Төсөв яагаад гажив?
2016 он бол сонгуулийн жил. Ирэх жилийн энэ онцлог нь иргэдийн хувьд нэг их сонин биш. Харин улстөрчдийн, УИХ-ын гишүүдийн хувьд бол дараагийн жилүүдэд хаана байх вэ, хэн байх вэ гэдгээ шийдүүлэх амин чухал цаг хугацаа. Тиймээс улстөрчид сонгуулийн өмнөх жилээс дараагийн сонгуульдаа бэлддэг бичигдээгүй хуультай. Энэхүү бичигдээгүй хуулийн зорилго нь олон нийтэд бүр тодруулбал, тойргийнхоо сонгогчдод таалагдах. Тиймд зорилгоо биелүүлэхийн тулд цагаан дээр хараар бичсэн хуулиа ч зөрчих тохиолдол бий. Сонгуульд ингэж улайрч байгаа хүмүүстэй ёс зүйн тухай бол бүр яриад ч хэрэггүй. Зөвхөн сонгуулиа бодож ёс зүйгүй аашилдаг нь сонгуулийн жилийн төсвийн төслийг боловсруулсан болон хэлэлцэж байгаа байдлаас тод харагдана. Засгийн газар “Эдийн засгийн байдал таагүй байгаа учраас сонгуулиа бодохгүйгээр ирэх жилийн төсвийн төслийг боловсруулсан. УИХ-ын гишүүд ч төсөв хэлэлцэхдээ үүнийг анхаарах хэрэгтэй” гэх тайлбартай хамт Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг өргөн барьсан. Гэтэл өргөн барьсан төслийг нь дөнгөж хэлэлцэж эхлэхэд л зэс нь цухуйлаа.
Уул уурхайн түүхий эдийн экспортод хэт найдаж, улсын төсвийн орлогыг өөрийн юм шиг баруун, солгойгүй цацаад сурчихсан хүмүүс ирэх оны төсөвт уг нь нэлээд чамбай хандсан гэдгээ хэлж байгаа. Хүссэн хүсээгүй хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрэхээс өөр аргагүй болсон цаг. Өнгөрсөн жилүүдэд төсвийн төсөлд нэг их наяд гаруй төгрөгийн шинэ хөрөнгө оруулалтын төсөл оруулж ирдэг байсан бол 2016 онд энэ тоо арав дахин буурч ердөө 100 гаруйхан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин энэ багахан хэмжээний хөрөнгө оруулалтаа хамгийн чухал, үр ашигтай гэсэн зүйлдээ зарцуулах нь гэвэл бас эргэлзээтэй. Урьдын л адил Засгийн газрын гишүүд нь дэвших тойрогтоо, улс төрийн намуудын лидерүүд нь сонгогдох газартаа хөрөнгө цацахаар тохирчээ. Энд АН-ын Засгийн газар, МАХН-ын сайд нар, МҮАН-ын оролцоо гэхээсээ илүүтэй намын гишүүдийн сонирхол түлхүү суусан нь зарим заалтаас тодхон харагдана. 200 сая төгрөгөөр Төрийн далбааны өндөрлөг байгуулах яриа үүссэн нь үүний жишээ гэлтэй. Бас салбар хариуцаж байгаа сайд нар онилчихсон тойргоо овоо хараанаасаа гаргахгүйн тулд хувийн хэвшлийнхэн мөнгөөрөө барьчих боломжтой төсөлд Улсын төсвийн хэдэн зуун сая төгрөгийг сул асгах саналаа төсвийн төсөлд оруулж амжсан байна. Дорнодын АН-ын дарга, өдгөө тэндээ нэр дэвшихээр горилж буй Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн төсвийн багцаас үүнийг харж болно. Эрхэм сайд Халх голын чөлөөт бүс нь буруудаад эхлэхээр зөөврийн хашаагаар сонгогчдыг “хаалгадах” гэж оролдож буй бололтой. Газар тариалангийн цөм бүс болсон Дархан, Сэлэнгэ, Төв аймагт малын зөөврийн хашаа барих санал оруулаагүй хэрнээ Дорнодын сумдыг нэг тэрбум 10 сая төгрөгөөр хашаажуулах санал оруулж ирсэн нь төсвийн төсөлд байна.
Улсаараа бүсээ чангалж, УИХ-ын дарга нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе гэж байхад угтах хаалга засварлахад зориулж бас хөрөнгө оруулалт суулгасан байх юм. Бүтэн аймаг биш ганц сумын угтах хаалганы засварт 292 сая төгрөг төсөвлөсөн гэхээр бид одоо ч цамаан хэвээрээ байгаа юм биш үү. Энэ ямар ид шидтэй хаалга болохоороо бараг 300 саяар засагддаг нь бас л гайхалтай. Ийнхүү энд дурдсан төсвийн төсөлд суусан саналууд бол УИХ-ын төвшинд яригдчихсан, муугийн жишээ болсон хөрөнгө оруулалтууд л даа. Цааш ухвал эдийн засаг хүндэрчихсэн энэ үед улсын төсөвт заавал суулгах ёстой эсэх нь эргэлзээтэй олон заалт байна. Шахсан бяслаг шиг байх ёстой төсвийн төсөл шүүрэн шанага шиг байгаагийн цаад шалтгаан бол ердөө л сайд, УИХ-ын гишүүд тойрогтоо хөрөнгө оруулсан гэж нэр зүүх гэсэн, сонгогчдодоо таалагдах гэж тал зассанаас л үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жилийн төсвийг баталсаных нь дараа бус төслийг нь яг одоо тодотгох хэрэгтэй байна.
Модон гүүрээс үнэтэй явган хүний гүүрэн гарц
2014 оны төсвийг батлахдаа Сэлэнгэ мөрөн дээгүүр гүүрэн гарц тавихад зориулж 2.5 тэрбум төгрөг тусгуулж байлаа. Цагтаа багагүй шүүмжлэл дагуулсан энэ гүүрэн гарцын жишээг эргэн дурссан нь 2016 оны төсөв дээр энэ төрлийн маргаан тарах магадлал өндөр байна. Учир нь, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 800 сая төгрөгөөр явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Энэ санал дангаараа орж ирсэн бол хэн ч анзаарахгүй байх. Харин түүнтэй зэрэгцээд Архангай аймгийн Чулуут сумын нутагт Чулуут голын дээгүүр барих модон гүүрэнд 502 сая төгрөг зарцуулахаар тусгасан байна. Нэг нь явган хүний гүүрэн гарц, нөгөө нь гол дээгүүр тавих том гүүр. Гэтэл явган хүний гарц нь гүүрээсээ 300 сая төгрөгөөр илүү төсөвтэй байх юм.
2016 оны төсвийн төсөлд багтсан хэлбэр хэмжээ, төсвийн хувьд эсрэг тэсрэг, бүр гажиг гэмээр саналууд үүгээр дуусахгүй.
Нэг маягийн зураг төсөл, загвар хаачив
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төсвийн хөрөнгөөр орон нутагт баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Соёлын төвийн зориулалттай барилгуудыг нэг зураг төслийн дагуу ижил загвартай барих шийдвэр гаргаж байлаа. Тодруулбал, хоёр өөр газар барих Соёлын төвийн барилгыг нэг загвараар барьж, зураг төсөл хийх санхүүжилтэд зарцуулах мөнгийг хэмнэх, төсвийг нь бодитой тодорхойлох зорилгоор ийм шийдвэр гаргаж байв. Энэ бол яах аргагүй сайн шийдвэр. Зэргэлдээ хоёр суманд баригдах 500 хүүхдийн сургуулийн барилгын үнэ нэг нь тэнгэрт хадчихсан, нөгөө нь газарт уначихсан байхыг цэгцлэх алхам байсан. Адилхан л 500 хүүхэд сургах сургуулийг нэг газар нь тэрбумаар барьж болоод байхад яагаад заавал таван тэрбумыг зарцуулах ёстой гэж. Гэтэл энэ санаачилга нь огцорсон Засгийн газрыг дагаад “огцорчихсон” бололтой. Тодруулбал, ирэх орны төсвийг боловсруулахдаа Засгийн газар энэхүү зарчмыг баримтлаагүй байна. Жишээ татъя.
Архангай аймгийн Хотонт суманд барихаар төлөвлөсөн 400 хүний суудалтай Соёлын төвийн барилгад 3.6 тэрбум төгрөг төсөвлөсөн бол Хөвсгөл аймгийн Тариалан суманд барих 500 хүний суудалтай Соёл, спортын төвийн барилгад 2.3 тэрбумыг төсөвлөжээ. Багтаамжаараа 100 хүн дутуу, үйлчилгээгээрээ спорт нь хасагдчихаад байхад Архангайн Хотонт сумын Соёлын төв яагаад өртөг өндөртэй байгаа юм бэ. Барилгын материалын тээвэрлэх зардал гэвэл Архангайн байршил нь уг нь хот талдаа биз дээ. Энгийн ухамсрын төвшинд бодоход 500 хүний суудалтайд нь ихийг, 400 хүний суудалтайд нь багийг төсөвлөмөөр санагдах юм. Гэтэл эсрэгээрээ 400 хүний суудалтай соёлын төвийн төсөв нь нөгөөхөөсөө 1.3 тэрбумаар их байна. Эсвэл энд эдийн засгийн агуулга огт алга. Зөвхөн улс төрийн шалтгаан, тодруулбал Сангийн сайд Б.Болорын сонгогдсон тойрог гэсэн шалгуур үйлчилсэн бололтой.
Соёлын төв чухал уу, эмнэлэг чухал уу
Эдийн засгийн хүндрэлтэй үед эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс илүү Соёлын төв барих нь чухал уу гэдэг асуулт гарч ирж байна. Хямралын үед иргэд наргиж цэнгэх, шоу тоглолт үзэх нь багасгана уу гэхээс ихсэхгүй. Харин эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулахаа болино гэж байхгүй. Иргэд заавал Соёлын төвтэй байснаараа соёлоос хоцрохгүй гэж ойлговол том эндүүрэл. Мэдээлэл, харилцаа холбооны салбар төдийлөн хөгжөөгүй дээхнэ үед бол Соёлын төв чухал л байсан байх. Харин одоо үед бол сумын төвийн иргэд байтугай хөдөөний малчид соёл урлагийн мэдээ мэдээллээс хоцрохгүй байгаа. Олон суваг гардаг зурагт, гар утсаараа дамжуулаад соёл урлагийн мэдээ мэдээллээ авчихна. Өөрөөр хэлбэл, заавал Соёлын төв очиж үзэх зүйлээ гэртээ сууж байгаад үзчихдэг болсон гэх үү дээ.
Гэтэл Засгийн газар Соёлын төвийн барилгуудын төсөвт нэлээд анхаарлаа хандуулсан бололтой юм. Тухайлбал, ирэх онд шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын жагсаалт дотор эмнэлгийн барилга хоёр орсон бол Соёлын төвийн барилга тав багтжээ. Мөн сумын соёлын төвүүд нь 400-500 хүний суудалтай байхад эмнэлэг нь аравхан ортой байх жишээний. Уг нь өдөр тутам ашиглагддаг эмнэлгийн барилгад л илүү анхаарлаа хандуулах ёстой баймаар. Харин Соёлын төвийн барилга бол өдөр болгон ашиглагддаг, иргэдийн амьдралд тулгамдсан чухал асуудал биш. Сангийн сайд Б.Болорын сонгогдсон тойрог болох Архангай аймгийн Хотонт сум 4400 гаруй хүн амтай. Түүний ихэнх нь сумын төвөөсөө хол мал маллаж амьдардаг. Тиймээс энд заавал 400 хүний суудалтай соёлын төв барих шаардлагатай юу. Тэнд тэр Соёлын төв нь эмнэлэг шиг өдөр бүр үйлчилгээ үзүүлэх үү. Үнэхээр барих шаардлагатай гэж үзэж байгаа бол эдийн засгийн хүндрэлээс гарсны дараа 2017, 2018, 2019 онд барьж болно ш дээ. 2020 онд сонгуулийнхаа жилийн төсөвт суулгасан ч болох юм. Хөвсгөл аймгийн Тариат сум ч ялгаагүй. 5000 гаруй хүн амтай тус сумын иргэдийн дийлэнх нь мал аж ахуй эрхлэн сумын төвөөсөө зайдуу амьдардаг. Энэ сумын иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдсан гол асуудал нь 500 хүний суудалтай. Түүнчлэн энэ хоёр Соёлын төвийн төсөв нь зөрүүтэй, Архангай аймгийн Хотонт суманд барих 400 хүний суудалтай Соёлын төв нь нөгөөхөөсөө жижигхэн хэрнээ төсөв нь 1.3 тэрбумаар их байгааг олон нийт ойлгохдоо “Сангийн сайд нь Архангайх учраас, тэндээс сонгогдсон учраас ийм зөрүүтэй байгаа юм” гэж л ойлгоно. Ингэж ойлгохоос ч аргагүй юм.
Эдийн засаг хүндрэлтэй ч сонгууль чухал уу
“Давхар дээл”-тэй Сангийн сайд ч бай, “дан дээл”-тэй жирийн гишүүн ч ялгаагүй тойрогтоо ахиухан хөрөнгө оруулалт хийхийг хичээх нь ойлгомжтой. Ялангуяа сонгуулийн өмнөх жил ийм хандлага давамгайлдаг. 2012 онд эхлүүлсэн ч одоо хүртэл ашиглалтад ороогүй барилга орон нутагт олон байгаа нь үүний илэрхийлэл. Харин ирэх жил хэдийгээр сонгуулийн жил ч гэсэн төсөв санхүүгийн байдал сайнгүй байгаа учраас гишүүд тойргийнхоо эрх ашгийг хоёрдугаарт тавихаас өөр аргагүй, угаасаа мөнгөгүй хүмүүс чинь юу хийх билээ дээ гэсэн яриа гарсан. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан энэ талаар хэлэхдээ, “2016 онд шинээр хөрөнгө оруулалтын төсөл эхлүүлэхийн оронд өмнөх онуудад эхлүүлсэн бүтээн байгуулалтуудыг дуусгахад гол анхаарлаа хандуулах нь зөв байх. Тэгээд ч сонгуулийн жил эхлүүлсэн ажил нэр хүнд муутай байдаг. Өмнө нь тойрогтоо ахиухан хөрөнгө оруулалт татсан гишүүн сонгогчдоосоо илүү оноо авдаг байлаа. Харин одоо эсрэгээрээ шүүмжлэлд өртөх, хасах оноо авах нөхцөл байдал үүсчихээд байна. Яагаад гэхээр тойрогтоо эхлүүлсэн барилга байгууламж нь санхүүжилтгүйн улмаас ашиглалтад орохгүй уддаг. Сонгогчид түүнийг нь сонгуулийн шоу байлаа гэж дүгнэх, тухайн ажлыг хийсэн аж ахуйн нэгж нь алдагдалд орохоос эхлээд эрсдэл ихтэй болчихоод байна. Тиймээс гишүүд тойрог руугаа хөрөнгө оруулалт татах гэж зүтгэхгүй байх” гэсэн юм.
Гэвч цагаа тулахаар тойргоо, нутаггаа гэх сэтгэлээ хорьж дийлэхгүй бололтой. Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Архангай аймгийн Хайрхан суманд 1.6 тэрбум төгрөгөөр барилга барихаар төсвийн төсөлд суулгажээ. Шууд С.Эрдэнэ сайд гэж бичсэн нь Байнгын хорооны хуралдаанаас үүдэлтэй юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хайрхан суманд нэг хүнд зориулж 1.6 тэрбум төгрөгөөр байшин бариулах, 2900 хүний цалинг бууруулж 1.8 тэрбум төгрөг хэмнэх хоёрын аль нь зөв сонголт вэ. Сангийн сайд аа, та нэг хариулт өгөөч” хэмээн асуухад Б.Болор сайд “С.Эрдэнэ сайдаас асуу” гэдгээс өөр хариулт хэлж чадсангүй. Энэ жишээнээс харахад сайд нар нэн шаардлагатай төслүүдээ биш, нэгнийхээ зүтгүүлчихсэнийг л тусгадаг бололтой.
URL: