Оюутолгойн нууцын гэрээ

Оюутолгойн гэрээ батлагдаад  жил гаруй хугацаа өнгөрлөө. Олон жил дамжиж байж батлагдсан энэ гэрээ дагасан хэрүүл маргаан бүтэн жил сунжирч байна. Хамгийн сонирхолтой нь монголчуудын эзэмшиж байгаа 34 хувь долоон хувь болтлоо буурсан  гэсэн яриаг улс төрчид гаргаж эхэллээ.  Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хэлэлцээрээр Оюу Толгой ордын ашиглалтыг хоёр тусдаа гэрээгээр зохицуулсан байгаа.  Хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хангах зорилго бүхий “Хөрөнгө оруулалтын гэрээ”,  “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”  гэсэн хоёр гэрээ байгаа.  Бид хөрөнгө оруулалтын гэрээнд л анхаарлаа хандуулж,  энэ гэрээ л ил тод байгаад сэтгэл хангалуун явсаар өнөөдөртэй золгов. Гэвч хамгийн чухал гэрээ нь нууцийн зэрэглэлтэй гэж тодотгосон “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” байсныг дөнгөж сая л олж мэдэв.  Бидний хамгийн их сонирхож байсан  Оюутолгой төсөлд эзэмших хувь болон орлого ашиг  хэрхэн хуваарилахыг энэхүү  “Хувь нийлүүлэгчдийн  гэрээ”-гээр зохицуулсан  байх юм. Гэтэл энэ  гэрээ өнөөдрийг хүртэл нууцын зэрэглэлд багтсан нь бас л хардлага төрүүлж эхэллээ. Энэ нууцийн зэрэглэлтэй гэрээг олон нийтэд мэдээлэх нь бүү хэл, УИХ-ын гишүүдэд ч үзүүлэхээс Сангийн яамныхан айцгаадаг бололтой. УИХ-ын гишүүн Н.Батбаяр гэхэд л бүтэн жил хөөцөлдөж, хоёр ч удаа албан бичиг өгч байж энэ гэрээг “ЭрдэнэсМГЛ” компаниас гаргуулж авчээ. Гэтэл уг гэрээн дээр “Нууц” гэсэн тамга дарчихсан байсан гэнэ. Яагаад хөрөнгө оруулалтын гэрээг нууцалж, тамга тэмдэг дарсныг Сангийн сайд С.Баярцогтоос асуутал “Мэдэхгүй” гэж хариулж байх юм. Уг нь энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ дээр гарын үсэг зурсан хүн нь Сангийн сайд С.Баярцогт. Тэгсэн хэрнээ “мэдэхгүй” гэж мэлзэж байгаа нь бүр ч олон хүнийг хардахад хүргээд байна.
Энэ бол монголын засгийн газрын 34 хувь яаж яваад 6.8 хувь болчихвоо гэдэг асуулт. Үүнийг график дээр тайлбарлая.
Хөрөнгө оруултын гэрээнд тусгаснаар бол  Оюу толгой нь  нийт таван тэрбум доллар шаардлагатай төсөл.  Одоогоор нэг  тэрбум долларын хөрөнгө оруулалт орчихоод байгаа. Бид энэхүү нэг тэрбум долларын 34 хувь болох 340 орчим сая долларыг нь зээлээр эзэмших болсон . Анх гэрээ байгуулсан сайд нар “Оюутолгой зөвхөн энгийн хувьцаагаар хэмжигдэнэ. Монголчууд эхний оруулсан нэг  тэрбумынхаа 34 хувийг ч эзэмшинэ, дараа олдох дөрвөн  тэрбум төгрөгийн  34 хувийг ч эзэмшинэ” гэж тайлбарлаж байсан. Гэтэл  өнөөдөр Оюутолгойн хувьцаа нь энгийн болон давуу гэж  хоёр хувьцаа  болж хувирчээ. Ингэхдээ Оюу толгой ХХК-ийн энэ  20 хувь нь энгийн хувьцаа эзэмшигчдийнх,  харин  дөрвөн тэрбумд  хамаарагдах  80 хувь нь давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийнх болж байна.Нууцын тамга дарсан гэрээнд Монгол улсын Засгийн газар энгийн хувьцааны 34 хувийг эзэмших заалт орчихсон байх юм. Өөрөөрхэлбэл  Оюутолгой компаний 20 хувь нь л энгийн хувьцаа эзэшигчдийнх болж таарч байна.  Монголын Засгийн газар энэ 20 хувиас л ашиг хүртэх нь тодорхой болов.  Энгийн хувьцаа дахь энэхүү 34 хувь нь нийт Оюу толгой компаний  6.8 хувьтай л тэнцэх болно гэдэг тооцоог эдийн засагчид гаргаж эхэллээ. Нууцын тамгатай Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д “Төр нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 /гучин дөрөв/ хувийг өмчилнө” гэж заасан ба энэ хувь хэмжээ төслийн үргэлжлэх бүхий л хугацаанд үл өөрчлөгдөнө” гэжээ.
Оюутолгой давуу эрхтэй хувьцаа гаргаад 500 сая ам доллар олжээ
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаад удаж байна. Иргэн бүрт энэ мөнгөнөөс 70,000 төгрөг олгосон. Монголчууд баялагийнхаа үр шимийг хүртсэн хэмээн манай улс төрчид тун гоё тайлбарлаж байгаа. Тэгвэл Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн П. Цагаан “Оюу толгой компанийхан энэ оны хөрөнгө оруулалтаа олохын тулд  давуу эрхтэй хувьцаа гаргаад аль хэдийнээ 500 сая доллар босгочихсон. Одоо дахиад 2011 оны эхээр нэмж 1.6 сая долларын давуу эрхтэй хувьцаа гаргах гэж байгаа” гэж ярьж байх юм.  Энэ ярианаас үзэхэд давуу эрхтэй хувьцааг “Оюутолгой” ХХК хоёр дахь удаагаа гаргах гэж байгаа ч үүнийгээ Монголын ард түмнээс нууцалсаар байна. Хамгийн сонирхолтой нь гадныхан Оюунтолгойн орд газрын нэрээр хувьцаа гаргаж, асар их хэмжээний ууталж суухад монголчууд шүлсээ залгиад сууж байхаас өөр аргагүй болж. Үүнийг бас л нууцыгн зэрэглэлтэй гэрээ нь зохицуулж байгаа аж.  Тодруулбал, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийг санхүүжүүлэх үе шатыг хоёр хуваажээ. Нэгдүгээр үе санхүүжилтийн үе. Энэ үе нь хувь нийлүүлэгчдийн гэрээг баталснаас хойш үйлдвэрлэл эхлээд 3 жил өнгөрөх хугацааг хамаарна гэжээ.  Тэгсэн хэрнээ уг гэрээний 11.1-ийн А  заалтанд  “Айвенхоу майнз “компани санхүүжилтийг давуу эрхийн хувьцаагаар хийхийг шийдсэн бол “Айвенхоу майнз” бүх санхүүжилтийг хийнэ” гэж заасан байх юм. Өөрөөр хэлбэл “Айвенхоу майнз” давуу эрхтэй хувьцааг гаргалаа гэхэд Засгийн газрыг төлөөлж байгаа “Эрдэнэс МГЛ” компани энэ хувьцааг худалдаж авах боломжгүй болж байгаа юм. Тэр ч бүү хэл гэрээний монгол хэл дээрх хувилбар дээр “Эрдэнэс МГЛ” компани давуу эрхтэй хувьцааг худалдаж авах үүрэг хүлээгээгүй” гэж бичжээ. Харин гэрээнийй англи хэл дээрх хувилбар дээр “Үүрэг хүлээгээгүй” гэдэг үгний оронд эрхгүй буюу “not entitled to” гэж бичжээ.
“Айвенхоу майнз” компани англи хэл дээр бичсэн гэрээн дээрээ “Давуу эрхтэй хувьцаанаас монголын тал авах эрхгүй буюу “not entitled to” гэж бичиж монголчуудын хувьцаа худалдаж авах эрхийг хаасан нь сая л илрэв. Харин гэрээгээ монгол хэл дээр орчуулахдаа энэ эрхгүй гэдэг үгийг үүрэг хүлээгээгүй болгож монголчуудаа нэг их том үүргээс ангижруулсан санагдуулахаар орчуулсан байгаа юм. Энэ орчуулгын алдаа санаатай байсан уу санаандгүй байсан уу гэдэг нь бас л тодорхойгүй.


URL:

Сэтгэгдэл бичих