“Ноён” уулыг аврах сүүлчийн найдвар “Дархан цаазтай уул” болгох л үлдлээ

Анхны ерөнхийлөгч П.Очирбатын үеэс эхэлсэн “Алт” хөтөлбөр өнөөдөр Монгол улсад гамшигийн хэмжээнд хүрээд байна. Өөрсдийгөө “Бичил уурхайчид” хэмээн өргөмжилсөн гар аргаар алт, жонш, нүүрс болон бусад төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн олборлогчид байгаль орчин сүйтгэсээр байгаа билээ. Тэд “Алт” байгаа сургаар хаана ч хамаагүй очин унаган, онгон байгалийг танигдахын аргагүй болтол нь сүйтгэж байгаатай бид эвлэрсээр олон жил улирчээ.

Уух усгүй байж Алтаар яах юм

Тэд компани эсвэл байгууллага биш учраас эргэж хариуцлага тооцох боломжгүй байдаг. Тиймээс алтыг нь ухаж авчихаад ямар ч нөхөн сэргээлт хийлгүйгээр шууд хаяад явдаг.

Уг нь урт нэртэй хуулиараа уул уурхайн салбарт олборлолт, хайгуул явуулж буй нийт компани, аж ахуй нэгжүүдээс сүйтгэсэн талбай болон байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр төлөх эсвэл нөхөн сэргээхийг шаарддаг. Гэтэл тэдний сэндийчсэн гэх нийт газар нутгийн 40 гаруй хувь нь буух эзэнгүй, буцах хаяггүй нинжа нарын гарт сүйтгэсэн газар байдаг. Төрөөс л газар нутгийг сэргээхэд дахин мөнгө төсөвлөхгүй л бол сүйтгэгдсэн газар тэр чигтээ үлдэнэ гэсэн үг. Өнөөдөр манай улсын 15 аймгийн 4000 орчим га талбай 350 орчим цэг дээр байгаль орчны нөхөн сэргээлт хийх шаардлага гарч байгаа.

Нинжа нарын сүйтгэсэн газрын хамгийн сүүлийн үеийн жишээ бол “Ноён уул” юм. Энэ уул Хэнтийн нурууны эхлэл хэсэгт гол мөрний эх сав болсон бүсэд оршдог. Манай улс усны нөөцөөрөө хомс орнуудын тоонд багтдаг. Өвөрхангайн Онги, Таацын гол, Өлтийн гол зэрэг голууд “Алт” нь дууссаны буянаар эргэж урсаж эхэлсэн сайхан мэдээ байгаа. Харин Одоо Цэнхэрийн гол болон цутгал нь болох Орхон гол, Хараа түүний цутгал болсон Сэлэнгэ мөрөн сүйрэхэд ойрхон байна. Эхний гол болох Ялбагын гол ямар байдалд байгааг бүгд мэднэ.

“Ноён уул” руу нэг шөнийн дотор 300-гаад нинжа орж ирж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн. Үнэндээ нинжа хэмээх хүрз барьсан дээрэмчдэд эх орноо хайрлах, түүхийн дурсгалаа хамгаалах сэтгэл өчүүхэн төдий ч байхгүй. Тэд алт байвал авна гэж л дайрахаас “түүхийн дурсгал минь” гэж хамгаалах сэхээрэл, сэтгэлгүй хүмүүс. Тэгэхээр дээдсүүдийн яриад байсан өнөө түүхийн дурсгал, Хүннүгийн булш нь өнөөдөр жинхэнэ хөнөөлийн ирмэгт оччихоод байгаа юм.

Үүнтэй холбогдуулан, “Босоо хөх Монгол” бүлгэмээс өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Учир нь тус бүлгэмийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын Гацууртын аманд очиж нөхцөл байдалтай танилцаад иржээ.

Тэд хэлэхдээ “Тэнд байгаа нинжа нар бол “Сентерра Гоулд”-ынхантай найзалж, нөхөрлөсөн, тэдэнтэй хуйвалдсан хүмүүс байна лээ. Нинжа нар дийлдэхгүй байна гэсэн худал нэрийн дор Гацууртыг ухах гэж байна. УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын хүмүүс Ноён уулыг хамгаалаад, Гацууртыг ухуулъя гэж байна. Энэ бол байж болшгүй тэнэглэл” гэсэн юм.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн төлөөлөл “Бороогийн уурхайг ажиллуулж алтыг нь авахдаа монголчуудад ашиг өгөөгүй “Сентерра Гоулд”-д бид ахиад луйвардуулна. Мөн Хараа, Бороо, Зүүнхараа орчимд хүнцэлийн хороор хордсон бүтэн нуур бий болчихоод нутгийн иргэдийг хордуулж байна. Үүнээс гадна Ноён уул Хэнтий уулын төгсгөл мөнх цэвдэгийн зангилаа газар байгаа юм. Үүнийг тэсэлж, дэлбэлэх аваас хэдхэн жилийн дотор элсэн цөл болно” гэж мэдэгдсэн юм.

Эдгээр нинжа нэртэнгүүд Өвөрхангайн Уянга, Бат Өлзий, Төв аймгийн Заамар зэрэг газруудыг яаж сүйтгэсэнийг монголчууд мартаагүй байгаа. Мөн “Бороо”-гийн уурхайг тогтвортой байдлын гэрээгээр молиго үмхүүлсэн “Сентерра Гоулд” компани өнөөдөр 10 жилийн дараа “200 сая доллар та нарт өгнө” хэмээн хошгируулж сууна.

Тэртээ 19 дугаар зуунд Америкт нүүрлэсэн Алтны солиорлыг тэгвэл бид өнөөдөр яаж арилгах ёстой вэ?

Тэдэнд ярих биш яаж газрын баялгийг дураараа цөлмөж байгаа нинжа хэмээх дээрэмчдийг хөөж явуулах талаас нь арга хэмжээ авч тэмцэх нь хамгийн Гол асуудал болоод байна. Тэд тэмцлийн хэлбэрээ хурцатгаж болох ч Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийн араас ачигдаж магадгүй. Ямартай ч одоогийн төр засаг хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа билээ.

Газар шороогоо ухуулахгүй хүсэлтэй эдгээр хүмүүс хүсэл зоригоо нэгтгэж хуулийн хүрээнд, шийдвэр гаргагчдад нөлөөлөх нь хамгийн зөв гарц. Гэтэл “Ноён уул”-ыг УИХ авч хэлэлцэхгүй гэсээр байтал гурав дахь удаагаа зүтгүүлсээр байна.

Бас нэг гарц байгаа нь “Ноён” уулыг “Дархан цаазтай” болгох арга. Энэ л хамгийн сүүлийн найдвар болоод байна.

Тэгэхгүй бол тэвэр тэврээр алт олборлохыг хүссэн нөхөд тэр уулыг чинь удахгүй газрын хөрснөөс арчиж мэдэх нь. Ийм нөхдийн хөлд үрэгдсэн газар зөвхөн Ноён уулаар зогсохгүй. Өөр өчнөөн газар нинжа нарын гарт үрэгдэн үлдсэнийг эрхэм “Эх орон минь” хэмээн цээжээ дэлдэгсэд мэдэж л байгаа гэж найдахаас.

“Өвөлжөөний минь ойролцоо, төрж өссөн нутгийн минь дэргэд, тоонотын минь тойрог дотор, мал буяны минь бэлчээр дээр алт л битгий илрээсэй”. Өвгөдийн залбирал

Бидний муулаад байдаг Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир Алт ихтэй бүс нутгаа “Битгий сүйтгээрэй” хэмээн хадгалж үлдээсэн байдаг.

Манайх газар доорх баялагийн маш их нөөцтэй. Энэ их нөөцийг ашиглаж гэмээнэ элгээрээ хэвтсэн эдийн засагт их нөмөр болох нь дамжиггүй. Харин нинжа нарын гарт сүйдээд дуусчихвал сүйрлийн хохирлыг бид л амсана гэдгийг УИХ-ын эрхэм гишүүд эрхбиш мэдэж байгаа гэж найдахаас.

Тэднийг харин тэнцвэртэй зөв шийдвэр гаргатал эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс нь хамгаалалтад гарвал зүгээрсэн.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих