“Их хотын хямдрал” иргэдийн сэтгэлд нийцсэнгүй
Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан худалдааны салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ 20 гаруй тэрбум төгрөгөөр буурсан энэ үед компаниуд борлуулалтаа нэмэгдүүлэх үүднээс агуулах чөлөөлөх худалдаа, 50 хүртэлх хувийн хямдрал зарлах байх гэсэн хүлээлт Нийслэлчүүдэд байв.
Харин “Их хотын хямдрал” үзэсгэлэн, худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ 10-20 хувийн хямдралтай борлуулж буй нь нийслэлчүүдийн сэтгэлд нийцсэнгүй. НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал – 376” өдөрлөгт худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгж оролцож байна.Өнгөрсөн жилийн “Их хотын хямдрал” үзэсгэлэн, худалдаанд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, 300 мянга орчим иргэн нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийж байжээ.
Энэ тухай иргэд ийнхүү ярьж байна.
СХД-ийн иргэн Б. Гэрэлтуяа:
-Телевизээр аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ 30-70 хувиар хямдруулна гэсэн мэдээлэл цацсан мөртлөө яг ирэхээр хямдарсан зүйл огт алга. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа өмнөх жилүүд шиг бараа бүтээгдэхүүнээ хямдруулсангүй. Ихэнх компаниуд 10-20 хувийн л хямдрал зарласан байна. Манайх хэзээ зад хямдрал зарладаг болох юм бол доо.
Баянзүрх дүүргийн иргэн Г.Энхбаяр:
-Их хотын хямдрал гэдгийг олж харсангүй ээ. “Чансаа” компани хэрэглэгчдээ татах үүднээс автомашины хонжвортой сугалаат худалдаа зарласан юм шиг байна. Түүнээс биш 70 хувь хямдарсан бараа алга байна. Томоохон компаниуд цөөхөн оролцсон шиг санагдлаа. “Говь” компанийн малгай авах гээд олсонгүй.
Сүхбаатар дүүргийн иргэн Д.Чимэд:
-Иймэрхүү шоу хийхээ болих хэрэгтэй. Ард түмнийг олон жил хулхидлаа шүү дээ. Өнөө 40-70 хувь хямдарна гэсэн бараа хаана байна. Би эрээд олсонгүй. Үйлдвэрлэгчид бараагаа ганц өдөр зад хямдруулж болдоггүй юм уу. Хүн татахын тулд зад хямдрал энэ тэр гээд л хэвлэл мэдээллээр шуугиад байсан. Холоос зорьж ирсэн үнэхээр хямдарсан бараа бүтээгдэхүүн олж харсангүй. Савхин бээлий 10 мянган төгрөг гэж байна. Дэлгүүрт ийм л үнэтэй байсан ш дээ. Шүүрхий шорлог 3500, Хүүхдийн нэхий дотортой малгай яг дэлгүүрт байдаг үнээр 28 мянга гэж байна. 10-20 хувийн хямдрал зарлаж байна гээд үнэнээ хэлбэл бид цаг заваа гарздахгүй.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: