С.Төмөр-Очир: Манай сургуулийн хөгжлийн санг эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа
МУИС шинэ номын сантай болох асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Бүр тодруулбал, Ц.Ганцог захирлын үед хаана барих эсэхээ хүртэл судалж, хөрөнге мөнгө гаргасан байдаг. Гэвч энэ асуудал нэг мөр шийдэгдэлгүй өдий хүрчээ. Иймээс Шинэ номын сангийн асуудлаар тус сургуулийн захирал С.Төмөр-Очиртой уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-МУИС шинэ номын сан барихаар зуугаад сая төгрөгөөр газар худалдаж авсан. Тэр газраа хэсэг хугацааны дараа гурван зуун сая төгрөгөөр зарсан гэдэг. Энэ үнэн үү?
-Энэ асуудал чинь ийм учиртай юм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрладаг “Кибер” захын үүдэн хэсгийн газрыг хэдэн жилийн өмнө манай сургууль Н.Даш гэдэг хүнээс худалдаж авсан байдаг. Гэхдээ тухайн үед тэр газрыг нь банкны барьцаанд авчихсан байсан юм билээ. Тэр банкнаас нь МУИС 150 сая төгрөгөер чөлөөлж авсан байдаг.
Намайг захирлаар ирэх үед энэ асуудал их хүнд байсан. Учир нь 150 сая төгрөгийг газрын төлбөрт МУИС-аас гаргасан байсан ч газрынхаа гэрчилгээг аваагүй байсан. Гэрчилгээ нь Даш гэдэг хүнийхээ нэр дээр хэвээрээ л байж байсан. Тиймээс манай сургуулийн удирдлагууд хөөцөлдсеөр байгаад хотын захиргаанаас гэрчилгээг нь их сургуулийнхаа Хөгжлийн сангийн нэр дээр болгож авсан.
Үүний дараа бид энэ асуудлаар олон дахин ярьсан. Тус газар дээр байшин барих уу, яах вэ гэж. Ингээд энэ асуудлыг хариуцсан ажлын комисс байгуулсан. Харин тус комиссоос байшин барих нөхцөл байхгүй болсон юм байна гэж үзсэн. Учир нь Дашийн хувьд тэр газрынхаа эргэн тойронд өөрийнхөө эзэмшлийн байшин барилгуудыг бариад тэр жижигхэн газрыг тал талаас нь хавччихсан.
Байшин барилаа гэхэд кран ч тавих газар байхгүй болгочихсон байсан. Кран тавъя гэхээр Дашийн газар дээр тавих болдог. Даш тэгэхээр газар дээрээ барилгын үйл ажиллагаа явуулахгүй гэдэг. Ингээд бид комисс дээрээ ярьж байгаад ер нь одоогийн энэ газраа үнэлүүлье гэж шийдсэн. Тэгээд үнэлүүлсэн. Манай их сургуулиас мэргэжлийн комисс байгуулагдаж, тэд одоогийн байдлаар 300 сая төгрөгийн үнэтэй юм байна гэсэн тооцоог тогтоолгосон.
Ингээд дараа нь комиссын шийдвэрээр тус газрыг худалдах талаар нилээн хэдэн хүнд зарласан юм. Эхлээд арваад хүн ирсэн. Сүүлдээ явсаар байгаад 3,4 хүн үлдсэн байх. Сүүлдээ тэгээд Н.Даш өөрөө авахаар болж, тус газрыг зарах комиссын шийдвэр гарч зарсан учиртай.
Үүн дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд, хэдий тус газрыг 150 саяар авсан гэх боловч үнэн чанартаа МУИС-аас гарсан зардал нь илүү юм. Учир нь тус газрын суурин дээр нь 24 цагийн жижүүр ажиллууллаад сар болгон 125 мянган төгрөг өгдөг байсан юм. Тиймээс МУИС-иас 200 орчим сая төгрөг гарсан байдаг.
-Тэгэхээр тус газрыг 300 саяар зарсан гэдэг. Н.Даш эргүүлээд авсан хэрэг үү ?
-Тийм. Тэр 300 саяас манай сургуулийн Хөгжлийн сангийн дансанд бэлнээр 200 сая нь орсон байгаа. Харин 100 саяыг нь бол одоохондоо өгч чадахгүй гэсэн. Тэр газраа барилга барьсаны дараа 100 саятай тэнцэх хэмжээтэй орон сууц өгнө гэсэн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байгаа.
Энэ асуудал дээр үйлдвэрчний хороон дарга хүртэл саналаа оруулж, багш нартаа байр бариулах асуудлыг хөндөж байсан. Энэ гэрээнд гарын үсэг зурсан. Энэ асуудлын хувьд дундаас нь ямар нэгэн хүн юм авсан, идсэн уусан зүйл байхгүй. Бүхнийг олноороо хэлэлцэж, комисс л шийдсэн асуудал.
-Одоо шинэ номын сан барих асуудал яригдсаар байгаа гэсэн. Ихэр хоёр цамхагийг хувийн компанийн хөрөнгө оруулалтаар барих тухай мэдээлэл бас бий?
-Энэ бол одоохондоо яриа төдий л зүйл явж байгаа. Би 1992 онд МУИС-аас явж байсан. Тэр үед их сургууль 3500 оюутантай байсан. Одоо бол Завхан, Эрдэнэт хоёрыг оруулбал, манайх 23 мянган оюутантай болсон. Номын сан бол тэр үеийн 3500 оюутны л номын сан хэвээрээ.
Дээр нь хичээлийн уншлагын танхим гээд жижиг жижигхэн танхимууд байгаа. Өөр юу ч байхгүй. Гэвч их сургууль гэдэг чинь хүрэлцээтэй номын сантай байх учиртай. Тиймээс бид сургуулийнхаа 70 жилийн ойг угтаад номын сан барчихъя гэсэн бодолтой байгаа. Гэтэл манайд ерөөсөө мөнгө байхгүй. Тэр дуулиан тариад байгаа Хөгжлийн санд чинь тэрбум илүү төгрөг байна.
Энэ мөнгөөр бид юу хийх юм бэ. Харин энэ асуудал дээр нэг компани санал тавьсан юм. Арванхоёр давхар хоёр байшин баръя гэж. Ийм газар хоёрын хооронд юм барьж байхаар нэг мөсөн сайхан барилга барих хэрэгтэй гэсэн санал тус компаниас тавьсан л даа. Тэдний зүгээс нэгийг нь манай номын сан, хичээлийн байрт зориулах боломжтой.
Тэрэнд манай сургуулийг хэдий хэмжээний мөнгө гаргадаг юм тэрийгээ гаргачих гэсэн. Үлдсэн мөнгийг нь бид гарьяа. Үлдсэн мөнгөө танай сургуульд хүүгүй өгье. Тэгж байгаад хэдэн жилийн дараа буцааж авъя. Харин нөгөө 12 давхарт нь бид оюутны байр баръяа. Тэгээд тэр оюутны байрыг манай компани өөрсдөө эзэмшье.
Харин энэ байрандаа МУИС-ын оюутнуудыг тухайн үеийн зах зээлийн ханшаар суулгаж болох юм гэсэн санал гаргасан. Энэ саналыг нь манай МУИС-ын Удирдах Зөвлөлийн гишүүд хэлэлцсэн. Үүний эцэст олонх нь саналыг хүлээж авах нь зүйтэй юм гэсэн. Гэхдээ зарим нь эсэргүүцсэн учраас эцэслэн шийдээгүй л дээ.
Одоо бол энэ асуудал ярианы төвшинд л явж байгаа. Энд бол гэрээ хэлэлцээр болсон ч юм байхгүй, яасан ч юм байхгүй. Зураг нь зурагдсан ч юм байхгүй. Миний бодлоор бол дээрх компанийн саналыг дэмжих нь нилээн ашигтай юм шиг санагдаж байгаа. Яагаад гэвэл их сургуулийн хоёр оюутны байрны дунд гадны нэг компани орж ирээд арван хэдэн давхар орон сууц барьчихсан л байна.
Энэ бол их сургуулийн газар байсан уу байсан. Харин их сургуульд юм орж ирсэн үү гэвэл огт орж ирээгүй. Энэ мэтээр хэн нэгэнд юмаа зүгээр өгч байхаар ашигтай саналыг авах л хэрэгтэй.
-Ярианы төвшинд явж байгаа гэлээ. Гэхдээ төрийн өмчийн хороогоор хэлэлцүүлэхээр болсон юм биш үү?
-Төрийн өмчийн хороонд энэ асуудлыг танилцуулсан. Тус хорооноос судалж үзэхээр болсон. Түүнээс би дураараа шийдчих ч асуудал биш. Төрийн өмчийн хороонд ийм асуудал байна яах вэ гэсэн санал л оруулсан байгаа. Харин Төрийн өмчийн хороо-ноос эсэргүүцвэл больчихно л биз.
Ямар зургийг нь зураад мөнгө төгрөгийг нь гаргачихсан биш. Энд ямар нэгэн нууц юм байхгүй. Манай их сургуулийнхан цөм мэдэж байгаа тийм л асуудал юм.
-Хэрвээ энэ асуудал үйл ажиллагаа болон хэрэгжлээ гэж бодъё. Тэгж байтал их сургуулиудыг Налайх дүүрэг рүү нэгтгэн хотхон байгуулах асуудал хэрэгжихгүй гэх газаргүй. Тэр үед МУИС-аас хөрөнгө оруулсан 12 давхар барилгынхаа санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх вэ ?
-Энэ асуудлаар манай Удирдөх Зөвлөл хэлэлцсэн. Зөвлөлөөс надад юу гэсэн хариу өгсөн бэ гэхээр их сургуулийн 70 жил боллоо.
Бид номын сан баръя гэсэн асуудлаа хэрэгжүүлэх л хэрэгтэй байна гэсэн. Гэвч номын сан барихад Улсын төсвөөс нэг ч мөнгө өгөхгүй. Та нар өөрсдөө мөнгө гаргавал номын сангаа барьж болох юм гэсэн Удирдах Зөвлөлийн тогтоол хүртэл гарсан байгаа.
Харин Налайх дүүрэг рүү нүүх юм бол зараад тэр мөнгөөрөө очсон газраа номын сан ч юм уу, өөр нэг юманд хөрөнгө оруулах зориулалтаар оруулж болно гэсэн ийм л юм байгаа. Хэдий хэмжээний хөрөнгө оруулсан тэрүүгээрээ тооцоод зарах боломжтой.
Тэрнээс бид хүнд юм бэлэглэчихэж байгаа юм биш. Их сургуулиас ямар хэмжээний мөнгө гарна тэр хэмжээний мөнгөөр бид зараад тэгээд тэр мөнгөөрөө тийшээ очихоороо хэрэглэх ийм л юм байж байгаа.
-Саяхан нэгэн хэвлэлд таныг их сургуулийнхаа Хөгжлийн сангаас 60 сая төгрөгийг гаргуулсан. Тэрүүгээрээ хуучин нөүтбүүкнүүд авсан тухай мэдээлэл гарсан байсан?
-Энэ бас л сургуулийн удирлагуудын зөвлөлөөр хэлэлцэгдсэн, протокол хөтлөгдсөн асуудап. Бүр тодруулбал, ийм учиртай юм. Юу гэхээр Монгол-Солонгосын оюутны их наадам гэж өнгөрсөн онд болсон. Тэр үед солонгосчууд их наадмынхаа зардлыг гаргахын тулд нөүтбүүк зарсан юм. Тэр үед тэр нөүтбүүкнүүдийнх нь ханшийг судалсан.
Ингээд үзэхэд 1000 ам.долларын үнэтэй нөүтбүүк байсан. Үүнийг нь бол ярьсаар байгаад 500 ам.долпар болгосон. Тэгээд бид 1000 ам.долларын үнэтэй цоо шинэ нөүтбүүкнүүдийг 500 доллараар бодож аваад бүх тэнхимдээ тарааж өгсөн. Манай аль ч тэнхимээр ороод үзэхэд тэр нөүтбүүкнүүд байгаа, ажиллаж байгаа.
Зөвхөн үнэ ханш төдийгүй үзүүлэлт, өөр юу байдаг юм бүгдийг нь мэргэжлийн багш нар судалсан. Чанартай, шинэ нөүтбүүкнүүд байсан.
-Хөгжлийн сангийн мөнгөндөө таныг дураараа хүрдэг тухай мэдээлэл бас бий?
-Дээрх асуудлыг дэвэргэж тэгж тийм мэдээлэл гарсан байх. Харин намайг их сургуульд захирлаар ирэхэд Хөгжлийн санд нэг зовлонтой зүйл байсан. Нэгт ийм эрдэнийн чулуу гээд барьцаанд тавиад мөнгө зээлчихсэн байсан. “Молор-Эрдэнэ” гээд компани л зээлсэн юм билээ.
Намайг ирэхэд энэ мөнгөө авч чадахаа байчихсан байсан. Энэ компаниас нийт долоон саяын авцаатай байсан юм байна лээ. Энэ авцааных нь алданги нь гурван сая гээд нийт арван сая төгрөгийн авцаатай байсан. Үүнийг би нөхөн төлүүлсэн. Одоо барагдуулчихсан байгаа. Энэ хөгжлийн санд ямар нэгэн тийм гар хөл орсон юм бахйгүй.
Тэндээс гарсан мөнгө цөм протокольтой. Хамт олноороо хэлэлцсэн байдаг. Тэр яриад байгаа Хөгжлийн сан гэдэг чинь өөрөө Удирдах Зөвлөлтэй. Энэ асуудлаар улсууд их харддаг л даа. Тиймээс ч их сургуулийн Хөгжлийн санг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа.
Манай сургуулийн хөгжлийн сангийн сүүлийн хоёр жилийн дансны хуулгыг тус газраа аваад явсан. Тиймээс энэ хардалтын асуудал үнэн зөвөөр гарна гэдэгт найдаж байгаа.
С.Өлзийбаяр
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: