Бурханы өгөхийг хүсээгүй бэлэг
Захирал аа таныг гэрт тань оруулж өгөх үү хэмээн жолооч нь асуухад Тунгалаг
-Хэрэггүй дээ. Эртхэн амар гэснээ баяртай ч гэж хэлсэнгүй машины хаалга хаалаа. Тэр машин хөдлөхийг харж, гэрийнхээ үүдэнд удаан суув. Үнэндээ гэртээ ормооргүй, хаашаа ч хамаагүй зугатмаар санагдаж байвч түүнд очих газар байхгүй, мухардалд орсон юм шиг л санагдаж байв. Гэвч тэр буцсангүй. Гэртээ орлоо. Орчин үеийн тохилог байр, өргөн цэлгэр өрөө, үнэтэй модон тавилганууд… Хэдийгээр бүх зүйл үнэтэй, чамин хийцтэй ч энд гялайх зүйл нэг ч харагдсангүй. Унтлагын өрөөнийхөө хаалгыг зөөлхөн түлхэв. Архины нэгширсэн үнэр хамар нэвт цоргиж байлаа. Галаа хувцсаа ч тайлсангүй, орон дээр гадуур хувцас, шавхайтай гуталтайгаа хэвтэж байгааг Тунгалаг хараад гэнэт уур бухимдал нь асаад ирэв. Гэвч тэр яаж ч чадсангүй. Галааг сэрээж, яг одоо орон гэрээсээ хөөгөөд гаргахыг хүсэж байсан ч хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Өдөр өнжилгүй архи ууж, яг л зочид буудалд амьдарч байгаа юм шиг дур зоргоороо загнаж, бас хүйтэн, хөндий царайлах, хэтэрхий арчаагүй, бэртэгчин гэмээр энэ эрийн төлөө өчнөөн олон жил гүйж, бас түүнийг өөрийн болгох гэж хэр чадлаараа хичээж, элдэв нэр хоч зүүж явснаа санаад гэнэт өөрөө өөрийгөө л зүхмээр санагдаж байлаа.
Үнэндээ энэ эр хэзээ ч түүнийх байсангүй. Харин саяхныг хүртэл Тунгалаг хэзээ ч түүнийг хүнийх гэж бодож явсангүй. Тэд Их сургуулийн нэг ангид хамт сурдаг байлаа. Юм юманд адтай, бас хөнгөн, шингэн хөдөлгөөнтэй Тунгалагт хөвгүүд бүгд л сайн байсан. Харин түүний сэтгэлд Галаагаас өөр хүн хэзээ ч багтаж өгдөггүй байв. Өтгөн хөмсөг, эмэгтэй хүн шиг тунгалаг цайвар царайтай энэ хүүг Тунгалаг өөртөө татах гэж хичнээн их оролдож гүйснээ санав. Тунгалаг өдөр болгон түүний нүдэнд өртөх гэж хичээж, бас түүнийг ангийнхаа охидоос, дээд ангийн эгч нараас, ер нь хүн бүгдээс харамлаж шаналдаг байлаа. Хичээлээ тараад цайны газарт зөөгч хийж, олсон цөөхөн төгрөгөөрөө Галаад бэлэг авна. Өдөр бүр түүнийг харж бас ядарч байгаа болов уу? Өлсөж байгаа болов уу хэмээн санаа нь зовно. Хамгийн хэцүү нь Галаа доод ангийнхаа Урнаа хэмээх жижигхэн цагаан охинтой үй зайгүй дотносох болсон нь түүнийг байж ядтал зовооно.
Галаагийн тухай бодохоор л цээжинд нь халуу шатаж, гэнэт зүрх рүү нь хатгуулах шиг болдог байж билээ. Сургуулиа төгсөх хавар Галаа, Урнаа хоёр нэг гэрт хамт амьдарч байгааг ангийнхаа охидоос сонссон Тунгалаг чухам юу болоод ч байгааг мэдээгүй. Нэг л мэдэхэд тэр эмнэлгийн орон дээр ухаан орж билээ. Амиа хорлох гэж нойрны эм тун хэтрүүлэн уусан охин гурав хоног ухаангүй байж, сэргэхдээ ч Галааг л дуудан уйлж байсан. Гэсэн ч тэр бууж өгөхийг хүссэнгүй. Сургуулиа төгссөн залуус дипломоо барин ажил хайж, албан байгууллагын үүд сахиж суухад Тунгалаг л ганцаараа хувийн компани байгуулахаар зүтгэж байв. Эгчээсээ зээлсэн цөөн хэдхэн төгрөгөөрөө өрөө түрээсэлж, жижигхэн сургалтын төв байгуулаад орой нь тэндээ унтаж, өглөө босоод ажлаа хийж, өдөр шөнөгүй зүтгэсний хүчинд Тунгалаг өөрийн гэсэн хувийн сургуультай болж чадсан.
Мөнгө ч ахиу олж, овоо хэдэн төгрөг цуглуулж, юунд ч санаа зовохооргүй амжилт олж чадсан ч түүний сэтгэл нэг л хоосон. Өнгөрсөн хэдэн жил, өдөр шөнөгүй зүтгүүлэх их ажил түүний сэтгэлээс Галааг л арчиж хаясангүй. Тунгалаг ангийнхнаасаа байнга Галаагийн тухай асууна. Түүнийг Урнаатай суусан, хоёр хүүхэдтэй болсон гэдгийг сонссон ч мартаж чадсангүй. Одоогоос гурван жилийн өмнө Тунгалаг их л зориг гаргаж Галаагийн ажил дээр очиж билээ. Галааг хоёр хүүхэдтэй, эхнэртэй гэдгийг мэдсээр байж Тунгалаг өөрөө өөрийгөө хорьж дийлээгүй. Галааг гэртээ дагуулж ирж, хамт гадагшаа амралтанд хамт явж бүхий л цагийг түүнтэй өнгөрүүлэх гэж хичээдэг байлаа. Олон хүн түүнийг зэмлэж
-Эхнэртэй хүнтэй явлаа. Хоёрын хоёр хүүхэдтэй гэр бүл үймүүллээ хэмээн загнаж байсан. Гэвч тэдний үгийг юман чинээ тоогоогүй. Яг тэр үед Тунгалаг өөрөө өөрийнхөө аз жаргал, хайр сэтгэлийн төлөө тэмцэж байна л гэж бодож байснаас бус Галаагийн эхнэр хүүхдийн тухай бодож чаддаггүй байлаа.
Нэгэн амралтын өдөр Галаатай хамт банштай цай хийж уугаад гэртээ сууж байтал хаалга зөөлхөн тогшсоор Урнаа хоёр хүүхдээ тэврээд ороод ирж билээ.Нүүрэнд нь цагаасаа эрт үрчлээ сууж, нүдэнд нь гуниг шингэсэн тэр эмэгтэй
-Та хоёрын тухай зөндөө сонссоон. Харин өнөөдөр л нүдээрээ харлаа. Галаа чи өөрийнхөө хоёр хүүг өрөвдөхгүй, бүтээж босгосон амьдралаа бүрэн бүтэн үлдээх юмсан гэж хичээхгүй байхад энэ эмэгтэй яаж ч өрөвдөж яаж ч биднийг бодох билээ дээ. Хувцсыг чинь боогоод тавьсан. Хэрэгтэй гэж бодож байгаа бол очиж аваарай гэснээ эргэж ч харсангүй гараад явчихаж билээ. Тэр өдрөөс хойш л Галаа, Тунгалаг хоёрын хамтын амьдрал эхэлсэн. Эхэндээ түүнтэй хамт байгаа нь, бас түүнийг халамжилж, хайрлаж байгаа нь Тунгалагт хязгааргүй их аз жаргал мэт санагддаг байлаа. Өнгөтэй өөдтэй бүхнээ Галаад зориулж, өдөр бүр түүнийг баярлуулах гэж хичээдэг байсан ч түүний тэр их сэтгэлийг Галаа үл анзаарагч болж жүжиглэнэ. Сүүлдээ Тунгалаг ч гэсэн байнга түүнийг асарч тойглох үүргээсээ залхаж эхэлсэн байлаа. Хайрын хариуд бас хайр байх хэрэгтэй гэдгийг Тунгалаг их л хожуу ойлгосон байлаа. Бас тэр эр нөхөртэйгээ бус харин байнгын зочинтой хамт амьдарч байгаагаа мэдэрч, эндээс л тэдний зөрчил үүсдэг байлаа. Тунгалаг өдөржин ажиллаж, хүүхдүүдтэй хэрүүл хэлцэл хийсээр үдэш болсон хойно ядарч сульдсан хүн гэртээ ирнэ. Харин Галаа хааяахан цагийн багш хийж, олсон мөнгөөрөө архи ууж, яг л зочин мэт амьдарна.
Үнэндээ Тунгалаг үүнийг хүсээгүй. Хайртай хүнтэйгээ хамт амьдарч, аз жаргалтайгаар хорвоог туулна гэж мөрөөдөж байсан. Галаатай хамт амьдрахаасаа өмнө түүнтэй хамт байлгаагүй бурханд хүртэл гомдож хүртэл уйлдаг байлаа. Үнэндээ тэр бурханы өгөхийг хүсээгүй бэлгийг өөрийнхөө чадлаар олж авсан хэмээн нэг удаа сэтгэл хангалуун бодож байсандаа өөрийгөө гэнэтхэн зэмлэв.
Элэг бүтэн айлыг бусниулан байж, түүний олж авсан аз жаргал нь хэзээ нэгэн цагт зовлон болон үлдэхийн чинээ тэр бодож байсангүй.
Бурхны өгөхийг хүсээгүй бэлэг энэ байж. Хайр дандаа хайрыг дагуулдаггүй юм байна гэдгийг бүсгүй их л хожуу ойлгосон байлаа.
Б.Цоожчулуунцэцэг
URL: