Д.Цогтбаатар: ХХААЯ-аас “Халх гол” чөлөөт бүс байгуулна гээд байгаа нь олон хууль зөрчсөнөөс гадна АҮЯ-ны чиг үүргийг цалгардуулсан үйлдэл боллоо
Өнөөдөр буюу энэ сарын 28-ны 12 цагт Чингисийн талбайд “Халх гол” чөлөөт бүсийн тухай УИХ-ын 75-р тогтоолыг цуцлуулахыг шаардсан иргэдийн жагсаал цуглаан боллоо. ХҮН-аас зохион байгуулсан энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд Дорнод аймгийн Халх гол сумаас олон хүн ирсэн байлаа. Тум сумын уугуул, байгаль орчны эрх зүйн чиглэлээр олон жил ажилласан Л.Батбилэг гуай “Халх гол бол бидний нутаг, нийт монголчуудын газар шороо. Үүнийг хамгаалж, үр хойчдоо үлдээх ёстой. Саяхан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Халх гол сумын иргэдтэй уулзах гэж очоод тун таагүй байдалтай буцаж ирсэн байна. Түүний энэ аялалын талаар Дорнодынхон өргөн хэлэлцэж, ярилцаж байгаа. Халх гол чөлөөт бүсийн тухай тогтоол нь туйлын болчимгүй алхам болсон. Онгон дагшин энэ нутагт хэн дуртай нь юу санаснаа хийх боломжгүй. Дэлхийд ховордсон ургамал, ан амьтантай, хосгүй байгальтай газар нутаг. Дархан цаазтай хоёр ч газар бий. Нийтдээ 9 мянган га-г хамарсан дархан цаазад газартай. Тэгвэл яахаараа энэ төрийнхөн нэг гараараа дархалж, нөгөө гараараа сүйтгэх гээд байгаа юм бэ. Чөлөөт бүсийн тогтоолыг хүчингүй болгох ёстой” гэсэн юм.
Улсын начин, Халх гол сумын унаган иргэн Ж.Гансүх ч мөн хэсэг хүмүүсийн хамтаар жагсаалд оролцохоор нутгаасаа иржээ. Ж.Гансүх начин УИХ-ын тэрхүү 75-р тогтоолыг эсэргүүцэн нутаг нэгтнүүдийнхээ гарын үсгийг цуглуулж УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхэд идэвхтэй оролцжээ. Тэрбээр “Р.Бурмаа сайд саяхан манай нутагт иргэдтэй уулзах гэж орчиход нутгийнхан маань түүнийг хүчтэй эсэргүүцсэн. Түүнийг УИХ-ын 75-р тогтоолоо цуцлуулсан хойноо манай нутагт ирвэл бид хадаг барин угтана гэсэн. Гэвч Р.Бурмаа сайд аймгийн төвд ирчихээд зарим хүмүүсийн дунд “Халх голынхон хятадуудын санхүүжилт, захиалгаар намайг эсэргүүцэж байна” гэсэн утгатай юм ярьж нутгийнхныг минь гутаан доромжилсон байна лээ” гэв.
Цуглааны үеэр ХҮН-ын дарга С.Боргил, Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, ахмад эрх зүйч Л.Батбилэг нарын олон хүн үг хэлж, УИХ-ын 75-р тогтоолыг цуцлуулахыг шаардлаа. Энэ талаар ХҮН-аас УИХ-д хандан албан ёсны шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Тэдний шаардлагад “…манай нам 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нийтэд дандаж энэ тогтоолыг эсэргүүцсэнээ өнөөдөр дахин бататгаж Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.2.5, 3.5.2.3 болон 3.5.2.4 дэх заалтыг зөрчсөн тул яаралтай хүчингүй болгохыг шаардаж байна” гэсэн байлаа.
“Халх гол” чөлөөт бүсийг эсэргүүцэгчдийн дунд ногоон хөдөлгөөний идэвхтэнүүд ч олон байв. МНН-ын Ч.Мөнхбаяр тэргүүтээ хүмүүс ХҮН-ынхан болон Дорнод нутгийн иргэдтэй дуу хоолой нэгтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатарын хэлсэн үг хүмүүсийн “цөс”-ийг бага зэрэг хөдөлгөөд авав бололтой. Түүнийг үгээ хэлээд дуусахад талбайд цугласан хүмүүс алга нижигнүүлэн уухайлж байв. Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ УИХ-ын 75-р тогтоол нь хэрэгжих чадамжгүй баримт бичиг болсон тухай онцолж байлаа. Тэрбээр “Дорнод аймгийн Халх гол сумын нутаг бол дэлхийд ховордсон ургамал, ан амьтан бүхий онцгой бүс нутаг. Гэтэл энд 500 000 мянган га-г хамарсан Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэдэг онцгой дэглэм бүхий газрыг байгуулахаар болсон нь хууль эрх зүйн хувьд ч, эдийн засгийн үр өгөөж, бүтцийн талаасаа ч үр ашиг муутай, алсдаа гадаадын иргэд олноор оршин сууж, визгүй чөлөөтэй зорчиж, харин монголчууд заавал зөвшөөрөл авч орж гардаг тийм нэгэн тусгай зоон, харийнханы суурин болох магадлал өндөр байна.
Арваад жилийн өмнөөс зарласан Алтанбулагийн чөлөөт бүсийг та бүхэн боломжтой бол очоод хараарай. Тэнд нийтдээ 26 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч үйл ажиллагаа нь одоо болтол жигдээргүй, үр ашиг муутай зүйлд их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн газар болоод байна. УИХ-ын дарга З.Энхболд тэнд өөрийн биеэр очиж танилцаад “Үргүй зардал гаргахаа болиорой” гэсэн байсан. Замын-Үүдийн чөлөөт бүс мөн ялгаагүй иймэрхүү байгаа. Эдгээрт нийтдээ 100 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Аж үйлдвэрийн яамны албан ёсны цахим хуудсыг нээхэд чөлөөт бүсэд архи, тамхи худалдаалах төдий зүйл тусгагдсан байна. Чойрын чөлөөт бүсийн талаар УИХ-аас ямар нэгэн шийдвэр гараагүй ч чөлөөт бүс хэмээн зарлагдаад явж байгаа бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Цагаан нуурын чөлөөт бүс нь бас зогсонги байдалтай болжээ. Тэдгээр чөлөөт бүсүүдээ үйлдвэрлэлийн цогцолбор болгож, зөв зохистой ашиглаагүй байж “Халх гол” Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэх бас нэг мөнгө үрсэн газар бий болгох нь хэнд ашигтай юм бэ. Эндээс орон нутгийн иргэдэд болоод улсад төдийлөн ашиг гарахааргүй байгааг судлаачид хэлж байна.
Ер нь Аж үйлдвэрийн яамны чиг үүрэгт чөлөөт бүсийн асуудал хамаарч байгаа. Энэ талаар яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын 402 дугаар тогтоол 2014 онд гарсан. Гэтэл Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Халх голд чөлөөт бүс байгуулна гээд байгаа нь олон хууль зөрчсөнөөс гадна АҮЯ-ны чиг үүргийг цалгардуулж, засаглалын нэр хүндийг сэвтүүлсэн үйлдэл боллоо.
Миний бие өнгөрсөн 9 дүгээр сард Халх гол сумын иргэдтэй очиж уулзсан. Тэд УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлуулах, энэ талаар УИХ-д уламжлах, эсэргүүцлийн гарын үсгээ цуглуулж УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд илгээхээ мэдэгдэж байсан. Үүнийхээ дагуу 1800 орчим хүн “УИХ-ын 75 дугаар тогтоолыг цулуулахын төлөө” санаа бодлоо илэрхийлсэн гарын үсгээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд илгээсэн байна. Энэ нь эрх ашгаа хамгаалж авч үлдэх гэсэн иргэний дуу хоолой юм. Өөрөөр хэлбэл, итгэж найдан УИХ-д сонгосон төлөөлөгчиддөө бүрэн дүүрэн итгэх боломж муутай болсон тул иргэд ийнхүү төрдөө хандсан нь шууд ардчиллын бас нэгэн хэм хэмжээ, зайлшгүй хийх л ёстой зүйл гэж үзэх ёстой юм. Түүнээс биш бусармаг шийдвэрээ улангасан хамгаалагчдын яриад байгаа шиг Халх голчууд маань хэн нэгний хөлсөөр, хэдэн бор төгрөгөөр, улс төрд тодорч гарч ирэх боломжийг хайсан горилогчдын турхиралтаар Б.Бурмаа сайдыг Халх голд очиход лоозон барьж угтаагүй юм шүү. Тэд зайлшгүй нөхцөлд заяамал эрхээ хамгаалахын төлөө эвлэлдэн нэгдэж байна. 500 мянган га-д Халх гол сумын малчдын өвөлжөө, хаваржаа, зуслан, хадлангийн талбай, тэр бүү хэл орон нутгийн хамгаалалтанд авсан, Ялалт багийн зүүн хэсгийн 30 мянган га талбай бүхэлдээ хамарч байна.
Иймээс “Халх гол” Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн тухай УИХ-ын 75-р тогтоол нь Үндсэн хууль, газрын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж үзээд Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд би хуульч, өмгөөлөгчдийн хамтаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Мөн УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр албан ёсны шаардлага хүргүүлсэн. Гэвч хуулийн хугацаанд ямар нэгэн хариу ирүүлсэнгүй. Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Дорнод аймгийн удирдлага, иргэдийн төлөөлөл, төрийн бус байгууллагынхныг оролцуулсан уулзалт ярилцлага хийж, тус байнгын хорооны дарга Су.Батболд үнэнд гүйцэгдэж байгаагаа мэдэрч бухимдахдаа аймгийн удирдлага, өмгөөлөгч, иргэд рүү бүдүүлэг үгээр дайрч давшилж байлаа. Су.Батболд гишүүн Дорнод аймгийн Засаг даргын “Халх гол чөлөөт бүсийн тогтоолыг цуцлуулах” гэсэн саналтай ирснийг хүндэтгэлтэйгээр хүлээн авахын оронд түүнийг тариалангийн газрын хэмжээ, будлианаар шантаажлах, доромжлох өнгө аясаар хандаж байсан юм. Халх гол сумын нутагт хэд хэдэн компани тариалангийн газрынхаа хэмжээг хууль бусаар нэмэгдүүлсэнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж шийдвэрүүлэх ёстой. Гэхдээ бас иргэд бид УИХ-ын 75 дугаар тогтоолоос үүсэн гарах эрсдэлийн талаар дуугарахад эрхтэй. Төр засагт суугаа нөхөд алдаа оноогоо цэгнэх үүрэгтэй болохоос биш хандсан болгон руугаа улангасан дайраад, жанжлагчийн байр сууринаас асуудал хандаад байж болохгүй. Төр засгийнхантай Халхголчууд маань өргөн хэлэлцүүлэгт орж, харилцан ойлголцож, зөвшилцөж, чөлөөт бүсийн тогтоолыг цуцлуулах эцсийн шийдэлд хүрэх ёстой” гэлээ.
Халх гол сумын иргэд болон нийслэлд оршин суугаа тус сумынхны оролцоотой байгуулагдсан “Халх гол миний нутаг” төрийн бус байгууллагынхан мөн Сүхбаатарын талбайд хэдэн өдөр сууж Халх гол чөлөөт бүсийн тогтоолыг цуцлуулах асуудлаар иргэдийн гарын үгийг нэмж цуглуулахаар болсоноо мэдэгдсэн юм.
Б.Отгонбаяр
URL: