Хойчийн үрс мэдтүгэй, монголчууд нийслэлээ товлож шаваа тавьсан газар энэ болой
Өнөөдөр “Нийслэлийн төрсөн өдөр”. Энэ өдөрт Улаанбаатар хотын удирдлагууд Тусгаар тогтнолын ордны баруун өмнө зүгт байрлах яст мэлхий хэлбэртэй пайлуур хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг билээ. Энэхүү хөшөө ямар учиртайг тодруулбал.
1994 онд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” гарч, “Нийслэл хот байгуулагдсаны 355 жилийн ойгоор Богдхан уул, Туул голын эрэг, сэрүүн Сэлбийн хөвөө, Хүн чулууны хонхорт Нийслэл хотын суурин байгуулагдаж шав тавьсан газарт дурсгалын цогцолбор хэсэг байгуулах” саналыг Нийслэл хотын Засаг дарга асан Ц.Баасанжав анх санаачилж, зураач Д.Наранжав зураг төслийг боловсруулжээ.
Уг дурсгалын цогцолбор нь яст мэлхий хэлбэртэй пайлуур хөшөө, цэцэрлэг рүү ордог 6 ширхэг арслангаас бүрдэнэ. Хөшөөний суурь нь монгол гэрийн буурийг бэлгэшээсэн бөгөөд Төрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Хойчийн хүмүүс мэдтүгэй, монголчууд нйислэлээ товлож шаваа тавьсан газар энэ болой” гэсэн бичээсийг монгол бичгээр бичсэн байна.
Яст мэлхий нь дорно дахины хот байгуулалтын түүхэнд хотоо энх амгалан, аливаа муу бүхэнд өртөлгүйгээр урт удаан оршин тогтнохыг бэлгэдсэн утгатай ажээ. Пайлуурын дөрвөн талд уйгаржин бичгийн эвхмэл хэлбэрээр “Өргөө – Номын хүрээ – Их хүрээ – Нийслэлээ хүрээ – Улаанбаатар” гэж түүхэн хөгжлийн явцад нэрлэгдэж байсан таван өөр нэрийг тус тус бичжээ. Мөн нийслэл хотын сүлд, Богд хан уулын савдаг Хангарьдыг хөшөөний дээд хэсэгт байрлуулсан юм.
Цэцэрлэг рүү ордог өмнө талын хаалганы хоёр талд аливаа муу зүйлийг оруулахгүй хамгаалж байх хоёр чулуун арслан тавьсан байна. Зүүн талын үүдэнд үеийн үед удам дамжин мөнхжиж байх утга агуулгыг бэлгэдэн зулзагатайгаа хамт эрхлэж буй хос арсланг байрлуулжээ. Хөшөөний умард талын үүдний арслан цэнгэлтэй амгалан байхыг бэлгэдэж, бөмбөг наадаж буй хос арсланг байрлуулжээ. Эдгээр арслангуудыг цоолборлож хийсэн байна.
Мэлхий хөшөөг Төв аймгийн Авдар орд хэмээх газраас авчирсан амазонит гэдэг ногоон чулуун боржингоор урлаж хийсэн бөгөөд энэ амазонит чулуу хатуулгаараа дэлхийд гайхагддаг байна.
Нийслэл хот байгуулагдсаны 355 жилийн ойгоор пайлуур хөшөөг, 360 жилийн ойгоор үүдэн дэх арслангуудыг тус тус босгож дуусгажээ.
Д.Наранжавын бүтээсэн “Нийслэлийн шав” хөшөөний эх загвар өдгөө Улаанбаатар хотын Түүх, Шинэчлэн байгуулалтын музейн үзүүллэгийн 2-р танхимд хадгалагдаж байгаа бөгөөд тус хөшөөг Сүхбаатар дүүрэг хамгаалдаг аж.
URL: