыг эрмэлзэнэ. Үүнийг ажигласан эх нь хүүдээ их, дээд сургуулиудын профессоруудаар үе үе хичээл заалгуулдаг болов.
Энэ гэр бүлийн амьдарч байсан байшингийн дэргэд компьютерийн дэлгүүр байх. Ассанж тэр дэлгүүрээр байнга орж гарсаар программчлалын анхны мэдэгдэхүүнтэй болсон гэдэг. Хүүгээ компьютер сонирхох болсныг эх нь анзаарчээ. Тиймээс илүү хямд байр хөлслөн зөрүү мөнгөөр нь хүүдээ “Commodore 64” хэмээх компьютер авч өгөв. Төд удалгүй Ассанж модемтой болсноор сүлжээний аюулгүй байдлын талаар онцгойлон судалж эхэлжээ.
1990-ээд онд Ассанж сүлжээний аюулгүй байдалтай холбоотой олон тооны программ зохиосон байдаг. Түүнчлэн Австралийн “Suburia” хэмээх анхны вэб-хостингийн админ нь байсан гэх. Ингэхдээ “Proff” гэдэг нууц нэрээр хүмүүстэй харьцдаг байв. Сайтын хэрэглэгчидтэйгээ харилцаж байсан тэмдэглэлүүдээс Ассанж улс төрийг сонирхдог байсан нь мэдрэгддэж аж. Мөн 1998 онд тэрбээр дэлхийг тойрон аялжээ.

“Underground” бодит түүх мөн үү
Ж.Ассанж 1997 онд Сулетт Дрэйфустэй хамтран “Underground” хэмээх номоо нийтлүүлэв. Олон оронд нэлээн шуугиан тарьсан энэхүү номонд 1989-1991 оны үед Австралийн бүлэг хакерууд АНУ-ын Батлан хамгаалах яам, Лос-Аламоссын үндэсний лаборатори болон цахилгаан холбооны “Nortel” компанийн сүлжээг эвдсэн тухай гардаг. 1991 онд Австралийн цагдаа нар тэднийг илрүүлэн хууль бус үйлдэлд буруутгах боловч хийсэн хэргээ хүлээснийг нь харгалзан багахан хэмжээний торгууль ноогдуулснаар уг хэргийг хаана. Харин энэ номонд гардаг Мэндакс нэртэй хакер нь үнэн хэрэгтээ Ж.Ассанж өөрөө гэдгийг тухайн үед “New Yorker”, “Wired” зэрэг хэвлэлүүд илчилж байв.

Дээд боловсролгүй Ерөнхийлөгч
Ж.Ассанж “Leaks” төслийнхөө талаар анх 1996 онд хэрэглэгчидтэйгээ харьцах үед мэдээлсэн байдаг бөгөөд гурван жилийн дараа leaks.org домэнийг гартаа оруулжээ.  Гэвч сүүлд өөрийнх нь бичсэнээр, хэрэглэх шаардлага гараагүй тул энэхүү домэнээ ашиглаагүй гэнэ. “New Yorker”-ын мэдээлснээр, тэр жилүүдэд Ассанж эхтэйгээ хамтран “Parent Inquiry Into Child Protection” байгууллагыг үүсгэн идэвхтнээр нь ажиллаж байжээ. Энэхүү байгууллага нь Австралийн нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн байгууллагууд дахь авлигыг илчлэх үйл ажиллагаа явуулдаг байв. Мөн энэ л жилүүдэд Ассанж хүүгээ өөрийн асрамжинд авах талаар эхнэртэйгээ шүүхдэлцсэн.2000 оноос Ассанж өөрийгөө Австралийн хамтын судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгчөөр өргөмжлөх болов. Энэ явдлын дараахан Мельбурны их сургуулийн физикийн ангийг төгсчээ. Тэрбээр өөртэй нь хамт ажиллаж байсан залуу эрдэмтдийг байнга шүүмжилж нэр алдар хөөсөн, бусдын үгийг дагадаг зэрэгт буруутгадаг байв. Мельбурнээс өмнө Ассанж таван дээд сургуульд элссэн ч алийг нь ч төгсч чадаагүй юм байна.

2006-2007 онд тэрбээр өөрийнхөө сайтанд блог хөтөлдөг байжээ.

“Wikileaks” мэндлэв
2006 онд Ж.Ассанж төрийн байгууллагууд болон корпорациудын авлигыг илчлэх төрөл бүрийн нууц мэдээллүүдийг олон нийтэд дэлгэн харуулах сайт нээхээр шийдэн энэ зорилгодоо ч хүрнэ. Цугалсан баримтуудыг сайтын редакци сонгон нийтэлдэг байна. Редакторууд хоорондоо нууц сувгуудаар саналаа солилцдог аж. Ассанж өөрийгөө ерөнхий редактор хэмээн нэрийддэг ч редакцийн зөвлөлд түүнээс гадна Австралийн сэтгүүлч Филипп Адамс, Хятадын тэрс үзэлтэн гэгддэг Ванг Дан нар багтдаг нь тодорхой болжээ. Тус сайтын нэг зорилго нь нэгэнт нийтлэгдсэн баримтуудыг сүлжээнээс хэзээ ч устахааргүйгээр байршуулах явдал аж. “Wikileaks” өөрийн провайдераар Шведын “PRQ” компанийг сонгосноор сайтаа хуулиас ангид байлгах баталгааг олж авсан гэж хэлж болно.
Ассанжийн туслахуудын нэг нь “Tor” системын эзэмшигч байсан нь сүлжээнээс нууц аргаар мэдээлэл авах, дамжуулах боломжийг түүнд бүрдүүлж өгсөн юм. Удалгүй Ассанж Сомалийн босогчид гэгддэг Исламын шүүхийн холбооны тэргүүний зүгээс хууль ёсны Засгийн газрынхаа гишүүдийг цааш харуулах мэргэжлийн алуурчид хөлслөхийг уриалсан нэгэн нууц баримт олж авчээ. Уг баримтын эх сурвалж нь маргаантай байсан хэдий ч Ассанж түүнийг хэвлэхээр зориглов. Ингэхдээ уг баримтын бодит эх сурвалжийг уншигчид өөрсдөө хэлэлцэж олохыг санал болгосон утга бүхий тайлбарыг хавсаргажээ. Чухам энэ үеэс л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Wikileaks”-д анхаарлаа хандуулах болсон бөгөөд эхэндээ түүнийг Хятадын тэрс үзэлтнүүд эзэмшдэг хэмээн мэдээлж байв.

“Wikileaks”-ын анхдагч зорилго нь юу байв
Эхэндээ тус сайтын зорилго нь Дундад Ази, Хятад болон ОХУ дахь авлигыг илчлэхэд оршиж байв. Гэхдээ барууны орнуудын төр засаг болон томоохон корпорациудын үйл ажиллагааг илчлэхэд анхаарлаа багагүй хандуулахаар зэхжээ. Мөн Ассанжийн тодорхойлсноор, сайтын бас нэг зорилго нь хэт болгоомжилсон, худалдагдсан хэвлэлүүдийн өөдөөс сөргүүлэн “шинжлэх ухааны сэтгүүл зүй”-г хөгжүүлэхэд чиглэгдсэн аж.
Энэ оны дөрөвдүгээр сард “Wikileaks” сайтандаа 2007 онд Багдадын ойр орчмын хамгаалалтынхныг болон “Reuters”-ын сэтгүүлчдийг америкийн цэргүүд алан хядагчид гэж андууран нисдэг тэрэгнээс галлаж буй бичлэгийг байршуулав. Аймшигт хэргийн улмаас 18 хүн амь үрэгдсэний хоёр нь сэтгүүлч байжээ. Энэхүү видео бичлэг хэвлэлийнхний дунд асар их шуугиан тарьсан билээ. Харин дараа сард нь АНУ-ын энгийн байлдагч Брэдли Мэннингийг энэхүү бичлэгийг “Wikileaks”-т дамжуулсан гэх хэрэгт сэжиглэн баривчилсан байдаг. Мөн энэ л байлдагчийг долдугаар сард “Wikileaks”-ын нийтэлсэн Афганистанд хэрэгжүүлсэн АНУ-ын хээрийн ажиллагааны талаарх 77 мянган нууц баримтыг шилжүүлсэн байж болзошгүй гэсэн таамаг яригдсан. Тэдгээр баримтад Америкийн хэрэгжүүлсэн цэргийн ажиллагаануудын талаарх тайлан, амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо байсан төдийгүй америкийн мэдээлэгчдийн нэрс байсан нь тэдний амь насанд ноцтой аюул учруулаад байв. Харин “Wikileaks”-ын редакцийн зүгээс дахин 15 мянган ийм баримтыг хожим нийтэлнэ гэдгээ амлахад АНУ-ын Батлан хамгаалах яамнаас энэхүү амлалтаасаа татгалзахыг санал болгосон сурагтай.

Түүнийг баривчлах оролдлогууд өнөөг хүртэл явсаар байна
Багдадад сэтгүүлчдийг устгаж байгаа дээрх бичлэгийг нийтэд дэлгэсний дараа Ассанж АНУ-д дахиж очихгүй гэдгээ мэдэгдэн дараа, дараагийн хэвлэлийн бага хурлаа урьдчилан зарлалгүйгээр янз бүрийн оронд хийдэг болов. Заримдаа түүний оронд найзууд нь хурал явуулдаг байсан бөгөөд түүний ирээгүй шалтгааныг хурлын танхимд америкийн тусгай албаны ажилтнууд сууж байгаатай холбон тайлбарладаг байв. Гэхдээ Ассанж угаас өөрийн аюулгүй байдалдаа гойд анхааран нэг газраа суурьшилгүй Исландаас авахуулаад Кени хүртэлх дэлхийн олон оронд байдаг найзуудынхаараа сэлгэн амьдардаг нэгэн.
Ассанж нэлээн хугацаагаар Шведэд амьдарч байсан ба энэ оны наймдугаар сард “Aftonbladet” сонины нэг буланг хөтөлдөг байжээ. Гэвч яг энэ сард түүнийг тус улсын цагдаагийн газраас хоёр эмэгтэйг хүчиндсэн хэрэгт буруутган эрэн сурвалжлах болов. Ассанж дээрх хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдсээр байсан тул төд удалгүй Прокурорын газар Австралийн энэ иргэнийг үндэслэлгүйгээр сэжиглэсэн хэмээн үзэж баривчлах шийдвэрээ эгүүлэн татсан юм. Гэсэн ч уг явдлын балгаар Ассанж Шведийн удирдлагуудаас энэ оны эхээр мэдүүлээд байсан тус улсад байнга оршин суух, тогтмол ажил эрхлэх хүсэлтдээ татгалзсан хариу хүлээн авав. Мөн дээрх явдалтай давхцан энэ оны наймдугаар сард АНУ-ын Прокурорын газраас Ассанжийг төрийн өмч хулгайлсан хэрэгт буруутган эрүү үүсгэхээр шийдсэн талаар мэдэгдлээ.
Гэтэл өнгөрөгч сард прокурорын газрын хоёр удаагийн хүсэлтийг үндэслэн Стокгольм дахь шүүх Ассанжийг хүчингийн болон садар самуунд уруу татсан хэргүүдээр баривчлах шийдвэр гаргалаа. Ассанж энэ үеэр Англид байсан ч найзуудаараа дамжуулан Шведын Прокурорын газрынхантай уулзахад хэзээд бэлэн байгаагаа мэдэгдсээр байгаа. Харин өчигдөр Австралийн цагдаагийн байгууллагаас АНУ-ын нууц материалуудыг нийтэлснийх нь төлөө Ассанжийн эсрэг хэрэг үүсгээд байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байна. Учир нь эдгээр баримтууд АНУ гэлтгүй түүний холбоотон орнуудын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй хэмээн тайлбарлажээ.

Шийтгүүлнэ ч, шагнуулна ч

Ж.Ассанж 2008 онд Кенийн Ерөнхийлөгчтэй холбоотой нууц материалуудыг хэвлүүлснийхээ төлөө “Эмнэсти Интэрнэшнл” байгууллагаас шагнал хүртэв. Харин энэ онд “Guardian” сонин түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтаажээ.
“New Yorker”-ын тэмдэглэснээр, Ассанж өөрийн ажилдаа бүхнээ зориулдаг тул өдөр тутмын амьдралдаа нэлээд хайхрамжгүй ханддаг. Тиймээс түүнд хувийн олон туслах шаардлагатай байдаг аж. “Wikileaks”-ын редакцийн хамт олноос гадна түүний хамгийн дотно туслагч нь Голландын иргэн Роп Гонггрип юм. Ассанж Александр Солженицын болон Франц Кафка нарын зохиолыг унших дуртай хэмээн хэвлэлүүдэд мэдээлсэн байдаг.

Хувийн амьдрал руу нь өнгийхүй
Нууц баримтуудтай харьцдаг Ж.Ассанж хувийн мэдээллүүдээ ч нууцалсаар байв. “New Yorker”-т бичсэнээр, 1991 онд анхны эхнэр нь хүү Даниэлийг аван түүнээс салжээ. Харин Ассанж 1999 онд эхтэйгээ хамтран эхнэрийнхээ эсрэг шүүхдэлцэн Даниэлийг өөрийнхөө халамжид авч чадсан байна. Энэ явдлаас болж нэлээд хямарсан түүний үс нь нэгмөр бууралтсан гэдэг. Хүү Даниэль нь генетикч мэргэжилтэй нэгэн ба өмнө нь программистаар ажиллаж байжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих