Амиа хорлохыг завдагсдад зориулж “Үхлийг мэдрэх” сургууль байгуулжээ

Өмнөд Солонгос нь түүхийн асар богино хугацаанд үгээгүй ядуу орноос эдийн засгаараа дэлхийд 12-т жагсах хүчирхэг орон болтлоо цэцэглэн хөгжсөн билээ.

Улс орон хөгжиж, санхүү эдийн засгийн байдал дээшлэхийн хэрээр нийгэмд янз бүрийн сөрөг үзэгдэл газар авах болсны нэг нь өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа амиа хорлогсодын асуудал юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (WHO) мэдэгдэлд Өмнөд Солонгосын ойролцоогоор 100,000 хүн тутмын 28.9 нь амиа хорлож байгаа нь 100,000 хүн тутамд 44.2 хүн амиа хорлодог гэсэн үзүүлэлттэй Өмнөд Африкийн жижигхэн Гуана (Guyana) улсын дараа дэлхийд 2-рт жагсах үзүүлэлт болж байна гэж дурдагджээ.

Энэ улсын хурдацтай өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг, орчин үеийн амьдралын хэв маяг, дарамт шахалт, ажлын ачааллаас болж стресс, сэтгэл гутралд орсон хүмүүс амиа хорлох замыг ихэвчлэн сонгодог бөгөөд өдөр бүр 40 хүн амиа хорлох үйлдэл хийдэг байна.

Нийгэмд залуучууд, өсвөр үеийнхэн ихэвчлэн амжилт гаргаж, сайн сургуульд сурч, сайн мэргэжил эзэмшиж, ирээдүйд нийгэмд байр суурь олж авах ёстой гэсэн эцэг эх, сургууль, нийгмийн шахалт дарамттай тулгардагаас их дээд сургуулийн элсэлтийн шалгалт болдог 11-р сард амиа хорлох хүүхэд, залуусын тоо огцом өсдөг байна. Элсэлтийн шалгалтанд авсан онооны эрэмбээр ямар их дээд сургуульд сурах нь тодорхойлогддог учраас энэ нь тэдний хувьд “үхэл, амьдралын зааг” болж байна.

Шалгалтуудыг сүр дуулиантай авдаг бөгөөд ихэнх хүүхдүүд шалгалт өгөхөөсөө өмнө стрессд орж, зовж шаналж, нойргүйдэж, зарим нь бүр дэмийрэхдээ тулдаг аж. Тэр ч байтугай энэхүү шалгалтыг тойрсон сүр дуулиантай “чимэг хачир” их байдаг бөгөөд хүүхдүүдийн анхаарлыг сарниулахгүйн тулд шалгалт авч байгаа байрны дээгүүр онгоц нисэхийг хүртэл хориглодог байна. Энэ нь байдлыг улам хүндрүүлж, хүүхдүүдийн айдсыг улам нэмэгдүүлдэг гэж NPR мэдээллийн агентлаг мэдээлжээ. Зарим сургуулиуд энэхүү хатуу дэглэм, айдас төрүүлсэн элсэлтийн шалгалтын дэглэм журмыг өөрчлөхийг хүсдэг ч одоогоор өөр гарц олоогүй байна гэж мөн мэдээлэлд дурджээ.

Өсвөр насныхан, залуучуудаас гадна дунд насныхан болон настай хүмүүсийн хувьд эрхэлдэг бизнесийнх нь санхүүгийн асуудал хүндэрсэн, дампуурсан, эсвэл хууль бус асуудалд орооцолдсон зэрэг нь амиа хорлох шалтгаан болдог байна.

Нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа энэхүү хүн амын амиа хорлох асуудалд тус улсын удирдагчид янз бүрийн арга хэмжээ авсаар ирсэн ч үр дүн дорвитой гараагүйгээр барахгүй жил ирэх бүр амиа хорлогсодын тоо нэмэгдэж байгаа статистиктай байгаа юм.

Харин саяхан нэг шинэ соргог зүйл бодож хэрэгжүүлж эхэлсэн нь илүү үр дүн үзүүлэх болов уу гэсэн горьдлого төрүүлж байгаа гэнэ. Энэ нь амиа хорлохыг завдсан, сэтгэл гутралд орж амьдрах хүсэлгүй болсон хүмүүст зориулж “Death Experience” буюу ”Үхлийг мэдрэх” сургуулиуд байгуулжээ. Эдгээр сургуулиуд хүн нас барах нь ямар байдаг талаар нэлээн бодитойгоор үзүүлж, өөрсөд дээр нь туршилт хийн үхлийг мэдрүүлэх зорилготой гэнэ. Үхсэний дараа юу болдог, хүн цаг бусаар хорвоог орхисноос нийгэмд болоод ар гэртээ ямар байдал, уй гашуу авчирдаг, аав ээж хайртай хүмүүсээ ямар зовлон гунигт унагадаг тухай ч хичээл заах юм. Ингэснээр хүмүүсийн амьдрах итгэл сэргэж, амьдралд, амьд байгаадаа талархаж сурна гэж тооцоолж байгаа аж.

Jeong Yong-mun хэмээх өмнө нь нэгэн оршуулгын газар ажиллаж байсан хүн Seoul Hyowon Healing Center гэх энэ төвийг удирдаж байгаа бөгөөд үйлчлүүлэгч тун ч олонтой байгаа гэнэ.

Тухайлбал, энэ төвийн сурагчид үндэснийхээ хувцасыг өмсөөд гашуудлын туузаар ороосон жаазтай зургаа тэврэн авсанд хэвтэж үзнэ.

Авсны хавхлагыг хааж, тэдэнд хуурамч оршуулгын ёслол ч хийх юм.

Ц.Мөнхбаяр

Эх сурвалж: Mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих