МОХ-ны ерөнхийлөгч Н.Удаанжаргал: “Оюутны үнэлэмжийг өсгөх нь” илтгэл

Эрхэм хүндэт Оюутан залуусаа.

    Та бүхэндээ Монгол орныхоо ирээдүй болохоор шамдан суралцаж буй оюуны их үйлсэд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна.

Дэлхийн аль ч улс гүрний хөгжлийн хурд, чиг хандлага, ирээдүйн өнгө төрхийг оюутан, суралцагчид нь тодорхойлж, тэдэнд хандах хандлага, үнэлэмж нь улс орных нь нэр төр, баталгаа болж, итгэлтэй ирээдүйг байгуулах үндэс суурь байдаг.

Бидний, монголын бахархал бол алтан үе болсон ахмад буурлууд, хөдөлмөр бүтээлээрээ манлайлж яваа дунд үеийнхэн, тэдгээрийг залгамжлах хариуцлагатай үүргийг хүлээсэн оюутнууд, суралцагчид Та бүхний гарт Монгол улсын ирээдүй байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй ээ.

Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 101 буюу төрийн өмчийн 16, төрийн бус өмчийн 80, гадаадын салбар 5 их, дээд сургууль, коллежид суралцагч бакалаварын 155.839 оюутан, магистрын 19.065, докторын  зэрэг хамгаалахаар 3.391, мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 76 төвд суралцагч 24.545 суралцагч буюу нийт 202.840 оюутан, залуусаар эгнээгээ бүрдүүлсэн том гэр бүлийг төлөөлдөг, тэдний эрх ашгийг 73 жилийн түүхэндээ хариуцлагатайгаар хамгаалсаар ирсэн оюутны төв байгууллага болох МОХ-ны хийсэн ажил, байгуулсан гавъяа, цаашид хөгжилд оруулах оролцоо, хувь нэмрийг хэн ч, хэзээ ч  үгүйсгэж чадахгүй.

Монголын Оюутны Холбоо бол оюутан бүрийн эрхийг эрхэмлэсэн, бодлыг тусгаж, хүчийг нэгтгэсэн “Уураг тархи”, нөгөө талаар хөгжлийг агуулсан, хүчийг харуулсан, хэзээ ч мятрашгүй эх орны “Хөдөлгөгч хүч” гэдгийг онцлон, хүлээн зөвшөөрүүлж, хүндэтгэл бий болгох ажлуудыг хийж эхлэнэ.

Дэлхийн 127 улсад үйл ажиллагаа явуулж байгаа оюутны нэгдмэл зохион байгуулалттай буюу их, дээд сургуулийн оюутны холбоодоос бүрддэг нэгдсэн холбоод нь мэргэжлийн шинж чанар агуулсан, өндөр зохион байгуулалттай, мэргэшсэн менежер, ажилтнуудаас бүрдсэн боловсролын байгууллагууд болон төлөвшсөн байдаг.

Харин Монголд оюутны төв байгууллагын эрхийг хамгаалах үүрэгт нь хөндлөнгөөс нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх, улс төрчид өөрсдийн таалал дор байлгах бүтэлгүй оролдлого, хувийн сонирхол нь хэт давамгайлж, энэ байгууллагыг гадуурхаж, үгүйсгэж, хардаж, гүтгэх нь энгийн үзэгдэл болжээ.

МОХ, оюутны эрхийн төлөө үнэн сэтгэлээсээ тэмцэгч хэн ч бай дээрх хүндрэл бэрхшээлийг оюутны эрхийн төлөөх хүчээ нэгтгэх дуудлага хэмээн ойлгож, оюутны эрхийг хамгаалах, тэдэнд чанартай мэдлэг олгуулах, чадвартай боловсон хүчин болгох ажлаа зогсолтгүй үргэлжүүлж, МОХ-ны бодлого, хөтөлбөр дор нэгдэж ажиллах нь чухал байна.

    Иймд бид ажлаа дараах 8 зүйл бүхий ерөнхий асуудалд чиглүүлж байгаагаа цөөн үгээр товчлон танилцуулахыг хүсэж байна:

Нэгт: МОХ-г “Дээд боловсролын салбар дахь мэргэжлийн холбоо болгоно”. Оюутны холбооны гол хөдөлгөгч хүч нь суралцахын зэрэгцээ ширээ нэгтнийхээ эрхийг хамгаалж байгаа сонгуультнууд Та бүхэн, харин эд эс нь эрхээ хамгаалуулж байгаа оюутан суралцагчид байдаг. Та бүгд бусдаасаа түрүүлж өөрийгөө нийгэмшүүлж байгаа хувь хүмүүс гэдгээрээ давуу боловч бусдынхаа төлөө ажиллаж буй эрсдлийг байнга дагуулсаар яваа. Үүнээс гарах гарц нь эв нэгдэл, “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэх зарчим бидний мөрдлөгө байх учиртай. Өөрөөр хэлбэл оюутны төв байгууллага МОХ нь зөв бодлого гаргаж, төлөвлөж, гүйцэтгэж чаддаг, Та бүгд оюутнуудаа манлайлж, хамтдаа уриалан дуудаж, нэгтгэж чаддаг байхад оршино. Даяаршиж буй шинэ зуунд бид мэргэжлийн холбоо болон хөгжиж, төлөвших, дээд боловсролын салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөр, чанарын асуудлаар мэргэжих, төрөөс баримтлах оюутны бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх тэргүүлэх чиг үүрэгтэйгээр  оролцох, хувь хүний хөгжлийн чадавхийг нэмэгдүүлж, манлайлах ёстой. Ингэж байж бидэнд хүндэтгэл, хүрээлэл ирнээ.

Хоёрт: Оюутны эрхийг хуульчилж хамгаалах цаг иржээ. Улс орноо эрчимтэй, байнгийн өсөлттэй, тогтвортой хөгжүүлэхийг хүсэж, ирээдүйгээ боддог, санаа зовнидог аль ч орны Засаг, төрийн зүгээс залуучуудынхаа боловсрол мэдлэгт илүү анхаарч, төрөөс дэмждэг хуультай. Гэхдээ МОХ-ны, Та бүхний санаачлага, хичээл зүтгэл, цөхрөлтгүй хөдөлмөрийн үр дүн энэ ажлыг хөдөлгөх, хийлгэх хүч нь байх ёстой. Хэн нэгнийг зүгээр харж суугаад байвал оюутны асуудал, бидний санаачлагыг хэн ч сайн дураар шийдвэрлэхгүй ээ. Олон улсад тогтсон жишгийн дагуу Монгол улс “Оюутны эрх”-ийн тухай хуультай болох ёстой. Үүний эхлэл нь оюутны хөгжлийн хөтөлбөр буюу урт, дунд хугацааны концепци, бодлогын баримт бичгийг боловсруулах ажилд өнөөдрөөс орох шаардлага тулгарлаа. Түүнийг хэрэгжүүлэх жил, улирал, сарын графикт төлөвлөгөөг бүх шатандаа боловсруулж, мөрдөхөөс ажлаа эхлүүлнэ. 2015 оны 11 дүгээр сараас эхлэн МОХ-оос Та бүхэнд хөтөлбөр, төлөвлөгөөний загвар, төслийг боловсруулан хүргүүлж, саналуудыг авах, нэгтгэх ажлыг зохион байгуулна. Идвэхитэй оролцохыг уриалж байна.

Гуравт: МОХ-д “Гадаадад оюутан сургах бүтцийг бий болгоно.” Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж байгаа оюутнуудын эрхийн асуудалд онцгойлон анхаарал хандуулах нь бидний үүрэг. Тэдний хувийн эрх ашигт халдах, эрүүл мэндийн хувьд хохирох явдал ихээр тохиолдож байгаа нь сэтгэл өвтгөсөн асуудал боллоо. Тиймээс гадаад харилцаагаа улам өргөжүүлж, өөрийн орны болон гадаадын элчин сайдын яамдтай байнгын харилцаатай ажиллах хэрэгтэй байна. Гадаадад суралцагч оюутны амь нас, эрүүл мэндийг даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх, шийдвэрлэх цаг болсон. Нөгөө талаар дотоодод амжилттай суралцаж байгаа оюутнууд, ялангуяа оюутны анхан шатны байгууллагын дарга, сонгуультнуудыг гадаадад суралцах боломжоор хангах тал дээр МОХ бие даасан бодлоготой байж, ажил зохион байгуулах албан ёсны бүтцийг бий болгож, идэвхитэй, үр дүнтэй ажиллуулах талаар санаачлагатай ажиллана.

Дөрөвт: “Төрөөс оюутны талаар баримтлах нэгдсэн бодлоготой болгоно”. Оюутны төрөл бүрийн хөнгөлөлт, үйлчилгээ нь хэн нэгэнд үнэ төлбөргүй зүйл өгөхөд чиглэгдсэн ажил биш гэдгийг онцолмоор байна. Харин эсрэг утгаараа ирээдүйдээ оруулж байгаа бодит хөрөнгө оруулалт болохыг нийгэмд, төр засагт зөвөөр ойлгуулж, оюутнаа үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх нь бидний зорилт байх болно. Гэхдээ МОХ-ы энэхүү ажил нь зөвхөн оюутан залуусаар хязгаарлагдахгүй Монгол хүн бүрийн нийгэм дэх үнэлэмжийг дээшлүүлэхэд бодлого, оролцоогоо чиглүүлж, ирээдүйд бий болгох итгэлтэй, эрч хүчтэй, хөгжих Монголын төлөө ажиллана. Монгол улсын Их Хурлаас 1997 онд баталж, 2016 оны 5-р сар хүртэлх хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн “Үндэсний хөгжлийн цогц бодлого” нэртэй хөгжлийн урт хугацааны стратеги төлөвлөгөө амжилтгүй хэрэгжиж, хэрэгжих хугацаа нь дуусаад нилээд олон сарыг үдлээ. Монголчууд бид одоо хаашаа, ямар замналаар явж байгаагаа мэдэхгүй, бодлоггүй, харанхуй, бүдүүлэг улсад тооцогдож эхэлсэн. Улс нь хөгжлийн хөтөлбөргүй байгаа ч, оюутан суралцагчид, МОХ харин хөгжлийн урт, дунд хугацааны стратеги хөтөлбөрийг боловсруулж байгаагаа зарлаж, мэргэжлийн баг бүрдүүлэхээс ажлын гараагаа эхлүүлцгээе. Энэ хөтөлбөр, бодлогод оюутны хөнгөлөлт, үйлчилгээг зүй зохистой, хүртээмжтэй, тогтвортой байхаар төлөвлөх, гол нь халамж бус, ирээдүйн хөрөнгө оруулалт мөн байхаар тусгах нь урт хугацаандаа оюутан таны зөв хэрэглээг төлөвшүүлэх хэлбэр байх болно. Сүүлийн саруудад маргаан дагуулсан нийтийн тээврийн хөнгөлөлт, үйлчилгээг ч тусгаж, Төр, засгийн зүгээс заавал дагаж мөрддөг бодлого болгон мөрдүүлэх ашиг тустай.

Тавт: Сургалтын чанар, хичээллэх орчин, материаллаг баазыг бэхжүүлэхэд оролцож, “Оюутны эрхийн чадварлаг өмгөөлөгч” байна. Мэргэжлийн сургалт, дээд боловсролын салбарын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаач, менежерүүдээс бүрдсэн орон тооны болон орон тооны бус зөвлөлийг байгуулж, ажиллах журам, шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Ер нь оюутан хүн өгч буй сургалтын төлбөрийн хэмжээндээ тохирсон мэдлэг, боловсрол авч байна уу, үгүй юу? гэдгийг тогтоодог хэмжигдэхүүнийг Монголдоо бий болгох, ялангуяа суралцагч талын төлөөллөөс санаачлан нэвтрүүлэх нь хамгийн зөв гарц байх боломжтой. Энэхүү хэмжигдэхүүнд сургалтын чанар, хөтөлбөр, багшлах боловсон хүчний чадвар, туршлага, сургалтын орчин, материаллаг бааз зэрэг цогц асуудлыг тусгаж, иргэний хяналтын зарчимд суурилсан байдлаар зохион байгуулах нь оновчтой. Энэ ажлыг зөвхөн нийслэлд бус, их, дээд сургуулиуд бүхий аймаг, орон нутагт байгуулж, дэд салбар болгох ажлыг ч ирэх оноос эхлүүлэх хэрэгтэй.

Зургаадугаарт: Оюутны хөдөлмөр эрхлэлт ба “Цагийн ажил, цалинтай болгох”. Бүх шатны оюутны байгууллагын үе үеийн удирдлага, сонгуультнуудын өмнө тулгамдсан гол асуудал нь оюутны хөдөлмөр эрхлэлт байсаар ирснийг сануулах нь илүүц биз. Гэхдээ оюутны ажил эрхлэлт зөвхөн МОХ-оо бус төр, засгийн зүгээс санаачлага гаргавал зохих асуудал гэдгийг тэмдэглэе. Яагаад оюутны хөдөлмөр эрхлэлт олон жилийн турш яригдсан ч бодит биелэлээ олохгүй байгаа гол шалтгаан нь эрх зүйн таатай орчин бүрдээгүйд л байна. Учир нь оюутны хөдөлмөр эрхлэлтийн асуудал, үр дүн нь зөвхөн тоон мэдээлэлд тулгуурладаг, ажил эрхэлж буй оюутныг хуулиар, гэрээгээр хамгаалж ажилладаггүй, Монгол дахь хамгийн хямд бөгөөд эрхийг нь хэзээ ч зөрчиж болох ажилчид бол оюутан гэдэг муу нэр үлдсэнд оршиж байна. Тиймээс оюутны эрхэлж болох ажлын байрны жагсаалтыг гаргах, хөдөлмөрийн гэрээний загвар, журмыг боловсруулж, хөдөлмөрийн хуультай нийцүүлж, үүнийг хянаж, зуучилж ажилладаг хуульчдын болон зуучлагчдын багийг эхний ээлжинд ажиллуулах шаардлагатай. Нэг ч гэсэн оюутныг ажлаар хангах, ялангуяа хөдөлмөр эрхэлж байгаа оюутан  бүрийн эрхийг зөрчүүлэхгүй хамгаалах нь МОХ-ны зорилт байх болно.

Долоодугаарт: Улс орныг хөгжүүлэхэд “Оюутны оролцоог нэмэгдүүлж, хүчийг нь чиглүүлнэ. Оюутнууд бол нийгмийн хамгийн бүхэл бөгөөд хүчирхэг нэр хүнд бүхий бүтэц болохыг бид нотолж, үлгэр жишээтэйгээр харуулах мөч ирсэн байна. Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндрэлтэй, хямралтай байгаа энэ цаг үед оюутнууд бэрхшээлээс зугталгүй суралцахын зэрэгцээ улс орны хөгжил, бүтээн байгуулалтад оролцох үүргийг хүлээн авах хэрэгтэй. Үүнд зөвхөн санаачлага гаргахад л болно, гол нь зүгээр хэлээд суух биш цогц төсөл, хөтөлбөр боловсруулж Төр, засагт, компани, аж ахуйн нэгжүүдэд хүргэж, тэдэнд ч ашигтай, оюутныг ч орлого, ажилтай болгох нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Бид хуучин цагт байсан тариа хураалт, зуд турхан, малчдад туслах, нийтийг хамарсан ажлуудыг сэргээн оролцох боломжтой. Үүнд хөрөнгө мөнгө, цалин хөлстэй болохоос илүүтэйгээр хүндрэлтэй байгаа бүхий л салбарт оюутны оролцоог хангаж, хөгжлийг түргэтгэж, нийгэмдээ үнэлэгдэх бүтээн байгуулалтын төсөл болгоход чиглэгдэнэ.

Наймдугаарт: Оюутныхаа оюун “Мэдлэгийг үнэлдэг шударга тогтолцоог бий болгоно”. Эрдэм мэдлэг эзэмшихээр суралцаж байгаа оюутан суралцагчдын оюун, чадварыг нэг чигт төвлөрүүлж, эх орны бүтээгдэхүүн болгон хүлээн зөвшөөрүүлэх ажлыг МОХ эхлүүлэх ёстой. Нийгмийн болоод шинжлэх ухааны бүхий л салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутны оюуны оролцоог үнэлүүлэх, хувь нэмрийг нь нэмэгдүүлэх, улмаар оюутны нийгмийн нэр хүндийг өргөх санаачлага, ажил, хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнд хүргэнэ. МОХ асуудлаас зугтдаг бус, асуудлыг зориглон барьдаг, шийдвэрлэдэг байх нь энэ байгууллагын хамгийн том онцлог, давуу тал гэдгийг нийгэмд оюутнуудынхаа оюун мэдлэгт тулгуурлан харуулах хэрэгтэй.

Эрхэм оюутнууд аа, залуучууд аа.

    Нэгэн эрхмийн хэлсэнчлэн бидэнд хийх ажил их байна. Биднээс зөвхөн санаачлага, хөдөлмөр зүтгэл л шаардагдана. Учир нь Монголын мянга мянган оюутан суралцагчид өөрсдийн байгууллагаа харж байгаа, тэдний хүлээлт, тэдний дэмжлэг биднийг ойртуулж байгаа.

    МОХ-ны өмнөх үе үеийн удирдлага, баг, хамт олны хийж байсан сайн, үр дүнтэй ажлуудыг үргэлжүүлэх, сэргээх, эсхүл орчин цагийн хөгжил хандлага, өөрчлөлттэй нийцүүлэн шинэ хэлбэрээр төлөвлөн, зохион байгуулах шаардлага бидэнд байна. Учир нь бид өмнөхөө үгүйсгэх хэлбэрээс зайлсхийж, үр дүнгээ оюутанд өгч чадах бүхий л боломж, сувгаар ажиллаж, үр дүнд хүргэх нь “Оюутан”-д, цаашилбал “Монгол орон”-д хэрэгтэй, Монголын ирээдүйд тустай.

    Бид “Оюутны хөдөлмөрийн бирж”-ийг онлайн хэлбэрээр явуулах, бүртгэл, хяналт, хүртээмжийг нэмэгдүүлэх, “Оюутны хөгжлийн сан”-г байгуулж гоц авъяастай, амжилттай суралцагч оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй, амьдрал нь хүнд байгаа дүү нар, найз нарыгаа дэмжих, “Оюутны инновац”-ын төвийг байгуулах, салбар салбарын оюутны бие даан хөгжих нэгдэлийг бий болгох, “Оюутны бизнесийн хороо”-г шинээр үүсгэх зэрэг төлөвлөгөөндөө тусгах, хийх олон олон санаачлага, ажлууд хүлээж байна.

    Гэхдээ эхлээд зорилгоо зөв бөгөөд ул суурьтайгаар тодорхойлж, бодлогоо боловсруулах, дараа нь зохион байгуулалт, хүчээ нэгтгээд, гаргах үр дүнгийн төлөө хэний ч нөлөөнд үл автагдан нэгдэж чадвал “Амжилт, дахин амжилт” хүлээж байгааг онцлон хэлэхийг хүслээ.

    Оюутан залуус бусдыг дагаж бус, нийгмийг, иргэдийг, эх орон нэгтнүүдээ дагуулж, үлгэрлэн ажиллах цаг энэ өдрөөс, энэ мөчөөс эхэлснийг тунхаглан зарлахад таатай байнаа.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

МОНГОЛЫН ОЮУТНЫ ЭЭЛЖИТ БУС

“ОЮУТНЫ ЭРХ”-ИЙН ЧУУЛГАН

2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр.

Улаанбаатар хот.


URL:

Сэтгэгдэл бичих