Монголчууд аа! Баатарлаг түүхт Халх гол нутгаа хамгаалцгаая

Сүүлийн үед Халх голын тухай сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олонтаа бичиж ярих болов. Халх голд чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг эргэн харж, хүчингүй болгуулахыг шаардсан мэдээ материал сонин хэвлэлд нийтэлж, радио телевизээр өдөр бүр шахам нэвтрүүлэх болсоор багагүй хугацаа өнгөрч байна.УИХ-ын зарим гишүүн, нутгийн ард иргэд, олон нийт, сэтгүүлч, сурвалжлагчид сонин хэвлэлд энэ тухай бичсэн зүйл, радио телевизээр ярилцаж буй зэргийг үзэж сонсч байхад УИХ-ын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн тогтоол нь Халх гол нутгийн ард иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчихөөр болсны дээр тухайн орон нутгийн дархан цаазат онгон байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулахаар болсон тухай ярианы гол сэдэв болж байв. Дээрх тогтоол нь зөвхөн Дорнод аймаг, Халх голын ард иргэдэд хамаатай төдийгүй Монголын ард түмэнд үлэмж хохирол учруулахаар болсныг олон түмэн гүнээ харамсан ярьцгааж байна.

Халх голын байлдааны үед буй болсон эх газрын шарх сорви арилаагүй, тусгаар тогтнолыг амь биеэрээ хамгаалсан эрэлхэг хөвгүүдийн мөрөө үлдээсэн асар олон түүхэн дурсгал энд байгаагийн зэрэгцээ тэдний маань цус, хөлс шингэсэн газар шороо, ариун нандин шарил нь хөрсөн дор энд тэндгүй байгааг дайны түүх гэрчилнэ.

Халх гол нутгийн 3000-аад иргэн, айл өрхийг нутгаас нь хөөн зайлуулж, газар нутгийг нь сүр далайлган дээрэмдэж, харийнханд бэлэглэж, ашиг хонжоо олох гэсэн бусармаг шийдвэрийг эсэргүүцэж халхголчууд: “Бид 1939, 1945 оны дайны жилүүдэд цэргийн анги салбар, дайчдад чадлын хэрээр хүч хөдөлмөрөө шавхан туслалцаа үзүүлж, дайсны эсрэг тэмцэж байсан шигээ эх нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө хатуу тэмцэх болно” гэж байгаа нь үнэхээр бахархмаар…

Халх голыг чөлөөт бүс болгох тухай анх санаачилсан Р.Бурмаа сайдын телевизээр удаа дараа ярьж байгаа зүйл бол олон түмний толгойг эргүүлэх гэсэн түр зуурын арга саам гэж олон нийт ойлгож байгаа. Халх гол нутгийн ард иргэд болон олон нийтийг ийнхүү төөрөгдүүлж, эцэст нь энэ баян тансаг нутагт шунасан гадаадын үй олон хүн машин техниктэйгээ дайран орж ирэх боломж олговол нутгийн уугуул иргэдийн амьжиргааны эх булаг болсон газар нутгийг орвонгоор нь эргүүлэн сүйтгэж, хүн амынх нь эрүүл мэнд, амь нас баталгаагүй болж, хятад хүмүүст дээрэлхүүлэн, тэдний эрхшээлийн дор нутгийн ард олон тайван бус зовж амьдрахад хүрэх аюултай.

Чөлөөт бүс нэрээр гадаадын хүмүүс Халх голд ирж суурьшвал тэднийг хөөн гаргах чадвартай засгийн газар Монголд байхгүйг бодолцвол зохино. Тамсагт буй газрын тосны их нөөц газраа хятадуудад алдчихаад түүнээс улс орон, орон нутагт ямар ч ашиг орлогогүй байгаагаа төр, засгийн дээдсүүд санахгүй, эмзэглэхгүй байна гэж үү.

Түүнчлэн Халх гол нутгийн арвин их өвс ургамлыг хятадууд мал бэлчээх газаргүй болтол нь хадаж, нутаг руугаа зөөж буй нь нутгийн иргэдийг малын бэлчээргүй болгож, нутгаас нь зайлуулах, тэнд амьдрагч олон мянган зээрийг өвс тэжээлгүй болгон өөрийн нутагт оруулан хашиж авах далд санаа агуулж буйг үгүйсгэх аргагүй. Хятадууд Халх голоос өвс хадсаны төлбөрт авсан мөнгийг сум хөгжүүлэх санд нэмэрлэх ёстой. Хэрэв тэр мөнгө хувь хүний халаасанд орсон бол хуулийн байгууллагаар шалгуулж, хариуцлага тооцуулан, гэм буруутай этгээдээр зайлшгүй төлүүлэх нь чухал. Өвс бол ялгаагүй эх орны баялаг юм. Гэвч ухаант хүний үр даанч ийм бузар хэрэг хийхгүй биз.

Халх гол нутгийн газрын хөрс бол маш эмзэг, үүнийг Халхын Илдэн засаг хушууны ноён, мэргэн То ван(Тогтохтөр1797-1868) сайн мэдэж, хошууныхаа нутагт газар тариалан эрхлэхийг хатуу цээрлэж, зөвхөн зэрлэг ургамал түүж амьдрал ахуйдаа хэрэглэхийг зөвшөөрч байсан гэдэг. Өдгөө Халх голд хятад жолооч нар энд тэндгүй дур зоргоороо давхилдаж, олон зам гаргаснаар газрын хөрс ихээхэн эвдэрч, эрс муудаж байгаа тухай мэдээ бий. Энэ бүхнээс үзэхэд Халх гол нутгийн баатарлаг, дайчин, хөдөлмөрч ард иргэд эх нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдэг та нарын түмэн зөв.

Эцэст Ар халхын алдар түүхтэй энэ ариун сайхан баялаг нутгаас гадаадын иргэдээс нэг ч хүн үлдээхгүй хөөн гаргаж, Халх гол нутгийг бүхэлд нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ард иргэд хүч хөдөлмөрөө нэгтгэн эзэмшин, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгон хөгжүүлэх бүрэн боломжтойг санацгаая. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Халх гол сумын Засаг дарга хятад иргэдээс авлига авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж, олон зуун га газрыг хятадуудад15 жилийн хугацаатай эзэмшүүлэх зөвшөөрөл олгож, үүнийгээ нууцалж байсан нь илэрчээ” гэсэн мэдээг өдөр бүр шахам цацах болов. Энэ бусармаг хэрэг үнэн бол тус сумын Засаг дарга авлига, албан тушаалын хүнд гэмт хэрэгт холбогдох нь зайлшгүй болжээ.

Халх голыг чөлөөт бүс болгоно гэдгийн цаана төр засгийн эрх мэдэлтэн олигархиудын авлигын асар том сүлжээ, ашиг сонирхол байж болохыг үгүйсгэх аргагүй гэх яриа олны дунд байсаар байна. Эх орныхоо баялаг бүхий өнгөтэй өөдтэй газар нутгийг гадаадынхны мэдэлд өгч, хувьдаа ашиг олохын тулд худалдаад байвал улс орны үндэсний аюулгүй байдалд хэзээ ч нөхөгдөхгүй хохирол учирч, монгол хүн эцэстээ гишгэх газаргүй болно гэдгийг дээр дооргүй сэтгэл оюундаа бодож явах нь юу юунаас илүү чухал байна шүү. Дээдсүүд болгоогтун. “Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн мэргэн сургаалыг сэтгэлдээ эгнэгт тээж, унасан газар, угаасан ус, газар шороогоо та амь шигээ хайрлаж явбал буяны дээд мөн болой.

Эрдэм шинжилгээний ахлах ажилтан

Тугчин Д.ГОМБОЖАВ


URL:

Сэтгэгдэл бичих