“УИХ тараад улс төрийн сонгуулиа эртхэн хийвэл яасан юм бэ”
УИХ-аар энэ оны төсвийг хоёр дахиа тодотгон баталлаа. Эдийн засаг хүндрэлтэй үед ийм төсөв оруулж ирсэн Засгийн газарт муу үнэлгээ өгснөөс гадна нийгмийн таагүй байдал үүссэн тул цаашдын улс төрийн шинэ бодлого, шинэ Засгийн газрын тухай ярих цаг болсныг төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн хөндлөө.
Эдийн засгийн байдал хүнд үед улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар, төрийн захиргааны албан
тушаалтнууд, шат шатны Засаг дарга нарын цалинг 10 хувиар, мөн УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөгчдийн тоог цомхотгохоор энэ оны төсвийн тодотголд санал оруулсан ч дэмжээгүй юм. Иймд төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан урсгал зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, улсын төсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагын энэ оны арваннэг, арванхоёрдугаар сарын төлөвлөсөн цалингаас бусад тэвчиж болох урсгал зардлыг 15-20 хувиар бууруулах замаар 8.1 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хасжээ.
Энэ оны төсвийг тодотгосноор Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6,074.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт зардал 7,263.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 30.8 хувь болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 1,179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний таван хувьтай тэнцэхээр болжээ.
Ямар боловч цалинг нь хасахгүй, бас нэмэхгүй, ажлын байрыг хэвээр хадгалахаар болов. Гэхдээ Шийдлийн Засгийн газарт ажиллаж буй дэд сайдуудын орон тоог цомхотголоо. Ингэснээр одоо ажиллаж буй 10 дэд сайд ажилгүй болж байна. Уг нь цалингийн хасалтаас дөнгөж 1.8 тэрбум төгрөг хэмнэхээр байсан юм. Сангийн сайд Б.Болор цалин, ажлын байрыг хасаж, төсвийн шинэчлэл хийж буйгаа зарласан ч энэ нь биелсэнгүй. Тэгээд ч зогссонгүй, төсвийн тодотгол болон энэ оны төсөв ямар ч шинэчлэлгүй, олигтой үр дүнгүй, орлого нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар юу ч хийгээгүй гэсэн шүүмжлэл дагуулсан юм.
Тухайлбал, гишүүн Ө.Энхтүвшин “Төсвийг гурван удаа ярьж байна. Оны төгсгөлд дөрөв дэх удаагаа ч ярьж магадгүй. Арваннэгдүгээр сарын 15-нд дараа оны төсвийг батлах ёстой байтал УИХ татаад авчихсан. Ийм л байдалтай байна. Биднийг төр болж тоглож байгааг хараад гадна талд байж ядаж байна. Зүгээр бие биендээ үг шидээд өдөр хоног өнгөрөөгөөд сууж байх уу. Цалин хасахгүй бол болохгүй гэж байнга ярьж байна. Цалингаас 1.8 тэрбум төгрөгийг хасна гэсэн. Өөр зардлыг харахаар хямарсан гэдэг шинж бусад зүйлд огт байхгүй байна. 128 тэрбумаар ирэх жил шинэ обьект барина. Түүнд нь угтдаг хаалга, туг мандуулдаг овоо босгох гэх мэтийн зардал багтжээ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр байшингийн дээвэр, хана тааз барина гэх жишээний зүйл оруулжээ, С.Эрдэнэ сайд аа. З.Баянсэлэнгэтэй зэрэгцээд байшин бариад явах уу” хэмээн шүүмжилж байлаа.
Гишүүн Ч.Улаан “Хямралын төсөв биш. Засгийн газар татаж аваад зарлагын шинэчлэлээ дахин боловсруулж ирэх ёстой” гэж үзсэн юм. Харин гишүүн Д.Тэрбишдагва “Төсвийн тодотгол нь тодотгол биш байна. Эд хогшил авах, гадаадын томилолтын зардлаа тэрбум, тэрбумаар нь нэмээд байна. Төсвийг судалж үзээд Засгийн газарт буцаах ёстой. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар юу ч хийхгүй байна. Оюутолгойгоосоо 100 сая ам.долларыг төсөв дээр оруулаад ирээч гэж Ерөнхий сайдад хэлсэн.Төсвийн тодотголд хариуцлагагүй зүйлүүд олон орж ирсэн учраас үүнийг буцаах нь зүйтэй. Ард түмэн Засгийн газрын үйл ажиллагаа, оруулж ирж буй төсөв, төсвийн тодотголыг, Оюутолгойтой холбоотой асуудлыг огт хүлээж авахгүй байна.УИХ-д итгэхээ больчихлоо. Бид улс төрийн зориг гаргаад УИХ тараад улс төрийн сонгуулиа эртхэн хийчихвэл яасан юм бэ. Ийм УИХ хуралдаж бие биерүүгээ шүлсээ нулимаж, ард түмэндээ өөрсдийгөө шившиг болгож байна. Засгийн газраас нь УИХ-д оруулж байгаа төслүүд нь болж байгаа юм байхгүй. Төсөв, тодотгол гээд болж байгаа юм байхгүй болохоор цаашдаа шал өөр улс төрийн том бодлогоо яривал яасан юм бэ. Ард түмэнд хүсэлт, хүлээлт байна. Энэ УИХ, Засгийн газар болохгүй байна. Тэгэхээр ард түмнийхээ дунд санал асуулгаа явуулаад улс төрийн сонгуулиа шинээр явуулаад шинэ Засгийн газар байгуулаад шинэлэг хүмүүст нь ажил төрлөө өгвөл яасан юм бэ гэсэн саналтай байна” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр ийм саналууд хэлж байсан ч төсвийн тодотголыг баталлаа. Оны төгсгөлд төсвийн орлого тасалдах тул дахин тодотгол хийнэ гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.
Харин өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ноён уул орчмын газар нутгийг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах, мөн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах үед гишүүдийн ирц хангалтгүй байв. Мөн гишүүд ч дээрх асуудлаар нэгдсэн ойлголтод хүрээгүй гэнэ. Иймд хэлэлцүүлгийг хойшлуулж энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэж ойлголтоо нэгтгэхээр боллоо.
М.Ган
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: