Туркийн сонгуульд Р.Эрдоганы нам ялжээ

29210cef8fa0c1264df315fbba00d8d4

Туркэд ням гаригт болсон парламентын ээлжит бус сонгуульд эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам (ШЁХН) ялсныг тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгджээ.

Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзэхэд ШЁХН саналын 49.4 хувийг авсан нь парламент дахь олонхийг бүрдүүлж, дангаараа засгийн эрх барих боломж олгосон байна. Парламентын бүрэлдэхүүнд зүүн төвийн баримжаатай Ардын бүгд найрамдах нам (25.4), үндэсний үзэл баримталдаг Үндэсний хөдөлгөөн нам (11.9), курдүүдийн талыг баримтлагч Ард түмнүүдийн ардчиллын төлөө нам(10.7 хувь) тус тус орохоор болсон аж.

Ерөнхийлөгч Р.Эрдоган, иргэд ээлжит бус сонгуульд саналаа өгснөөр Турк орны эв нэгдэл, бүрэн бүтэн байдлыг дэмжлээ гэдгийг мэдэгдсэн байна. “Манай иргэд энэ сарын 1-ний өдөр болсон сонгуулиар үйл хөдлөл, хөгжлийг аливаа маргаан зөрчилдөөнөөс дээгүүр тавьдгаа харууллаа” хэмээн Ерөнхийлөгч даваа гаригт ярьсан аж.

Р.Эрдоганы нам сонгуульд ялсан тухай мэдээлэл гарсан даруйд олон газарт эмх замбараагүй байдал гарчээ. Туркэд өнгөрсөн зургадугаар сарын 7-нд болсон парламентын ээлжит сонгуулийн дүнгээр эвслийн Засгийн газар байгуулж чадаагүй тул ээлжит бус сонгууль зарлахад хүрсэн билээ.

Тухайн үед аядуу уламжлалт үзэл баримталдаг Шударга ёс, хөгжлийн нам саналын 40.8 хувийг авч, 2002 оноос хойш анх удаа парламент дахь олонхийн суудлаа алдсанаас дангаараа Засгийн газраа бүрдүүлэх боломжгүй болжээ. Туркийн Үндсэн хуульд зааснаар одоогийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу эрх баригч намын тэргүүний хувьд 45 хоногийн дотор Засгийн газраа бүрдүүлэх үүрэгтэй.

Д.Болд


URL:

Сэтгэгдэл бичих