Оюутолгойнхон УИХ-ын гишүүдийг “хуц” гэж хэлдэг болж байна шүү дээ

мУИХ-ын гишүүн Ц.Батбаярыг МОНЦАМЭ агентлаг “Редакцийн зочин”-оороо урилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан тэрбээр нийслэлд тулгамдаж буй асуудлын талаар санал, бодлоо түлхүү хуваалцлаа. Бид нийслэлийн агаарын бохирдол, замын түгжрэл, авто зам, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлаар шүүмжлэлтэй яриа өрнүүлсэн юм.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль багтсан бөгөөд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Ц.Батбаяр гишүүн ажиллаж байна. Тэрбээр уг хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн тэрбээр Оюутолгойн гэрээг засаж сайжруулах, тодруулбал УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагыг Засгийн газарт өргөн барьсан 20 гишүүний нэг юм. Ц.Батбаяр гишүүн уул уурхайн баялгаа хэрхэн ашиглах талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.

МОНЦАМЭ агентлагийн “Редакцийн зочин”-ы ярилцлагад МОНЦАМЭ агентлагийн дарга Т.Баасансүрэн, МОНЦАМЭ мэдээ сонины орлогч эрхлэгч Ш.Батболд, сэтгүүлч Ш.Эрдэнэчимэг, Э.Адъяасүрэн, Г.Энхмандуул нар оролцлоо.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулна

-2008-2012 оны парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш хэчнээн хууль тогтоомж батлаад байна. Ялангуяа нийслэлээс сонгогдож, хотын гал тогоонд хутгалдаж байсан хүний хувьд нийслэлийнхний эрх ашиг, хөгжлийн төлөө илүү анхаарч ажилладаг болов уу. Энэ сэдвээр ярилцлагаа эхлэх үү?

-Монгол Улсын хүн амын 50 хувь нь нийт газар нутгийн 3 хувьд нь буюу Улаанбаатарт ажиллаж амьдарч байна. Тиймээс би УИХ-ын чуулганы танхимд “Монгол Улсаа хөгжүүлье гэж бодож байвал нийслэл хотоо хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргаж ажиллах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх нь улсын хөгжилтэй шууд холбоотой” гэсэн зарчмын байр сууриа үргэлж илэрхийлж ирсэн.

Миний хувьд төр захиргааны байгууллагын анхан шатнаас ажлын гараагаа эхэлж, бүх дамжлагаар нь дамжсаар өнөөдрийг хүрч байна. Тиймээс нийслэлийн ажил амьдралыг арван хуруу шигээ мэднэ гэж өөрийгөө дөвийлгөн хэлж болно.

Нийслэлийн иргэдтэй нүүр тулан ажиллаж байж тэдний юу хүсэж, юу бодож санаж явдгийг нь төрийн дээд байгууллагын сонорт хүргэж, шаардлагатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь амьдралд нийцтэй. Өнөөдөр нийслэлд хүн амын төвлөрөл ихэсэж, агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, авто машины түгжрэл, ажилгүйдэл ядуурал улам нэмэгдсээр байна.

Миний хувьд энэ бүх асуудлыг зөв голдиролд нь оруулж, хөгжүүлэхэд гурван чухал ажлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээг томсгох хэрэгтэй.

Бид өнөөдөр дөрвөн уулынхаа дунд л хавчигдан амьдарч байна. Дэлхийн томоохон хотууд газар нутгаа тэлж, муж улс байгуулдаг жишгээр бид явах учиртай. Хоёрдугаарт, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталсан.

Гэвч тухайн үед зах зээлийн харилцаа өнөөгийнх шиг төсөөлөгдөөгүй байсан болохоор хуулинд чухал заалтууд өнөөдөр эрхгүй үгүйлэгдэж байна. Гуравдугаарт, Улаанбаатар хотын хуучин барилгуудыг яах учиртай юм, шинэ хорооллууд хэрхэн бий болгох вэ гэсэн асуудал бий.

Тиймээс энэ гурван чиглэлээр ажиллаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалцахын төлөө УИХ-д дуу хоолойгоо өргөж байна. Улаанбаатар хот 220-иод мянган өрхтэй. Үүний 46 гаруй хувь нь орон сууцанд үлдсэн нь гэр хороололд амьдардаг.

Энэ тоо өнөөдөр бага зэрэг өөрчлөгдөж байгаа болов уу. Гэр хорооллын өнөөгийн нөхцлийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс инженерийн шугам сүлжээ тавих, авто зам байгууулах зэрэг олон асуудал бий. Энэ бүхнийг өөрчлөхөөр хуулийн төсөл дээр багагүй хугацаа зарцууллаа.

Нийслэл өөрөө өөрийгөө авч явах эдийн засгийн чадавхтай байх учиртай. Тиймээс төсөв, удирдлага санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөхөд энэ асуудлыг тусгахаар саналаа оруулаад явж байна. Тодруулбал, нийслэл бонд гаргаж, зээл авдаг байх учиртай. Хот нь эдийн засгийн биеэ даасан чадвартай байж хөгждөг дэлхий нийтийн жишиг бий.

-Нийслэлийн хилийн цэсийг хамгийн сүүлд хэдэн онд тогтоосон бэ?

-1995 онд тогтоосноос хойш өөрчлөгдөөгүй байна. 1995 онд тогтоохдоо Төв аймгийн газар нутгаас авна гэж санал оруулсан ч УИХ-аас дэмжигдээгүй.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдсэн ч урагшаа явахгүй чимээгүй болчихлоо. Та ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа шүү дээ?

-Тиймээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 11-ний өдөр УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөл дээр хоёр жил гаруй хугацаанд ажиллалаа. Хууль урагшаа явахгүй байх нэг шалтгаан нь хотын даргыг томилох, сонгох гэсэн асуудалд улстөрийн шийдвэр нөлөөлж, хоёр намын санал таарахгүй цаг алдсантай холбоотой юм.

Нөгөөтэйгүүр нийслэлийн эдийн засгийн бие даасан чадвартай холбоотойгоор бонд гаргах, зээл авах асуудал ч санал хувааж цаг алдсан. Гэхдээ энэ асуудал үндсэндээ тохирч байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд хэд хэдэн онцлог асуудлыг тусгаж байна. Энэ удаад нийслэлийн иргэдийн эрх, үүргийг тодруулж өгч байна.

Ялангуяа аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан. Манайхан эрхээ эдэлчихээд л үүргээ умартчихдаг. Өмнө бол аж ахуйн нэгжүүд адаглаад л эргэн тойрны 50 метр газрыг тохижуулж, цэгцтэй болгодог байсан. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийн үүргийг тодорхой тусгаж өглөө.

Мөн нийслэлийн удирдлагуудын эрх үүргийг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн удирдлагууд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яамд, тамгын газартай хэрхэн харилцах зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Өнөөдөр манай нэг хороо 21 мянган хүн амтай байна. Хамгийн доод тал нь 10 мянган хүнтэй.

Гэтэл хорооны ажлыг мянган хүн амтай багийн хэмжээнд зохицуулахаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байдаг. Тиймээс зарчмын өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзээд хороог сумтай, дүүргийг аймагтай адилтган, нийслэлийг тусдаа эдийн засгийн биеэ даасан бүс болгохоор хуульчилсан.

Бүлэг хүмүүсийн эрхийн төлөө явахгүй гээд ажлаа өгч байлаа

- Хуулийн төслөөр бол хотын даргын асуудлыг хэрхэн тусгаж өгч байна вэ?

-Өнөөдрийн мөрдөж байгаа хуулийн дагуу зохицуулахаас өөр боломжгүй байна. Үндсэн хуулинд өөрчлөлт орсны дараа асуудал тодорхой болно.

Би анх 2007 оны 12 сарын 27-ны өдөр хотын даргыг ард түмнээсээ сонгож байя, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө ингэж явмааргүй байна гэж хэлээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг өгч байсан. Өөрөөр хэлбэл, хэсэг бүлэг хүмүүст буюу Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон 45 хүнд үйлчлэх л хүн болж хувираад байна.

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсны дараа уг асуудлыг шийдвэрлэх боломжтой. Миний хувьд нийслэлийн өдөр буюу арав дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулчих зорилготой байна.

-НИТХ-ыг байнгын ажиллагаатай болгох асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ нь мөн л Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал. Анх хуулиндаа уг асуудлыг оруулсан ч ажлын хэсэг Үндсэн хуулинд өөрчлөлт орсны дараа энэ бүхнийг шийдвэрлэх боломжтой гээд орхисон.

-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах журам батлагдаж, ажлын хэсэг ажиллаж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль үүнтэй уялдаж байна уу?

-Уялдаж байгаа. Зарим гишүүн хотын даргыг ард түмнээс сонгох, НИТХ байнгын ажиллагаатай байх, хотын дарга засаг дарга хоёрыг салгах зэрэг санаагаа хэлж байна. Хотын дарга, Засаг дарга нь өөр өөр үүрэгтэй. Нийслэлийн Засаг дарга бол улстөрийн албан тушаалтан. Харин хотын дарга нь аж ахуйн менежер.

Төр инженерийн шугам сүлжээг тавих хэрэгтэй

-Бидний ярилцлага налгар намрын өдрүүд дуусаж байгаа үед болж байна. Учир нь өвөл дөхмөгц утааг санадаг. Үе үеийн хотын дарга нарын толгойны өвчин болсон нийслэлийн агаарын бохирдлыг хэзээ, яаж бууруулах юм бэ. Түүх сөхвөл, 1913 онд “Шинэ толь” хэмээх сонинд Хүрээний эсгийн гэрийн утаа ихсэж байгаа тул модон байшин барих хэрэгтэй гэсэн агуулгатай мэдээлэл гарч байсан нь утаатай их л эртнээс тэмцэж ирсэн хэрэг. Утаанаас төчнөөн жилийн дараа ийм сайн үр дүнтэй ажлууд хэрэгжүүлснээр сална гэсэн нэгдсэн ойлголт байна уу?

-Агаарын бохирдол нүүрс түлснээс л болж байна.

Улаанбаатар хот жилдээ сая 700 тонн түүхий нүүрс түлж байна. Үүний 700 мянгыг нь гэр хорооллынхон, сая тонныг нь жижиг уурын зуухууд түлж байна. Миний хувьд энэ асуудалтай холбоотойгоор хоёр асуудлыг эхлүүлээд ажиллаж байсан юм.

Ер нь нийслэлийн хэмжээнд жижиг нам даралтын уурын зуух 1200 бий гэсэн тооцоог намайг хотын даргаар ажиллаж байх үед хийж байсан. Тиймээс эхний ээлжинд нам даралтын уурын зуухуудад өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бөгөөд төсвийн байгууллагуудынхаас эхлэхээр тооцоолсон.

Сургууль, цэцэрлэг гээд төсвийн байгууллагыг дулаанаар хангадаг 200 гаруй жижиг уурын зуух байгаа тооцоог гаргаж байлаа. Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа уурын зуухуудад өөрчлөлт хийснээр жилд сая тонн нүүрс түлдгийг 500 мянган тонн болгон бууруулах зорилттой байсан бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 30 хувь бууруулах хэмжээ юм.

Гэтэл сүүлийн үед энэ чиглэлийг орхиж, ганцхан гэр хорооллын утааг ярьж, гэрийн зуухыг шинэчлэх тухай ярьж байна. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ энэ бүхнийг хангалттай туршиж үзсэн.

Гэрийн зуухыг шинэчилж, түлшний бүтцийг өөрчлөн, дээвэр туургыг нь хүртэл өөрчилсөн ч энэ нь шилдэг арга биш байсан. Эцсийн дүндээ утаанаас салах шилдэг арга бол орон сууцжуулалт гэдэгтэй хэн ч маргахгүй.

Хамгийн гол нь төрөөс инженерийн шугам сүлжээг гэр хороололд бий болгоод өгвөл иргэд нүүрс түлэхээ байж, туслах шугамуудаа өөрсдөө бий болгон, тохилог амьдралыг бий болгож чадна. Орон сууцжуулахын тулд гурван чиглэлийг баримтлах хэрэгтэй. Тодруулбал, өндөр, амины, жижиг хямд өртөгтэй гэсэн гурван төрлөөр орон сууцжуулах хэрэгтэй.

Миний хувьд УИХ-д сонгогдохдоо иргэдийн газрыг орон сууцжуулахыг зорилго болгосон. Энэ ажил ч үр дүнгээ өгч байна. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа нийслэлийн хэд хэдэн гэр хорооллын газрыг чөлөөлүүлж, орон сууцны хорооллууд барих ажил эхлүүлсэн нь урагштай байна.

Ер нь бид өмнөд хөршөөсөө л суралцах хэрэгтэй. БНХАУ-д иргэдээ орон сууцжуулах хамгийн шилдэг арга нь төрөөс инженерийн шугам сүлжээг бий болгодог явдал юм. Манайх энэ зарчмыг л баримтлах хэрэгтэй.

-Энэ жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулахаар ямар ажлуудыг хаанаас эхлүүлээд байна вэ. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын мэдээтэй танилцаад хангалтгүй гэсэн дүн тавьсан. Нэг яам нэг журам батлаагүйгээс ажил нь хойшлоод байгааг шүүмжилж байсан. Энэ жилийн төсөвт агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулж мөнгө суулгаагүй биз дээ?

-Энэ жилийн хувьд агаарын бохирдлыг 30 хувь бууруулна гэж байна.

Миний хувьд өнгөрсөн хавар энэ хувийг хэлж байхад худлаа гэдгийг нь хэлсэн. Үнэндээ өнөөдөр тодорхой үр дүнтэй ажил хийсэнгүй. Гаднаас түлш оруулахгүй байгаа 18 цэгт нүүрс түлэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Хяналт тавиад ч нэмэргүй дээ.

Өнөөдөр сурталчлаад байгаа шахмал түлшийг манай нөхцөлд түлээд, үр дүнгээ өгөхгүй байна. Хүмүүс илчгүй түлш түлээд даараад суухыг хүсэхгүй шүү дээ. Энэ жил төсөвт агаарын бохирдлыг бууруулахад нэг ч төгрөг тусгаж өгөөгүй. Төсвийн тодотголын үеэр хэрэлдээд бараагүй.

Одоо хийх гээд байгаа энэ зүйлүүд бол Мянганы сорилтын сангийн хүрээнд төлөвлөж хэрэгжүүлэх ажил явагдаж байна. Энэ нь төрөөс агаарын бохирдлын асуудлыг зөвхөн дайвар маягаар хэрэгжүүлэх ажил гэж ойлгож болохоор байна. Түүнээс биш төсвөөс мөнгө гаргахгүйгээр хийнэ гэж байхгүй шүү дээ.

Мордохын л хазгай болсон шүү дээ

-Өвөл хаяанд ирсэн байхад төсвийн тодотгол хийж, хөрөнгө мөнгийг нь шийдээд ч нэмэргүй биз дээ?

- Аль зургадугаар сард, эсвэл ээлжит бус чуулган зарлаад төсвийн тодотголоо хийх хэрэгтэй байсан шүү дээ. Сангийн дэд сайд нь нэг их наяд төгрөг манай дансанд байна гээд л байсан. Одоо аравдугаар сард төсөвт хэчнээн тодотгол хийгээд ч ажил урагшлахгүй шүү дээ.

-Нөхцөл байдал ийм байгааг та бүхэн мэддэг. Гэтэл Засгийн газар ажлаа хийхгүй байна. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны гэмт хэрэг гэж хэлж болох уу. УИХ-ын гишүүд Засгийн газарт шаардлага тавих эрхтэй байтал яагаад толгойг нь илээд байна вэ?

-Гэмт хэрэг гэж хэлэхэд буруудахгүй. Энэ жилийн хөрөнгө оруулалтын ажил үр дүн муутай харагдаж байна. УИХ-ын хэсэг гишүүн үргэлж шаарддаг. Гэвч үүнийг тоохгүй байна.

Миний хувьд ажлаа хийж чадахгүй байгаа сайдын асуудлыг хоёр ч удаа Засгийн газарт тавиад хана мөргөсөн. Учир нь сайдууд асуудлыг хэлэлцэх үеэр дэмжих хоёр хоёр хүнээ бариад л ороод ирдэг. Нуулгүй хэлэхэд энэ нь цэвэр мордохын хазгай гэдэг л болсон шүү дээ. Аливаа нэг нам анх сонгуульд оролцохдоо Засгийн эрхийг авч, бодлогоо хэрэгжүүлнэ гэж оролцдог.

Ард түмэн МАН-д итгэснээр УИХ-д 45 суудал авч,дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломжтой. Гэтэл стандарт бус Засгийн газар байгуулан, нэг хөнжилд орж, нэгнийхээ амыг хамхиж байна.

Зөвхөн 20 гишүүний шаардлага биш

-Олонх, цөөнх хамтарч Засгийн газар байгуулж болохгүй юм гэдэг нь өнөөдөр харагдаж байгаатай санал нийлэх үү?

- Манайх шиг улс оронд болохгүй ээ. Харин өндөр хөгжсөн Европын орнуудад байж болно. Өөрөөр хэлбэл, хөгжилтэй улс орнуудад Засгийн газрыг нь хэн тэргүүлж, хэдэн удаа огцрох нь хамаагүй. Гэтэл манайд иргэдийн амьдрал нь Засгийн газартай шууд хамааралтай болоод байна.

- УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагыг 20 гишүүн Засгийн газарт хүргүүлээд байна. Таны хувьд гэрээг өөрчилж, ард түмний эрх ашигт нийцүүлэхийн төлөө анхнаасаа байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар та бүхний шаардлагыг хэрхэн хүлээж авах бол?

-Энэ шаардлага бол зөвхөн УИХ-ын 20 гишүүнийх биш. Монгол Улсын 2,7 сая хүн амын эрх ашигтай холбоотой асуудал юм. Шаардлагыг анх удаа ч тавьж байгаа биш шүү дээ.

Анх Оюутолгой төслийг УИХ-д оруулж ирж байхад л ард түмний эрх ашгаас ангид гэдгийг нь хэлж байсан ч олонхиороо авч гарсан. Тиймээс гэрээг сайжруулах шаардлагыг бидний 20 гишүүн Засгийн газарт өргөн барьж, ирэх сарын нэгний дотор хариуг нь авахаар саналаа хэлсэн.

Миний хувьд өөртэй нь уулзаагүй ч Ерөнхий сайд С.Батболд энэ асуудалд өндөр ач холбогдол өгч байгаа нь харагдахгүй байна. Бид Оюутолгойн гэрээг цуцлая гэсэн санал гаргаагүй, харин гэрээнд байгаа алдаануудаа засах шаардлага тавьж байна. Гэрээнд байгаа ноцтой алдаануудын талаар улиг болтол ярьж байна.

Хэрвээ Оюутолгойн гэрээг засаж чадвал Монгол Улсын хувь заяанд сайн зүйл авчирна. Аливаа бизнес хэн хэндээ ашигтай байх учиртай. Гэтэл гэрээнд манай талд ашигтай зүйл бага. Оюутолгой төслийг анх 2007 онд УИХ-д өргөн барих үед өртөг нь 2,7 тэрбум ам,доллар байсан. Тухайн үед зах зээлд аливаа юмны үнэ ханш өндөр байсан.

Харин өнөөдөр эрчим хүчний зардал буурч, металлын ханш нэмэгдэж байна. Гэтэл байдал ийм байхад өнөөдөр хөрөнгө оруулалтаа 6,2 тэрбум ам,доллар гэж нэмсэн. Хамгийн гол нь геологи хайгуулын зардал бага гардаг газарт хөрөнгө оруулж, их хэмжээний ашиг л авах зорилготой байна.

-УИХ-ын 20 гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлсний дараа “Рио Тинто”-гийн цахим хуудсанд та бүхнийг шүүмжилж, сануулга өгсөн агуулгатай зүйл бичсэн байна. Эрх баригчид улсаа худалдаад дуусаж байна уу?

-Энэ бол хэсэг бүлэг хүмүүсийн л хийж байгаа ажил. Би нэг жишээ хэлье. 2010 оны тав дугаар сарын 11-ний өдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооноос миний биеэр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэгт Оюутолгойтой холбоотой төсөвт орж байгаа мөнгө болон ажиллах хүчний талаар мэдээлэл авч, шалгах үүрэг өгсөн. Харамсалтай нь өнөөдөр хүртэл манай ажлын хэсэг шалгаж чадахгүй байна.

“Рио Тинто”-гоос мөнгө тараасан байсан шүү

-Компани нь шалгуулахгүй байна уу, Засгийн газар шалгуулахгүй байна уу?

-Компани нь шалгуулахгүй байна. Уг нь УИХ-ын гишүүн мэдээлэл авах бүрэн эрхтэй ч бидэнд мэдээлэл өгдөггүй. Оюутолгойнхон УИХ-ыг гишүүдийг хуц л гэж хэлдэг болж байна шүү дээ.

Энэ бол Монголын төрийн доройтлыг харуулж байгаа хэрэг. Би уул уурхайн чиглэлээр Канадад туршлага судалж байхдаа “Рио Тинто” компанийн талаар мэдээлэл авахаар Эрчим хүчний яаманд нь хүртэл очиж байсан.

Ер нь нэр хүндтэй компани биш нь мэдэгдсэн шүү. Д.Зоригт сайдыг огцруулахаар би хэсэг явсныг та бүхэн мэднэ. Гэтэл тэр үеэр манай зарим хэвлэлийнхэн миний хэлсэн үгний чухал хэсгийг хасаад л нийтэлж, цацаад байсан. Ингээд энэ хэрэг хэсэг намжсан.

Би яагаад ийм байдалд хүрснийг өөрийнхөө хэмжээнд судлахад хэвлэлийнхний амыг барих гэж “Рио Тинто”-гоос мөнгө тараасан байсан. Гэтэл тэр мөнгийг нь манайд төрийн алба хашдаг нөхөр тараасан байсан шүү. Өнөөдөр ч гэсэн Ерөнхий сайдад болохгүй зүйлийн талаар асуудал тавьж байна.

Гэвч мөн л Ерөнхий сайдын талаар муу мэдээлэл цацахгүй байлгах гэж хэвлэлийнхний амыг барьж байна. Би үүнийг хаана ч хэлнэ.Оюутолгой орд анхнаасаа л мордохын хазгай болсон. Ордын хайгуулын лицензийг техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад л ашиглалтын лиценз болгосон.

Уг нь дөрвөн орд тус бүрд техник эдийн засгийн үндэслэл хийх учиртай. Өнөөдөр хэнд ч ингэж лиценз олгохгүй дээ. “Эрдэнэт уулын баяжуулах” үйлдвэрийн гэрээг таван жил тутамд шинэчилж байна. Гэтэл Оюутолгой гэрээг 30 жил гээд хийчихсэн.

Энэ хугацаанд хамаг баялгийг минь аваад дуусах биз. Дээр нь ордын дэргэд бүтээн байгуулалт, дэд бүтэц байгуулах учиртай байтал юу ч хийхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт уулын баяжуулах” үйлдвэрийг дагаж боссон шиг бүтээн байгуулалт хийхгүй гэсэн.

Өөрөөр хэлбэл, хоосон газар үлдээгээд л явах болно. Өнөөдөр энэ компани орон нутгийн хөгжилд нэмэр хандив болж байна гэж ярьдаг. Гэтэл Ханбогд сумын иргэдэд сарын 300 мянган төгрөг сул тараагаад л үүнийгээ ажилд авсан мэтээр харуулдаг.

Чамайг ажилд авсан гэж бүртгэсэн болохоор дуугүй л явж бай гэж амыг нь таглана. Гэтэл энэ нь өнгөн тал дээрээ ажиллах хүчний харьцаагаар монголчууд илүү байгаа мэт харагдуулж байна. Гэвч ажилчдын дийлэнх нь хятадууд л байна. Орон нутгийн хөгжилд ихийг өгөөд байна гэнэ. Энэ бол юу ч биш.

Фрийд Ланд гэдэг нөхрийн нэг шөнийн мөнгийг л өгөхөд манайхан их мөнгө өгчихлөө гэж баясаж байна. “Рио Тинто”-гийн цахим хуудсанд УИХ-ын 20 гишүүнийг цөөнх гэж доромжилсон байна билээ. УИХ-ын гишүүдийн өмнөөс ингэж хэлж байгааг юу гэж ойлгох вэ. Их зориг оо.

Гэрээнд Монгол Улсын газар нутагт санхүүгийн тайлан тооцоог англи хэлээр хөтөлнө гэж байгаа. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ мэт улсын эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг засах л хэрэгтэй.

20 гишүүний тоо үржинэ

-Ийм байхад УИХ яагаад гэрээг баталсан юм бэ. Гэрээг ийм байдалтайгаар батлуулахын эсрэг байсан гишүүд цөөнх болж хүч хүрээгүй юу. Эсвэл ямар нэгэн лобби, дарамтад орсон уу?

-Би гэрээг батлахын эсрэг байсан. Гэвч цөөнх дуугараад хүч хүрээгүй. Засгийн газрын энэ бусармаг үйл ажиллагаа бол цөөн хэдэн хүмүүсийн хүрээнд л байна.

-Тавантолгой ордыг ашиглах гэрээ яг Оюутолгойн араас орох нь гэсэн болгоомжлол нийтийн дунд байна. Та санал нийлэх үү?

-Миний хувьд энэ парламентын үед Тавантолгой төслийг батлаад хэрэггүй гэж бодож байна. Надтай санал нэг гишүүн олон бий. Дараагийн Засгийн газар арай ийм байдалтай бүрэлдэхгүй болов уу.

-Та бүхэнтэй санал нэг байгаа иргэний хөдөлгөөн, ард түмний төлөөлөлтэй хамтраад жагсаж болохгүй юу?

-Иргэний хөдөлгөөнүүд зөндөө л жагссан. Монголчууд нүүрэн дээрээ дэмжээд байгаа мэт боловч жагс гэхээр жагсдаггүй л байхгүй юу.

-Иргэд буруу зүйл рүү яваад байна гэдгийг үндсэндээ ойлгоод байна. Саяхны Сант Маралын судалгаагаар нийт иргэдийн 10 хувь нь Засгийн газарт итгэж байна гэсэн бол тавин хувь нь огт итгэхгүй, 40 хувь нь аль ч нам асуудлыг шийдэж чадахгүй байна гэжээ?

-Тиймээ энэ гэрээг одоо л өөрчлөх хэрэгтэй.

Цаг алдана. Үйлдвэрлэл байгуулахаас өмнө бүх зүйлээ тохирч, дүрмээ тодорхой болгохгүй бол нэгэнт бүтээгдэхүүн гараад ирвэл бүх зүйл өнгөрнө. Манай сайд нар буруу ярьж байгаа зүйлээ зөв гэдэг. Энэ бол цэвэр гэмт хэрэг.

-УИХ-д эрүүлээр сэтгэдэг 20-иод гишүүн байна гэж ойлгож болох уу. Энэ тоо цаашид нэмэгдэх үү хасагдах уу?

-Миний хувьд нэмэгдэнэ гэж бодож байна. Улсын ерөнхий эрх ашгийг бодох байлгүй дээ. УИХ-ын сонгууль ч дөхөж байна. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг шүүнэ шүү дээ. 20 гишүүний тоо үржиж, үр дүн гарна гэж бодож байна.

Надаас лав мөнгө аваагүй

-Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь УИХ-ын сонгуулийн тухай хууль гэсэн. Хэлэлцэж амжих уу. Үнэн хэрэгтээ хоёр нам тохироо хийсэн болохоор энэ ажил урагшаа ахихгүй гэсэн ойлголт байна. МАН ард түмнээсээ асуулга явуулах нь юу болж байна вэ?

-Ард түмнээсээ асуулга асуух нь хугацаа шаардах учир амжихгүй. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, шинэчлэхдээ асуудлын гол нь оршиж байгаа юм биш.

Харин хууль хэрэгжүүлэх болон хариуцлага тооцох тал дээр дутагдалтай байгаагаас шударга бус явдал гараад байна. Манай намын хувьд сонгуулийн 52:24 буюу мажоратори давамгайлсан тогтолцоог сонгож байна. Мажоратори нь шууд сонгох тогтолцоо. 24-нь намын нэрээр явах ч заавал хувь хүний нэртэй давхар явах юм.

Гэтэл АН зөвхөн намын нэрээр явна гэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг юм. Намын нэрээр хэн ч гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс аль ч тохиолдолд намын нэрийн ард хүн байх учиртай гэсэн байр суурьтай байна.

-Сонгууль шударга явуулахад санал тооллого будлиангүй байх нь чухал гэдэг. Санал тооллогыг хэл үггүй болгоход автоматжуулсан системийг хэрэглэх нь зүйтэй гэдэгтэй санал нийлэх үү?

- Саналыг автоматаар тоолох нь найдвартай зүйл биш. Санал тоолох программыг хүн хийдэг. Гаднын хүн хийж байгаа ч программаа худалдана шүү дээ.

Тиймээс би намынхандаа энэ ерөөсөө хэрэггүй шүү гэж хэлж байгаа. 1990 оноос хойш би сонгуулийн ажилд оролцож байна. Гэвч санал тоолоход будлиан гарсан гэдгийг огт ойлгодоггүй юм. Будлиан гарсан гэж яриад л байгаа боловч баталсан зүйл байхгүй шүү дээ.

-Улс төрчид л будлиан гарсан гэдэг шүү дээ?

- Тэд түүнийгээ нотлох хэрэгтэй.

-МАН УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох нэр дэвшигчдээсээ хэдэн төгрөг авч байгаа вэ. АН 50 сая төгрөг авч байгаа юм билээ?

-Надаас мөнгө авна гэж хэлээгүй. Өмнөх сонгуульд нэр дэвшихдээ ч өгөөгүй.

-Өмнөх сонгуульд нэр дэвшигчид намдаа 20 сая төгрөг өгсөн?

-Би лав өгөөгүй. Одоохондоо мэдсэн юмгүй байна.

-УИХ-ын сонгууль дөхөөд нам, хөдөлгөөнүүдийн улстөрийн амьдрал идэвхжиж байна. Сонгуульд хэрхэн оролцох бодлогоо тодорхойлж байна. Танай намын дотоод ардчилал ямар байна вэ?

-Мэдээж аль ч нам сонгуульд оролцохын тулд өөрийн гэсэн арга, менежмент хэрэглэж оролцдог. Өнөөдөр улс төрийн намуудад тийм л төлөв байдал ажиглагдаж байна. Судалгааны дүнгүүдээс харахад манай намын рейтинг дундаж байна гэж ойлгож байгаа. УИХ-ын сонгуульд оролцохын тулд нам сайн ажиллах л хэрэгтэй.

Монгол хүний үнэ цэнэ байхгүй болжээ

-“Ард түмнээ сонсоё” аяныг танай намаас өрнүүлж байна. Таныг явж байхад ард түмний амьдрал ямар санагдаж байна вэ?

-Амьдрал сайнгүй байна. Ажилгүйдлийг бууруулах зүйл үнэндээ хийхгүй байна. Хотын даргаар ажиллаж байхдаа Туркийн туршлагыг судалсан. Турк улс хотынхоо захад жижиг үйлдвэрлэлүүдийг бий болгож, ажилгүй хүмүүсийг аваачиж ажиллуулаад хөлсийг нь дор нь тооцож өгдөг.

Энэ зарчмаар л явах хэрэгтэй байна. Монгол хүний үнэ цэнэ өнөөдөр байхгүй боллоо. Монгол аж ахуйн нэгжийн үнэлэмж байхгүй болж, хамаг төслөө гаднын аж ахуйн нэгжид өгч байна.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа би намын бүлгийн хурал дээр С.Баяр даргад хандаж “салбар салбарт шижигнэсэн тав таван компанийг төрийн бодлогоор дэмжээч” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-ын эдийн засгийн хөгжил яг энэ бодлоготой л холбоотой.

Хятад Улс аль ч оронд зээл өгсөн өөрийн компанийг гүйцэтгэгчээр явуулдаг. Гэтэл манайхан гаднын компанийг толгой болгодог. УИХ-аас Хөгжлийн банк байгуулж, томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхээр ярьж байна. Гэтэл банкыг Солонгос нөхөр ирээд л удирдаж байна.

Хөрөнгийн биржийг ч ялгаагүй гаднын нөхөр удирдаж байна. Дээр нь манайхан гадаадад хагас хугас боловсрол эзэмшсэн хүнийг өргөмжлөх юм. Энэ бол алдаа. Манайх сонгон шалгаруулалт зарлахдаа жилдээ 30 тэрбум төгрөгийн ажил хийсэн, 60 км авто зам тавьсан гэх зэрэг болзол тавьсан байх юм.

Манайд үүнийг нь хангах ганц ч аж ахуйн нэгж байхгүйг мэдсээр байж сонгон шалгаруулалтад ийм болзол тусгадаг. Угаасаа төрийн бодлогоор дотоодын аж ахуйн нэгжээ дэмжихгүй байгаа нь үүнээс харагдаж байна. Үнэндээ манайхан нидэр дээрээ хамаг хүнд хүчир ажлыг нь хийсэн мөртлөө мөнгийг нь гаднынхан л аваад явж байна.

Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байна

-Жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс дэмжихийн тулд хэрэгжүүлэгч агентлаг байгууллаа. Үйлдвэрлэлийг дэмжихийн тулд жилд 30 тэрбумыг зарцуулж, бонд гаргаж байна. Үйлдвэрлэл хэр хөгжиж байна вэ?

-Үнэндээ юу ч байхгүй байна. 30 тэрбум төгрөг том тоо мэт санагдаж болно. Гэтэл энэ мөнгөө 21 аймаг 336 сумандаа хуваагаад тооцохоор нэг суманд сая төгрөг оногдоно.

Энэ мөнгөөр ямар ч ажил хийж болохгүй. Нийслэлийн хэмжээнд 7-8 тэрбум төгрөг гээд тооцохоор нэг дүүрэгт тэрбум төгрөг л оногдож байна гэсэн үг. Үүнийгээ 28 хороондоо хуваагаад үзэхээр үнэндээ ажил хийж болохгүй байна.

Нөгөөтэйгүүр манайхан мөнгө олдохоор хямдхан үнэтэй эвдэрхий машин авч, гайгүйхэн шиг утас худалдаад авчихдаг. Цаана нь үйлдвэрлэл явуулах мөнгөгүй л үлдэж байна шүү дээ. Улс орон хөгжихийн тулд гурван зарчмыг л баримтлах хэрэгтэй гэдгийг бусдаас сонсож, ойлгосон.

Нэгдүгээрт, эрүүл боловсролтой иргэнтэй байх, хоёрдугаарт, хууль эрх зүйн орчноо сайн болгох, гуравдугаарт, банк санхүүгийн системийн сайтар тогтолцоотой байх гэсэн зарчмыг нарийн мөрдвөл улсын хөгжил аяндаа зөв замаар явах болно.

-Уул уурхайн баялгаас их хэмжээний мөнгө орж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна гэж ярьж байна. Тэр мөнгө хаашаа яваад байна вэ. Бусад улс орны туршлагаас харахад уул уурхайн салбарт ямар менежмент баримталснаар хөгжөөд байна вэ?

-Өнөөдөр манайд уул уурхайн салбараас мөнгө орж ирж байгаа зүйл байхгүй.

Оюутолгой, Тавантолгойгоос орж ирээд байна уу. Үгүй шүү дээ. “Рио Тинто”-нь манай А лицензийг харуулаад гаднын зах зээлд мөнгө босгож байна. Тэгээд тэр мөнгөнийхөө багахан хэсгийг Монголд хүүтэй зээлж байна.

Харин үлдсэн мөнгөөрөө өөр газруудаас төсөл авч мөнгөө улам арвижуулж байна. Уг нь манайх өөрийн баялгаараа IPO хийгээд, зах зээлд мөнгө босгох хэрэгтэй юм. Ер нь гаднынхны бусармаг үйлдлийг зогсооход Ашигт малтмалын хуулиа хэсэгчилж яаран шинэчлэх хэрэгтэй байна.

-УИХ-ын гишүүн болоод хэчнээн хууль санаачлав. Дэмжигдээгүй нь хэд байна вэ?

-Миний нийслэл рүү чиглүүлж,санаачилж, боловсруулсан гурав, дөрвөн хуулийн төсөл дэмжигдэж батлагдсан. Дэмжигдээгүй нь ч бий. Нэг зүйлийг хэлэхэд манай УИХ-д хотыг бодлогоор хөгжүүлэх шийдвэр гаргах хүмүүс цөөн байна.

Хэдий мандатын тоогоор 76-гийн 56-нь хөдөөнөөс сонгогдсон ч нийслэл хүн ам ихтэй шүү дээ. Ямаанд тэрбумаар нь мөнгө зарцуулдаг мөртлөө нийслэлийн нийтийн тээвэрт мөнгө өгөхдөө хэрүүл болно шүү дээ.

Нийслэл таг харанхуй байна. Улаанбаатарт 10 мянган айл цахилгаангүй байна. Гэтэл мөнгө гаргахгүй л байна. Уг нь би уур уцааргүй хүн байсан шүү дээ. Одоо ч энэ бүхнээс болж их бухимддаг болж дээ.

Газрын үнэ орон сууцны үнэд нөлөөлөхгүй ээ

-Орон сууц хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Барилгын салбарын хөгжил хурдтай хөгжиж байна уу. Энэ салбараас орох орлого ямар байна вэ. Уул уурхайн баялгаас иргэдэд олгох сая төгрөгийг орон сууцанд зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа?

- Миний хувьд сая төгрөгийг орон сууцанд зарцуулах асуудлын хойноос нэлээд хөөцөлдсөн.

Засгийн газар хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн. Сонгуулийн үеэр би энэ асуудлыг ярьж явсан. Өнөөдөр барилгын салбар илүү хөгжиж байна гэдэг ч ихэнх мөнгө нь гаднаас авах бараа, материалд явж байна. Манайх дотоодоосоо элс, хайрга, усаа л хэрэглэж байна.

-Орон сууц үнэтэй байгаагийн шалтгаан энэ үү. Газар үнэтэй учраас орон сууц үнэтэй байна гэсэн зүйлийг холбогдох албаны хүн хэлж байсан?

-Барилгын бараа материалын ихэнхийг гаднаас авч байгаа нь үнэд ихээхэн нөлөөлж байна. Газар үнэтэй учраас орон сууц үнэтэй гэдэг нь ташаа мэдээлэл.

Тэрбум үнэтэй газар гэж хаана байдаг юм. Монголд лав байхгүй. Зайсангийн ам дахь газар тусдаа баян хүмүүсийн авдаг газар байх. Энэ бол жирийн хүмүүст хамаагүй. Үнэхээр газраас болж, орон сууц үнэтэй байгаа гэж ярьсан бол түүнийхээ учрыг тайлбарлах хэрэгтэй. Үүнийг би үгүйсгэж байна.

-Нийслэлийн түгжрэлээс хэзээ салах бол. Хэдэн жилийн өмнөөс л метро тавих талаар ярьж байсан. Хэзээ гүүрэн замууд тавих вэ. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Нийслэлд метротой болох асуудлыг намайг хотын дарга байхад анх ярьж эхэлсэн юм. Энэ саналыг солонгосчуудтай ярьж байсан ч өртөг өндөртэй учраас манайд ашиггүй юм гэж үзсэн.

Харин үүний оронд агаарын гүүр байгуулах нь зүйтэй гэсэн санал гарч байсан. Гэвч энэ талаар тодорхой ярьж байгаа зүйл алга. Уг нь дөрвөн чиглэлд гүүрэн гарц байгуулахаас хоёрынх нь зураг төсөл гарсан байгаа. 2007 оны тооллогоор нийслэлийн хэмжээнд 90 мянган автомашин байгаа дүн гарсан.

Харин өнөөдөр 230 мянган автомашин нийслэлд бий гэсэн тооцоо гарч байна. Гэтэл нийслэлийн авто зам ачааллаа даахгүй боллоо. Тиймээс бид өнөөдөр автозамаа эхлэж байгуулж, инженерийн шугам сүлжээгээ барьсны дараа барилгаа барих нь хамгийн зөв шийдэл болно.

Ирэх сонгуульд нэр дэвших үү?

-Нам мэднэ.

-Хоёр танхимтай парламент байгуулах санал гарч, ирэх намрын чуулганд асуудлыг танилцуулахыг Засгийн газрын тэргүүн хэлж байна. Харин үүнийг зарим хүн сонгуулийн өмнө ард түмнийг хууран мэхэлж, эмзэг асуудлуус түр хөндийрүүлэхийг санаархаж байгаа хэрэг гэж байна. Та ямар саналтай байна вэ?

-Хоёр танхимтай болох нь өнөөдөр хэрэггүй ч яваандаа хэрэгтэй гэж бодож байна.

Г.Энхмандуул

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих