С.Амина: Бүсгүй заяа

Хүйн хорвоод бүсгүй хүн болон мэндэлсэн
Хүж дэлхийг хайрын илчээр мялаасан
Сэтгэлийн apиун,тэвчээрийн сайхныг түгээсэн
Сэвтэшгүй хүмүүн орчлонгийн бүсгүй заяа гэж…

Саартай учирч сэвтэж нэг гундсан
Сайнтай уярч хайрын бахдалд умбасан
Зүрх сэтгэлээ хайртай бүхэнд түгээх илчтэй
Зөнгөөрөө хайрлагдсан бүсгүй заяа гэж…

Амьдралд уруудахад алаг нүд нь нулимсаар үерлэсэн
Алхам өгсөхөд сэтгэлийн тэвчээр нь гэрэлтэн гийсэн
Хүүхэн заяандаа итгэлийн гэмийг цагаатгах увидастай
Хүмүүн ертөнц дахь бүсгүй заяа гэж…

Үрсийнхээ төлөө үхэж ч чадах
Үнэний амьдралд “тамлал” ч амсдаг
Хүйн хорвоог уйлуулж уяраах шидтэй
Хувь тавилант амьдрал дахь бүсгүй заяа гэж…

Зовлонгийн сиймхийг сэтгэлдээ буглан зүрхшээсэн ч
Жаргалын туяаг бардам аалиар гийгүүлэх
Түүртэх амьдралд сөхөрч босон тэнцдэг
Тэнгэрийн тавилант бүсгүй заяа гэж…

С.АМИНА


URL:

Сэтгэгдэл бичих