Зимбабве: Үндэсний цэцэрлэгт 20 гаруй заан хордож үхжээ
Зимбабве улсын Хванге Үндэсний цэцэрлэгт 20 гаруй тооны заан цианидын хоронд хордож үхсэн тухай хүрээлэнгийнхэн болон холбогдох албаны хүмүүс мэдээлсэн байна. Ийн өмнөд Африкийн хордож үхсэн зааны тоо энэ сард л гэхэд 62-т хүрч байгаа харамсалтай мэдээ юм.
Хордсон заануудыг даваа гарагт хүрээлэнгийн Синамателлагийн ойролцоогоос олсон бөгөөд хулгайн анчид заануудыг цианидаар хордуулаад гурван ч зааны соёог авч явсан байжээ.
Хүрээлэнгийн ажилтнууд заан болон бусад амьтдыг хордуулах хэрэг аюулын хэмжээнд хүрээд буй талаар хэлж байгаа юм.
10-р сард хүрээлэнгээс энэ төрлийн гурван хэргийг мэдүүлсэн ба 40 зааныг цианидаар хордуулсан байсан аж. Тэдгээрээс гурав нь Карибагийн ойролцоо олдсон бол үлдсэн заан нь Хванге хүрээлэнгийн заанууд байсан аж.
2013 онд тус хүрээлэнгийн 200 гаруй зааныг цианидаар хордуулсан байна.
Энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд үнэрч нохой болон дрон төхөөрөмжийг ашиглахаар болжээ.
Даваа гарагт хийсэн мэдэгдлээр Хараре олон улсын нисэх буудлаас 173 кг зааны соёог хурааж авсан ба нийт өртөг нь 43 мянга 250 долларын үнэтэй байсан аж.
Уг хэрэгт Зимбабвегийн гурван иргэн, Малай гаралтай нэг этгээдийг баривчилсан ба зааны соёог Сингапур улс руу хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад баригдсан байна.
И.МӨНХЦЭНГЭЛ
URL: