Толгойгоороо нийлсэн Сиамын ихрийг амжилттай салгалаа

Толгойгоороо нийлсэн Суданы Ритал,  Ритаг Габура нэртэй 11 сартай Сиамын ихэр охидыг салгах мэс ажиллагаа амжилттай болжээ. Дэлхийд алдартай Их Британийн хамгийн шилдэгт тооцогддог Лондонгийн Грейт Ормонд стрит дахь Хүүхдийн эмнэлэг дээр тус хагалгааг хийсэн байна.

Ритал, Ритаг нар Суданы нийслэл Хартумед төрсөн бөгөөд эмч мэргэжилтэй эцэг эх нь Facing the World буяны санд хандсанаар тус байгууллага Их Британи дахь эмчилгээний зардлыг нь даажээ. Ихрүүд эцэг эхтэйгээ Лондонд дөрөвдүгээр сард ирсэн байна.

Охидын тархины цусны эргэлтийн систем нь дундаа нэг байсан тул мэс засал хийхэд хүндрэл учиржээ. Ритагийн организм Риталын тархийг цусаар хангадаг байсан тул Ритагийн зүрх өндөр  ачаалалтай ажилладаг байсан байна.

Сиамын ихрийг салгах үйл явц дөрвөн үе шаттайгаар өрнөжээ. Тавдугаар сард хоёр, зургаадугаар сард нэг хагалгаа хийж, охид болгоны тархи бие даан цусаа хангаж чаддаг болгохын тулд эд эсийг тэлдэг тусгай хэрэгсэл  суулгасан байна.

Хамгийн сүүлийн хагалгааг наймдугаар сарын 15-ны өдөр хийсэн боловч эмч нар сарын дараа л ихэр охидыг амжилттай салгаж чадсан тухай энэхүү сайхан мэдээгээ дуулгаж байгаа аж. “Хүнд хагалгааг даван туулсан нялхсын тархинд ямар нэгэн сөрөг үзэгдэл харагдахгүй байгаа ба тэднийг хэвийн амьдрал хүлээж байгаа гэдэгтээ итгэлтэй байна” гэж эмч нар ярьжээ.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих