Оюутолгой төсөл хятадуудыг ажлын байраар хангаж байна
Гэрээ хэрхэн зөрчигдөж буйг тодорхой дуулгахаас өмнө өгүүлэхэд Монгол улсын алт, зэс болон нүүрсний үйлдвэрлэл хурдацтайгаар өснө гэсэн хүлээлт олон улсын судалгааны байгууллагуудын тайлан сэлтээр дамжин дэлхий нийтэд хүрчихээд байна. Британийн Бизнес Мониторинг Интернешнлийн зүгээс гаргасан тайланд Монголын уул уурхайн өсөлтийн оргил үе нь Оюутолгой уурхайн үйлдвэрлэл эхлэх 2013 он байна хэмээн онцолсон нь бий. Тэрчлэн Чилийн Минера Эскондидагийн дараа орж дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй Оюутолгойн орд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын мэдлийнх бус. Канадын “Айвенхоу Майнз” болоод дэлхийн уул уурхайн гигант Австралийн “Рио Тинто” болон Монголын Засгийн газрын хамтын өмч гэдгээрээ дэлхий дахинд бүрэн танигдаад буй билээ. Энэ оноос ирэх 2015 он хүртэлх прогнозоос үзэхэд дэлхийн улс орнуудад бүх төрлийн металлын эрэлт нэмэгдэх тооцоо бий. Нарийвчилбал жилд дунджаар 31.4 хувиар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо байгаа бөгөөд алтны үйлдвэрлэл жилд 791 мянган унц, зэсийн үйлдвэрлэл жилд 720 мянган тонн хүрэх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь Монголын говь дахь алт зэсийн уурхай болох Оюутолгойн үйл ажиллагаа тодорхой явагдах эсэхээс шалтгаална гэдгийг анхааруулж байгаа юм. Тэгэхээр дэлхий дахинд ийм хүлээлтийг үүсгээд байгаа Оюутолгой төслөөс Монгол Улс өөрөө үр ашгийг авч үлдэх нь бидний тухайд гол асуудал юм. Өдгөө Монгол Улсын Засгийн газар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын оролцоог 50 хувьд хүргэх асуудлыг тодорхой болгохоор хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар сайхан зүйл яриад сууж байна. Зэрэгцээд Оюутолгой ххк болон бусад гэрээлэгчид Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчин үйл ажиллагаа явуулж байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 8.4.-д Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасны дагуу Хөрөнгө оруулагч нь нийт ажиллагсдынхаа 90-ээс доошгүй хувьд нь Монгол улсын иргэдийг авч ажиллуулна.гэж заасан. Харин “Ашигт малтмалын тухай” хуулийн 43.1-д нь “Хөрөнгө оруулагч нь уул уурхайн ажил гүйцэтгэхээр бол ажилчдын 75-аас доошгүй хувь нь Монголчууд байна. Хэрэв барилгын ажил гүйцэтгэх бол 60 доошгүй хувь нь Монголчууд байна” гэж заасан байдаг.
Мөн 8.5. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу батлагдсан Засгийн газрын Тогтоолын дагуу Хөрөнгө оруулагч түүнтэй гэрээ байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүдээр дараахь нөхцөлийг хангуулах талаар хүчин чармайлт гарган ажиллана. Үүнд:
8.5.1. барилгын ажил гүйцэтгэх болон өргөтгөлийн хугацаанд барилгын ажил гүйцэтгэхээр Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүд нийт ажиллагсдынхаа 60-аас доошгүй хувьд нь Монгол Улсын иргэдийг авч ажиллуулна.
8.5.2. уурхайн болон уул уурхайн холбогдолтой ажил гүйцэтгэхээр бол ажиллагсадынхаа 75-аас доошгүй хувьд Монгол иргэдийг авч ажиллуулна.
Тэгвэл эдгээр заалтууд Оюутолгой ххк-ийн гэрээлэгч гэгдэн бүртгэгдсэн 63 компанийн мэдээллээс харахад зөрчигдөж байна.
60/40 гэсэн харьцаатай байх гэрээт компаниудын гадаад болон монгол ажилчдын тоо
Тэгэхээр эдгээр гэрээлэгч компаниудын ажилчдын нийт дүнг харьцуулаад үзэхээд дээрх 60/40 гэсэн харьцаа зөрчигдөөгүй мэт боловч тухайлаад жишээ татахад Жиансу Жианду Монголиа JDCC компанийн нийт 4856 ажилтны 906 нь л монгол иргэд, бусад 3950 нь гадаадын иргэд байна. Тус компани нь барилга угсралт, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр ажиллах хүчний энэ харьцаа нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний:
8.5.1. барилгын ажил гүйцэтгэх болон өргөтгөлийн хугацаанд барилгын ажил гүйцэтгэхээр Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүд нийт ажиллагсдынхаа 60-аас доошгүй хувьд нь Монгол Улсын иргэдийг авч ажиллуулна гэсэн заалтыг зөрчөөд байна.
ТИ СИ СИ интернэйшнл компанийн 552 ажилтны 515 нь гадаад ажилчид байгаа нь мөн энэ заалтыг зөрчиж байна. Тус компани нь барилга угсралтын чиглэлийнх байгаа юм. Дээрх хүснэгтээс харахад гадаад ажилтнуудын тоо олон байгаа компаниуд нь БНХАУ-ынх байгаа юм.
90/10 харьцаатай байх Оюутолгой ххк болон гэрээт компаниудын гадаад, монгол ажилчдын тоо
Оюутолгой компанийн хэсэгт:
1.Оюутолгой уурхайн талбар- менежер 1, Ажилчид 247, түр гэрээт 1, дагалдан суралцагч 4, Гадаад ажилчид 82, Нийт 335 ажилтантай
2. Улаанбаатар дахь оффис нь- Менежер 14, Ажилчид 368, Түр гэрээт 14, Дагалдан суралцагч 74, Гадаад 78, Нийт 548 ажилтантай
3.Даланзадгад дахь салбар оффис- Менежер 1, Ажилчид 17, Дагалдан суралцагч 1 Нийт 19 ажилтантай
4.Ханбогд суман дахь салбар оффис- Ажилчид 96, Дагалдан суралцагч 6, нийт 102 ажилтантай
5. Суралцагч- Вагнер 41, Эрдэнэт 72, Дархан 59, Улаанбаатар 12, Нийт 184 суралцагчтай байгаа аж.
Оюутолгой ХХК-ийн хэсгийн дүн: Нийт 1188 ажилтны 1028 буюу 86.53 хувь нь монголчууд , 160 буюу 13.47 хувь нь гадаад ажилчид байна.
90/10 байх ёстой гэрээт компаниудын ажилчдын тооны харьцаа нь:
1. Эрчим хүчний чиглэлийн Aggreko компанийн нийт 4 ажилтан гадаад
2. Өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулдаг Ар Юу Си ххк - Монгол 6, Гадаад 4 ажилтантай.
3. Баяжуулалтын үйлдвэрийн тоосонцорыг агуулах байгууламжийн зөвлөх Кей Си Би Эм Си ХХК –ийн нийт 5 ажилтан нь гадаад
4. Цахилгаан мотор нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг Эй Би Би ххк-ийн 1 ажилтан гадаад
5. Барилга угсралтын Эф Пи Эм Эм компани нь 1 Монгол, 450 гадаад ажилтантай
6. Инженерингийн үйлчилгээ үзүүлдэг Space Frame компани 4 гадаад ажилтантай
7. Барилга угсралтын үйлчилгээ үзүүлдэг Shelter LLC нь 7 гадаад ажилтантай
Оюутолгой ХХК болон гэрээлэгч компаниудын нийт ажиллагсдын тоо 18441. Тэдгээрээс 11812 буюу 64.05 хувь нь Монгол, 6629 буюу 35.95 хувь нь гадаад ажилчид байгаа нь гэрээг үзэглэх үед Монголын талаас ажиллах хүч нь 60-аас доошгүй хувь, яваандаа 90 хувь байхаар заасны дагуу явж мэт боловч, тухайлж авч үзэхэд гэрээ зөрчигдөж байгааг дээр өгүүллээ.
Гэрээний 8.6.2. –д зааснаар гадаад ажиллагсадын тоо энэхүү Гэрээний 8.4-д зааснаас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг сар тутам Хөрөнгө оруулагч төлнө. Ашигт малтмалын тухай хуулийн 43.3 –т заасны дагуу холбогдох сум буюу дүүргийн төсөвт төлбөрийг хийсний дараа Хөрөнгө оруулагч болон холбогдох сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хооронд зөвлөлдсөний үндсэн дээр энэхүү төлбөрийн тодорхой хэсгийг Монгол улсын иргэдийг сургах, ур чадварыг нь дээшлүүлэх эсвэл шинээр ур чадвар эзэмшүүлэхийн тулд Гэрээний 8.9-д заасан Оюу толгой төслийн Сургалтын стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулан зарцуулж болно гэсэн заалт мөрдөгдөж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Мөн 10.7. –д Хөрөнгө оруулагч давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтгаанаар энэхүү Гэрээний дагуу хүлээсэн аливаа үндсэн болон ихээхэн ач холбогдолтой үүргээ биелүүлэлгүй 6 сарын хугацаа өнгөрсөн, эсхүл Монгол Улсын хуулийн дагуу хүлээсэн үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчсөн бол Эрдэс баялгийн асуудал эрхэлсэн Сайд үүргээ биелүүлэх, гарсан зөрчлийг засах тухай мэдэгдлийг (Мэдэгдэл) Хөрөнгө оруулагчид бичгээр өгнө. Хөрөнгө оруулагч нь мэдэгдлийг хүлээн авсанаас хойш ажлын 60 хоногийн дотор түүнд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Засгийн газар энэхүү Гэрээг цуцлах эрхтэй гэсэн заалт мөн зөрчигджээ.
Тэгэхээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний наймдугаар зүйл буюу ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БОЛОН СУРГАЛТ гэсэн зүйлийн заалтууд ийм байдлаар зөрчигдөж байна.
Э.Болор
URL: