Сонгууль дөтөлсөн цагаар тодотгол хийх нь хэнд ашигтай вэ
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд төсвийн тодотгол хийхээр асуудлыг нэг мөр шийдвэрлэн холбогдох албаныхан бэлтгэл ажилдаа оржээ.
Учир нь энэ жилийн төсвийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн гэнэ. Тэгэхээр энэ жилийн төсвийн тодотголыг нэлээн өргөн хэмжээнд хийх нь ойлгомжтой. Гэвч сонгууль дөтөлсөн эл цаг үед төсвийн тодотголыг ирэх сард хийх нь ач холбогдлын хувьд тааруухан байхыг эдийн засагчид хэлж байна.
Учир нь эрх баригч намууд засгийн эрхийг эв найрамдлын түншлэлээр гэх боловч сонгууль ойртсон энэ цаг дор улс орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь мянгуужингийн үлгэр. Тэгээд ч МАНАН дундах сонгуулийн их тарчлаан төрийн механизмыг мултлан, тойргоо гороолж гүйх томчуудын цуваа үүсэх нь гарцаагүй.
Нэг үгээр хэлбэл, дүн өвлийн цагаар эх дэлхий цасанд хучигдаж, газар хөлдөх нь байгалийн хууль. Яг л эл үзвэрээр дөрвөн жилд ганц тохиох эрх баригчдын амь наана там цаахна үеэр хөлдүү газар мод тарина гэдэг байж болох асуудал мөн үү.
Гэхдээ аливаа асуудал ямагт хоёр талтай байдгийг санах хэрэгтэй. Яахав, төсвийн тодотгол хийх нь улс орны эдийн засагт сайн нөлөөтэй ч, энэ оны тухайд цаг үеэ олоогүйгээс гадна чоно борооноор гэгч явдал болж мэдэхийг учир мэдэх нэгэн нь учирлаж суусан.
Ямартай ч энд нэг зүйлийг тодруулахад, сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг дээрдэж байгаа талаар Олон улсын эдийн засгийн форумаас дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлангийн судалгааг гаргажээ. Энэ судалгаанд манайх сүүлийн таван жил хамрагдаж буй бөгөөд тасралтгүй ахиц, дэвшил гаргасан үзүүлэлттэй байна.
Тодруулбал, манай улс 2009 онд 117 дугаар байранд орж байсан бол 2010 онд 99 дүгээрт жагсчээ. Харин энэ онд 96 дугаарт орж, гурван байраар ахижээ.
Мэдээж энэ амжилтад хүрэхэд олон зүйл нөлөөлсөн. Ялангуяа, макро эдийн засгийн орчны үзүүлэлтүүдийг дурьдах хэрэгтэй болов уу. Тэр ч утгаараа улсын төсвийн ашиг өсч, алдагдлын хэмжээ буурсан. Түүнчлэн Засгийн газрын өрийн хэмжээ 26 хувиас 20 болтол багассан нь нөлөө үзүүлсэн байх жишээтэй.
Мөн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал, татвар ногдуулалтын хамрах хүрээ ба үр нөлөө, гадаадын өмчлөлийн цар хүрээ, худалдан авагчдын боловсронгуй байдал, дотоодын нийлүүлэгчдийн тоо, маркетингийн цар хүрээ гэх мэт үзүүлэлтээр хамгийн багадаа долоон байраар урагш ахисан үр дүнтэй байна.
Гэхдээ сайны хажуугаар саар зүйл бий. Хэдийгээр ерөнхий дүнгээр гурван байраар дэвшсэн ч бусад 113 үзүүлэлт дотроос хойшоо ухарсан дүн ч нэлээд байгаа юм. Жишээлбэл, инфляц. Эл төлөв 2009 оны байдлаар 6.3 хувьтай байсан бол өнгөрсөн жил 10.2 болсон нь 26 байраар ухрахад хүргэсэн.
Үндэсний хуримтлалын хэмжээ мөн л буурч, 46.3-33.7 болсон байх жишээтэй. Тэгэхээр олон улсад манай эдийн засгийг иймэрхүү чинээгээр үнэлж буй бол төрийн цээжинд суух эрх баригчид хэрхэн тайлбар хийж байгаа нь бас л сонирхолтой.
Сангийн сайд С.Баярцогтын мэдээлж буйгаар энэ оны улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 3.303.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 42.2 хувьтай байгаа гэнэ. Мөн нийт зарлага 4.084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 52.1 хувь, төсвийн алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 9.9 хувийн үзүүлэлттэйгээр УИХ баталсан гэж байгаа.
Мөн манай улсын төсвийн орлого энэ оны эхний долоон сарын байдлаар 248.8 тэрбум төгрөгөөр давж биелсэн аж. Энэ нь аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 936.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 87.9 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар өссөн юм байх.
Харин үүнийг салбарын мэргэжилтнүүд үзэхдээ уул уурхайн олборлох аж үйлдвэрийн буюу зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3-3.8 дахин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 1-8.5 дахин нэмэгдсэн нь төсвийн орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд нөлөөлсөн хэмээн тайлбарлаж буй. Түүнчлэн салбарын сайдын хэлж буйгаар импорт үнийн дүнгээр энэ оны эхний долоон сард 4489.0 тэрбум төгрөгт хүрч жилийн төлөвлөгөө 95 хувьтай биелсэн аж.
Харин хүлээгдэж буй төсвийн гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээтэй харьцуулахад 50 орчим хувиар өсөх хандлагатай байгаа аж. Мөн нийт импортод эзлэх татвартай импортын хувь хэмжээ олон жилийн дунджаас найм орчим функтээр нэмэгдэн 91 хувь болсон зэрэг нь төсвийн орлого давж биелэхэд гол нөлөө үзүүлсэн гэх албан ёсны мэдээ цацах болсон.
Харин улс орны эдийн засгийн мэдээллийн дүнгээс хэн хүний хамгийн их сонирхож хардаг тоо бол төсвийн алдагдлын хувь хэмжээ юм. Энэ оны байдлаар төсвийн алдагдал нэг оронтой тоонд байгааг эрх баригч намуудын удирдлагууд болон холбогдох албаныхны тодотгож, эдийн засгийн нөхцөл байдал “ок” хэмээн сайрхах болсон.
Гэтэл үнэн чанартаа энэ оны төсөвт тодотгол хийх урьдчилсан тооцоог боловсруулахад нэгдсэн төсвийн төслийн нийт тэнцвэржүүлсэн орлого 456.2 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 680.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, төсвийн алдагдал 1.003.9 тэрбум буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувь байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал хоёр оронтой тоонд хүрэхэд 0.1-хэн хувь байгаа нь ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг л болж байх шив.
О.Мөрөн
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: