Нийслэл хотын эх түүх
Монгол улсын нийслэл, Монголын цорын ганц саятан хот. Үндсэн 6, дагуул 3, бүгд 9 дүүрэгтэй, 4,704.4 км² газартай. 2014 оны сүүлээр тооцоолсноор Нийслэлд 1.314.000 хүн оршин сууж байна.
Улаанбаатар хот Монгол улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог.
1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноос эхлэн нийслэл хотын түүхийг тоолно. 1778 онд одоогийн газраас нүүлгүй тогтов. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажиж, аж үйлдвэржиж, XXI зуунд улам л их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар МУ-ын улс төр, эдийн засаг, эрдэм боловсролын төв юм.
1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө, 1651 оноос Номын хүрээ, 1706 оноос Их хүрээ, 1912 оноос Нийслэл хүрээ хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар гэвXX зууны эхэнд Богдын хүрээ, Да хүрээ, зүгээр л Хүрээ гэхэд ойлгодог байсан шиг одоо УБ, Нийслэл гэж бичих, Хот гэж ярихад тодорхой танигдана.
Монголын нууц товчоонд тэмдэглэснээр 12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг. Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хот нь Орхон голын хөндийд цогцолсон ба Юань улс нуран унасны дараа Мин улсын довтолгоонд хоёронтоо галдан шатаагджээ. Түүнээс хойш монголчууд нэгдмэл байдалгүй болоод нүүдлийн иргэншилд бүрэн шилжиж, хот байгуулах завдалгүй дотоод, гадаадад тэмцэлдэн байлдацгааж байсанаас үүдэн, амарлингуй байдлыг дэлгэрүүлэхээр 16-р зуунаас шарын шашинд сүсэглэснээр Монголд сүм хийдүүд баригдаж эхэлсэн юм. Ингэснээр Монголчуудын хот, хүрээ цогцлоох идэвх сэргэж, анхлан Абатай сайн хаан Хархорум хотын бууринд Эрдэнэ зуу хийдийг босгожээ.
Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жибзундамба хутугтаар өргөмжлөн 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг газар Өргөө нэртэйгээр одоогийн Улаанбаатарын суурийг үндэслэжээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачжээ. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байжээ. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлснээр нийслэл үүссэн гэж үздэг. Нийслэл маань Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. 1756 онд анхны шашны сургууль болох “Цаниг” байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээ суурьших шаардлагатай болжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчэнлин хийд 1809 онд баригджээ. 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга болжээ
1911 оны 12-р сард Богд хаант Монгол улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. 1919 онд СюШүженээр толгойлуулсан Хятад цэрэгт хот эзлэгдсэн ба 1921 оны 2-р сард Барон Унгернээр толгойлуулсан цагаан цэргүүд Хятад цэргээс хүрээг чөлөөлж, Богдыг дахин хаан ширээнд залсан бол 3-р сард Хиагт хотыг чөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн цэргүүд цагаантнуудыг 6-р сард цохин дутаалгаснаас хойш нийслэл нь гадаадын цэргийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн. 1924 оны үндсэн хуулиар Улаанбаатар нэртэй болсон. Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байраар солигдож эхэлсэн. Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн замууд 1949, 1956 онуудад баригдсанаар өрнө, дорнотой төмөр замаар холбогдсон бөгөөд кинотеатр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмын өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна.
1990 оны ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн төлөөх тэмцэл Улаанбаатарт өрнөжээ. Энэ тэмцлийн үр дүнд дэлхийд нээлттэй болсон явдлаас Улаанбаатар хот шинэ хөгжлийн үеэ эхлүүлжээ.
Ю.Халиун
URL: