МАХН-ынхан “Засгийн газраас хөөгөөд өгөөч” гэж гуйжээ

МАХН-ынхан шалдаа буужээ. Өршөөлийн тухай хуулийг батлуулж, намын даргынхаа улс төрийн карьерийг эхлүүлээ гэж бодож байтал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьж, УИХ хүлээж авсан нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баярлуулан гомдоосон хэрэг боллоо.

Үүнээс болоод МАХН-ынхан нэлээд бухимдалтай байна. Бүлгийнхээ хуралдааны үеэр Засгийн газраас гарах уу, байх уу гэдэг асуудлыг хэлэлцэж, ацан шалаанд орсон сурагтай.

Өөрсдөө Засгийн газарт хамтарч, бялуунаас хэдийнэ хуваалцчихсан тэдний сайд нар намын даргынхаа эрх ашгийг хамгаалах сонирхлоосоо илүүтэйгээр сайдын суудалдаа үлдэхийг хүсч байгаа гэнэ.

Нөгөө талаас нь Н.Энхбаяр дарга нь хэлсэндээ хүрдэггүй хүмүүстэй хамтрахыг хүсэхгүй байгаа гэдгээ намынхандаа хатуухан сануулж, Ардчилсан намынхныг МАН-тай нийлж, мад тавих бэлтгэлээ хангаж сууна.

Төсвийн тухай хуульд ирэх оны 9 дүгээр сараас яамдын тоог цөөлөх асуудлыг хөндсөн ч гишүүд “Шинээр байгуулагдсан Засгийн газрын бүрэн эрхэд халдаж байна” гэж үзэн 1 дүгээр сараас яамдын тоог цөөлөх шийдвэр гаргасан. Тэгэхээр бүтцийн өөрчлөлт хийгдэж, 1 сайд одоогийнхоос илүү олон асуудлыг хамрах магадлал өндөрсөж байгаа энэ үед МАХН-ынхан Засгийн газрыг огцруулах тэнэг алхам хийхгүй нь бололтой. Ардчилсан намынхан тэднийг Засгийн газраас хөөхгүй нь тодорхой гэдгийг мэдэж байгаа учир МАХН-ынхан “Засгийн газраас хөөгөөд өгөөч” гэсэн тактик хэрэгжүүлж байгаа бололтой юм.

Харин энэ хоорондоо Ардчилсан намынханд ямар гэнэтийн бэлэг бэлтгэж байгааг хэн мэдэхэв. Ардчилсан намынхан тохиролцооноосоо буцаж, Ерөнхийлөгчийн Өршөөлийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авсныг МАХН-ын УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэр шүд зуух шахам сануулаад авсныг хэлэх юун.

У.Жанцан


URL:

Сэтгэгдэл бичих