Б.Болор: Ирэх оны төсвийн төсөл задрах тал руугаа орж байна

Сангийн сайд Б.Болороос цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.

-Ирэх жилийн төсвийн шат шатны хэлэлцүүлгийг УИХ хийж байна. Эдийн засгийн хямралыг гэтлэхэд энэ удаагийн төсөв чиглэгдэж байгаа байх. Ер нь Засгийн газар ямар онцлогтой төсвийн төсөл өргөн барьсан вэ?

-Засгийн газар их онцлогтой төсөв өргөн барьсан. Урьд жилүүдэд төсвийг дандаа тэлж, алдагдалтай баталдаг байсан. Тиймээс таналттай, хасалттай, хэмнэлттэй төсөв өргөн барьсан. Ер нь дараа дараагийн жилүүдийн төсвийн бодлогыг зөв зүгт чиглүүлэхүйц төсөв өргөн барьсан. Бүтцээ оновчтой цомхон болго л гэсэн. Түүгээр нь оруулаад хийхээр хүмүүсийг ажилгүй болгох гэлээ гэх яриа гарч байна.

Сүүлийн 10  жилд төрийн албан хаагчдын тоо маш их нэмэгдсэн. Төсөв нь хамгийн багадаа 4 дахин, хамгийн их нь 20 дахин өссөн байдаг. Хэд дахин өссөн төсөв дээр 10 хувийн хэмнэлт хийе л гэсэн. Нэг байгууллагын зардал 10 дахин өсчихөөд байгааг 10 хувь бууруулья л гэсэн юм. Гэтэл төсвийн төсөлд өөрчлөлт орж таарч байх шиг байна.

-Өргөн барьснаас хэр өөрчлөгдөх төлөвтэй байна вэ?

-Бодит төсөв хийх шаардлагыг харгалзан Засгийн газар төсвийн төслөө өргөн барьсан. Олон улсын байгууллагууд ч сонгуулийн өмнөх жил гэхэд маш зоригтой төсөв оруулж ирсэн гэж төсвийн төслийг үнэлж байгаа. Тухайлбал, бид бүтцийн өөрчлөлтийг хийхээр оруулж ирсэн. Гэтэл үүнийг Засгийн газрыг тогтворгүй байлгах хэрэгсэл болгох зүйлдээ ашиглах гээд байсан учир төслөө татахаас аргагүй болсон. Агентлагуудыг татан буулгах асуудал тавьсан. Гэтэл үүн дээр гишүүдээс маш их шүүмжлэл ирж байна. Данхар болсон бүтэц, ажлын албадаа татан буулгая гэхэд мөн л эсэргүүцсэн. Тиймээс анх өргөн барьснаасаа задрах тал руугаа орж байна.

Нэг жишээ хэлэхэд, 2011 онд дараа оны төсвөө батлахдаа 745 тэрбум төгрөгийн цоо шинэ хөрөнгө оруулалтыг тавьсан байдаг. Энэ удаагийн төсөвт 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан. Гэтэл үүнийг хүртэл тэглэх хэрэгтэй гэж ярьж байна. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд 11 дүгээр сарын 15 гэхэд төсвөө баталж таарна. Яаж батлах эрх нь УИХ-д бий.

-Ирэх онд цалин тэтгэврийг нэмэх үү?

-Ер нь цалин нэмнэ гэж дэлхийн аль ч оронд зарлаж тунхагладаггүй. Цалин нэмэх эсэх  нь зөвхөн төрийн алба хаагчдад хамааралтай. Цалин нэмнэ гэж зарлах нь хувийн хэвшилд асар хор хөнөөлтэй. Яагаад гэвэл хувийн хэвшилд ажилладаг хүний цалин нэмэгддэггүй. Гэтэл төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмдэг. Цалин нэмэгдсэн жилүүдэд инфляцийн түвшин хоёр оронтой тоо руу орж байсан. Харин өнөөдөр инфляци 4.9 хувьд тогтвортой байгаа.

Б.Туул


URL:

Сэтгэгдэл бичих