Ерөнхий прокурор Д.Дорлигжав: Гүйцэтгэх ажлыг хяналтгүйгээр хэрэглэх юм бол хууль зөрчдөг, хүний эрхийг зөрчдөг

Мөрдөн байцаагчдын улсын  V зөвлөгөөн болсон. Уг зөвлөгөөн дээр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжавын хэлсэн үгийг хүргэе.

Цагдаагийн мөрдөн байцаах албаны ажилтнууд, цагдаагийн байгууллагын удирдлагууд, энэ зөвлөгөөнийг зохион байгуулсан та бүхэнд баяр хүргэж амжилт хүсье.

Та бүхэнд баяр хүргэхийн учир бол өнөөдөр Монгол оронд  эрх зүйн шинэчлэл, хуулийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл эрчимтэй хийгдэж байгаа энэ үед 30-аад жил тасарсан улсын мөрдөн байцаагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа явдалд талархаж байгаа юм.

Энэхүү зөвлөгөөнийг зөвхөн цагдаагийн мөрдөгчдийн  биш улсын нийт мөрдөн байцаах байгууллагын ажилтнуудын улсын зөвлөгөөн болгосон бол илүү үр дүнтэй, илүү нэг мөр ойлголцсон  ажил болох байсан байх.

Гэхдээ  цагдаагийн байгууллага санаачилсан нь бага хэрэг биш юм. Бүхэлдээ мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагаанд оршиж байгаа дутагдал, иргэдийн хүлээж байгаа хүлээлт зөвхөн цагдаагаар хязгаарлагддаггүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Гэхдээ иргэд бүгдийг нь хуулийнхан гэдэг нэг үгээр хэлдэг, нэг нүдээр хардаг. Ийм учраас хуульчид нэг ойлголттой, зовлон жаргалаа нэг ярьдаг, асуудлаа нэг мөр шийддэг ийм байсан бол төрийн бодлого талаасаа ач холбогдолтой байх байсан бол уу гэх бодол төрж байна.

Прокурор, мөрдөн байцаах байгууллага  хамтарч, хэргийн хоёр талаас ажилладаг хүмүүсийн хувьд энэ зөвлөгөөнийг яаж үр дүнтэй болгох вэ, асуудлыг аль талаас яаж ярих вэ гэдгийг урьдчилж төлөвлөж ярилцсан зүйл бий. Өнөөдөр би энэ индэр дээрээс хэдэн зүйлийг та бүхэнд хэлье.

Ажил явуулахад тохиолдож байгаа гол бэрхшээлүүд дээр тогтож ярья.

1. Хууль.  Бидний барьж ажиллаж байгаа хуулиудын зарим дээр нь бэрхшээл учруулж байгаа хэд хэдэн зүйл байгаа. Энэ бэрхшээл учруулаад байгаа хуулийн заалтуудыг тодорхой болгуулах асуудлыг Улсын Их хуралд  тал талаас нь ярьж шийдвэрлүүлэх шаардлага байгаа. Товчхондоо Эрүүгийн  болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг боловсронгуй болгох хэрэгтэй байна.

2. Бүхэлдээ субъектив шинж чанартай, хувь хүмүүс, мөрдөн байцаагчид, хуулийн байгууллагын ажилтнуудын хувийн шинж чанартай гаргаж байгаа алдаа дутагдал нь байгууллагын алдаа дутагдал байдлаар нийгэмд харагдаж байгаа тул  нийтлэг гаргаж байгаа дутагдалуудыг нэгтгэж түүнийг засах талаар Мөрдөн байцаах үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргах зорилт болгож тавьбал зүйтэй байх гэж бодож байна.

3. Удирдлага, зохион байгуулалт, ажил үүргийн шинж чанартай алдаа дутагдал, энэ бол прокурорын байгууллагад ч анзаарагддаг.

4. Орчин үеийн нийгэм маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед, нөхцөл байдлыг хуулийн байгууллагын ажилтнууд бид бүхэн зөв мэдэрч цаг тухайд нь зөв дүгнэж нийгмийн үзэгдлийнх нь хувьд ялгаж салгаж, дүгнэлт хийж ажилдаа тусгаж чадаж байна уу гэдэг асуудал байна.

Жишээлбэл: Эдийн засгийн шинжтэй томоохон гэмт хэргүүд, банк санхүүгийн байгууллагуудын хооронд явагдаж байгаа санхүүгийн олон талт үйл ажиллагаанууд, дотоод гадаад санхүүгийн үйлчилгээ гэх мэт. Бидний  урьд нь нүүр тулж байгаагүй хүн худалдаалах, хүн хулгайлах, хар тамхи хэрэглэх, зөөх гэх мэт шинэ төрлийн гэмт хэргүүд гарч ирсэн.

Ийм учраас хуулийн байгууллагын ажилтнууд цаг тухайд нь мэдэрч шаардлагатай бол хуулиа, зохион байгуулалтаа, арга барилаа өөрчилж, хурдаа нэмж, хасаж ажиллах шаардлага та бидэнд байгаа.

Улсын Ерөнхий прокурорын хувьд та бүхэнд сануулж хэлэх нэг зүйл байгаа. Энэ  зөвлөгөөний дараа та бүхэн ажилдаа мэдрэгдэхүйц ахиц дэвшил гаргах хэрэгтэй. Мөрдөн байцаалтын ажиллагааг зөвхөн хүнийг дуудаж байцаадагаар хязгаарлахгүй, олон талтай болгох, ур чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай.

Дээр нь орчин үеийн техник хэрэгсэл нэвтрүүлэх ажлыг бодлогын чанартай, дэс дараатай явуулах хэрэгтэй байна.

Шаардлагатай орчин үеийн техник хэрэгслээр бүрэн хангах, улсын хэмжээнд биш юмаа гэхэд төвдөө нэг иж бүрэн хэмжээний шинжилгээний лабораторитой болох тэнд ажиллах ажиллагсад нь техник хэрэгсэлээ бүрэн эзэмшсэн байх ийм шаардлага гарцаагүй гарч байна.

Зөвхөн дуудаж байцаах замаар гэмт хэрэг илрүүлэн гэдэг хуучин арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Товчхондоо мөрдөн байцаах цоо шинэ арга барил нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Мөн хувь хүний ааш араншингаас хамаарч ихэнх тохиолдолд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг  хуулийн  хугацаанд нь хийдэггүй, цаг алддаг, хууль зөрчдөг үүнээс болж нотлох баримт бүдгэрдэг, ач холбогдолоо алддаг ийм үзэгдэл ялангуяа орон нутагт нийтлэг байна.

Хурааж авсан нотлох баримт ор сураггүй алга болдог, зарим нь түүнийгээ баяраар шагнал болгоод хувааж  байна. Энэ нь огт байж болохгүй зүйл бөгөөд жирийн үзэгдэл болтлоо явж байгаа. Энэ бол завхарал шүү.

Мөрдөн байцаах ажиллагааны явцад бусдыг эрүүдэн шүүх хэлбэр; тухайлбал хуурч  мэдүүлэг авах, хорьж цагдан гэж айлган сүрдүүлэх зэрэг явдал тасрахгүй  байна.

Энэ бол XXI зууны Ардчилсан Монгол улсын мөрдөгчдийн амнаас гарч болохгүй үг бөгөөд ийм арга барилтай мөрдөн байцаагчид байх ёсгүй, ийм орон зай байх цаг өнгөрсөн гэдгийг анхааралдаа авч арга барил, ур чадвараа өөрчилж ажиллах шаардлагатай байгаа юм.

Саяхан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал гарсан. Үүнийг жирийн л байдаг заавар, журам, тушаал гэж битгий бодоорой.

Ялангуяа Мөрдөн байцаах тасгийн дарга нар энэ тушаалыг яаж хэрэгжүүлж ажиллах тал дээр бүхэл бүтэн бодлого болгож, хүмүүстээ нэг бүрчлэн тайлбарлаж ажиллаарай. Энэ бол хариуцлага сахилгыг шат шатандаа чангатгах шийдвэр.

Нөгөө талаас хуулийн байгууллагууд бие биендээ бурууг чихэж суудаг биш манай байгууллагаас болоогүй цагдаагаас болсон, прокуророос, шүүхээс болсон гэж ийм байдлаар хэрэг төөрүүлэх, үг түүж суудаг энэ бол гадна талдаа буруу харагддаг, хуулийнхан арчаагүй харагддаг.

Энэхүү тушаал хариуцлагыг зааглан тогтоосон, прокурор, шүүх, мөрдөн байцаагч нар нь ямар тохиолдолд хэн нь ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг тодорхой болгосон  маш чухал тушаал байгаа юм.

Прокурор хэрэг мөрдөх ажиллагааг удирдах, хяналт тавих үүрэгтэй байдаг,  прокурорын ур чадвар зарим тохиолдолд энэ хэмжээд хүрэхгүй байгааг бид ойлгож байгаа.

Иймд хэд хэдэн чиглэлийн сургалт төлөвлөгдөж, явагдаж эхлээд байгаа. Нөгөө талаас прокурорын орон тоо ч хүрэхгүй байгаа бэрхшээл бий. Ийм учраас прокурорын байгууллагын орон тоог нэмэгдүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын газраас  “Хэрэг мөрдөх аргачлал, заавар”-ыг зүйл ангиар нь боловсруулж баталж байгаа. Зарим ижил хэргүүдийн хувьд  бүлэг бүлгээр нь  хэрэг шалгах заавартайгаар  боловсруулж байна. Учир нь  хэрэг хянаж байгаа прокурор хоёр адилхан хэрэг дээр хоёр өөр янзаар хандаж байгаа.

Энэ бол хуулийг нэг мөр ойлгох, нэг мөр сахиулах  үйл ажиллагаа хангалтгүй байгааг  харуулж байгаа юм. Тийм учраас шинэ зааврын дагуу прокуроруудтайгаа нягт хамтран ажиллах шаардлагатай болж байгааг анхааралдаа аваарай.
Гүйцэтгэх ажилтай холбоотой ганц хоёр зүйлийг энд хэлье.

Гүйцэтгэх ажил бол зөв хэрэглэж чадвал гэмт хэргийг илрүүлэхэд маш их үр дүнтэй арга хэрэгсэл мөн. Үүнийг хяналтгүйгээр хэрэглэх юм бол хууль зөрчдөг, хүний эрхийг зөрчдөг, байгууллагын хувьд ноцтой байдалд оруулдаг ийм ажиллагаа байдаг.

Өнөөдөр  гүйцэтгэх ажилд прокуророос тавих хяналт ёс төдий байгаа. Ийм учраас гүйцэтгэх ажилд тавих хяналтыг чангатгах тухай Улсын  Ерөнхий прокурорын тушаал гарч байгаа, 10 дугаар сараас эхэлж дагаж мөрдөнө.

Энэ заавар, журамд ороогүй арга хэлбэрээр, хүлээн зөвшөөрөгдөөгүй хэм хэмжээний дагуу гүйцэтгэх ажил явуулж,  нотлох баримт цуглуулсан байвал үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэдгийг та бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй. Ялангуяа гүйцэтгэх ажил эрхэлж байгаа нөхдүүд онцгой анхаарах шаардлагатай.

Гүйцэтгэх ажил нэрээр хийгдэж байгаа хууль бус үйлдэл   газар авсан байгаа шүү. Үүнд гүйцэтгэх ажил эрхэлдэг бүх байгууллага хамаатай. Тухайлбал: өнгөрсөн жил гарсан  Авлигатай тэмцэх газрын  дарга нарын хэрэг.

Гүйцэтгэх ажил явуулж байгаа хүн мөрдөгдөж байгаа хүндээ баригдах түвшиндээ хүрч арга барил нь ядуурсан, эсвэл хэнэггүй болсон байхад хууль сахиулах, хүний эрх ярих ямар ч боломж  байхгүй, ийм учраас энэ чиглэлд онцгой анхаарч, шаардлага тавьж  ажиллана.
Мөн  зохион байгуулалтын шинж чанартай нэг зүйл байна.

Хэрэг мөрдөх үйл ажиллагаанд цаг хугацаа алдах, цаг алдаад ирэхээрээ хам хум хэргээ боогоод прокурорт өгдөг. Хийж байгаа ажилдаа хайнга ханддаг, анзаардаггүй, тоодоггүй, прокурор нь ч олигтой хянахгүй, шүүхэд шилжүүлдэг. Энэ том дутагдал шүү.

Нөгөө талаас мөрдөн байцаагчдаас шалтгаалахгүй нэг зүйл байна. Мөрдөн байцаагчид цагдаагийн үндсэн үүрэгт ажилд татагдан ордог, аж ахуйн ажил, элдэв мэдээлэлд дүгнэлт гаргах, харуул хамгаалалт  болон бусад  ажилд  дайчлагддаг. Үүнээс болж тасралтгүй явагдаж байх ёстой мөрдөн байцаалтын үйл ажиллагаа тасалдаж байгаа нэг хүчин зүйл болж байна.

Улсын  Ерөнхий прокурорын хувьд Мөрдөн байцаах байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар гаргасан санал бий. Бүх мөрдөн байцаах албыг нийлүүлээд нэг статустай байгууллага болгох эсвэл мөрдөн байцаах байгууллагын ажилтнуудыг цагдаагийн үндсэн үүргээс чөлөөлөх хэрэгтэй байна.

Элдэв ажилд дайчлагддаггүй болгох шаардлагатай байна. Өндөржүүлсэн бэлэн байдал нэрээр бүгдийг нь дайчилдаг, эсвэл ач холбогдол багатай мэдээ, мэдээлэл гаргаж ир гээд   мөрдөн байцаах ажлын хажуугаар  дарга нарын шаардсан элдэв бичиг цаас  гэсээр байгаад хамаг ажил нь явчихдаг.

Мөн  хог шороогоо цэвэрлэх гээд аж ахуй, санхүүгийн ажилд мөрдөн байцаагч нар түүртэж явдаг, энэ асуудлыг таслан зогсоох шаардлагатай.

Өнөөдөр мөрдөн байцаах үйл ажиллагаа эрхэлж байгаа 4 байгууллага өөр өөр санхүү, нөхцөл байдал, цалин ахуйтай ажиллаж байгаа. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид санхүү, цалингийн хувьд  цагдаагийн байгууллагатай адилтгахын аргагүй өндөр байна.

Яагаад ингэж ялгаатай хандаж байгаа юм бэ. Прокурорын мөрдөн байцаах байгууллага байж байна. Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй.Гүйцэтгэх ажил явуулахгүй хэрэг илрүүлдэг агуу мөрдөн байцаагчид хаана байна.

Мөн үнэн хэрэгтээ захиргааны нөлөөнд хамгийн их ордог байгууллага бол Тагнуулын мөрдөн байцаах алба юм.  Эдгээр байгууллагууд харъяаллын  онцлогоос болоод өөр өөр арга барил, өөр орчинд ажиллаж байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа нэг л зарчмаар, нэг л орчинд явагдаж байх ёстой.

Хэрвээ мөрдөн байцаагчдыг хэний ч нөлөөнд автуулахгүй байлгая гэвэл Мөрдөн байцаах байгууллагуудыг нэгтгээд Улсын их хурлаас  удирдлагыг нь томилоод, бие даасан тусдаа статустай байгууллага болгох ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа.

Та бидний үйл ажиллагаанд бэрхшээл учруулж байгаа өөр нэг зүйл бол та бидний барьж ажилладаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл ангиуд  байгаа. Энэ чиглэлээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулахгүй бол бидний үйл ажиллагаанд ихээхэн бэрхшээл учирч байна.

Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151, 152, 153 дугаар зүйл ангиуд байна. Энэ зүйл ангиудад хохирлын хэмжээг зааж өгөөгүйгээс болоод бага бус хохирлын хэмжээнээс доош байсан ч гэсэн эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж болохоор нөхцөл байдал үүссэн байгааг та бүхэн мэдэж байгаа.

Тодорхойгүй хэрэг гэсэн үг. Жишээлбэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264, 265, 266, 267 дугаар зүйл ангиуд байна. Үлэмж хэмжээний хохиролтой бол  эрүүгийн хэрэг үүсгэхээр хуульчилсан байгаа.

Тэгвэл бага бус хохирол учруулсан албан тушаалтны хэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар таарч байгаа. Энэ хэрэг дээр прокурорын зүгээс харахад бага бус хохирлоос эхэлж хохирлыг тооцож болмоор байгаа юм. Гэтэл хуулинд тодорхой заагаагүй л байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 202 дугаар зүйлд: “эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисоор хордуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” байгальд учруулсан хохирлыг үлэмж хэмжээний гэдгийг яаж тодорхойлохыг заагаагүй байдаг. Бараг л өнөөдөр мөрдөн байцаагч нар бусадтай нь адилтгаж, харьцуулаад явж байгаа байх.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 205 дугаар зүйл байна. Энд аюултай болон бусад хог хаягдлаар байгаль орчин бохирдуулсаны улмаас их буюу онц их хэмжээний хохирол учруулсан бол гэсэн тодорхой бус заалт байдаг.

Саяханы дуулиантай Эрдэнэбилэгийн хэрэг байна, хэвлэл мэдээллээр шуугиад л байгаа. Үнэн хэрэг дээрээ хуулийн дагуу  хорьж мөрдөх  хугацаа нь дууссан байж байгаа.

Гэтэл хэрэг шалгаж дуусаагүй байх гэх мэт манай хуулинд бэрхшээл учруулсан зүйл их байгаа. Ялангуяа тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг  гэмт хэрэг байна. Энэ талаар гомдол их ирж байгаа.

Би өнөөдрийн зөвлөгөөнийг ихээхэн үр дүнтэй болох  байх гэж найдаж байна, ялангуяа салбар хуралдаан  дээр  сайн ярилцах хэрэгтэй байна. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа хэд хэдэн зүйлүүдийг нэн даруй өөрчлөх  санал мөрдөн байцаагч нараас гарна байх.

Цааш цаашдаа прокурор, мөрдөн байцаах байгууллага урьдынхаасаа илүү нягт хамтран ажиллах, хуулийн байгууллагын ажилтнууд гэсэн нийтлэг нүдээр харж хамтран ажиллах уур амьсгалыг бүрдүүлэхийн төлөө прокурорын зүгээс санаачлага гаргаж ажиллаж байгаа.
Тийм учраас бидний ажилд  амжилт гарна гэдэгт найдаж байна.

Та бүхэнд амжилт хүсье, баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих