Тавантолгойн ажилчид “цалингийн цэс” дэлгэв


Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2-т “Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй”  гэж заасны дагуу Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайгаас олборлолт явуулахгүй байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани 200 гаруй ажилтандаа үндсэн цалингийн 60 хувийг олгож байна. Дээрээс нь тус компанийн гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр уруудсаар байгаа зэрэг нөхцөл байдлаас үүдэн “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн эрсдэл хүлээж болзошгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, сул зогсолтын улмаас олгож байгаа 60 хувийн цалинг урт хугацаанд олгох боломжгүй, олборлолтоо эхлүүлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй байгаа.

Энэ дагуу тус компани Хятадын “TT JV CO” компанитай зүүн Цанхид олборлолт явуулах Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг үзэглэхээр зэхэж байна.

Гэвч, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид гэрээний нэмэлт өөрчлөлтөд орсон зарим заалтыг эсэргүүцэж, өчигдөр дахин хэвлэлийн бага хурал зарлалаа. Дээрх гэрээний дагуу 203 ажилтан “TT JV CO” компанид шилжин, нэг жилийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой, цаашид хэрхэх нь тодорхойгүй учраас энэ гэрээг байгуулах ёсгүй гэж үзсэн хэвээр байгаа гэлээ.

Мөн компанийнхаа ТУЗ-тэй бүх ажилчдын хурал хийж, нэгдсэн ойлголтод хүрээгүй, компани нэгэнт эдийн засаг, ялангуяа нүүрсний зах зээл хүнд байгаа үед 200 гаруй ажилтныг Цанхийн зүүн уурхайд олборлолт явуулах Хятадын “TT JV CO” компанид шилжүүлэхээс өөр арга байхгүй гэж мэдэгдсэн тул цаашид хамтын гэрээ хийх бус бүрмөсөн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Харин компанийн зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, компанийн ажилчдын шаардлагыг нэмж тусгах нь хүндрэлтэй гэж үзсэн юм.

Тиймээс ажилчид 60 хувийн цалин олгож чадахгүй гээд Хятадын компанид биднийг худалдаж байгаа бол эхлээд сарын 15 сая төгрөгийн цалинтай захирлууд цалингаасаа татгалзах ёстой гэж үзээд удирдлагын багийн сарын цалинг нийтэд дэлгэлээ.

Эх сурвалж: www.assa.mn

URL:

Сэтгэгдэл бичих