“Намбар ван”-ы нууц төлөвлөгөө

Өнгөрөгч баасан гарагт МАХН, МҮАН-ын удирдлагууд ирэх сонгуульд эвсэн оролцох тухай ярьж хуралджээ. Н.Энхбаяр, М.Энхсайхан нар эгнээндээ Ногоон намыг татан оролцуулах тухай нууц төлөвлөгөө боловсруулж суухад нөгөө талд нь ИЗН, Ногоон нам ирэх сонгуульд эвсэн оролцох тухай ярьж, Д.Энхбат, Д.Басандорж хоёр Н.Энхбаяртай эвсэхгүй тухай нууц ярилцсан аж. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар бол Ногоон намын Д.Басандорж МАХН, МҮАН-ын эвслийг ихэд сонирхож байгаа. Харин Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Наранбаатар гэж Ардчилсан намын угшилтай нөхөр ихээхэн саад болж байгааг ч энэхүү уулзалтын үеэр ярилцжээ. Ногоон намын удирдах бүрэлдэхүүнд н.Маам хэмээх МАХН угшилтай нөхөр байгаа нь энэхүү асуудалд Д.Басандоржтойгоо нийлээд уухайлахад бэлэн байгааг ч дуулгалаа.

Тэр ч бүү хэл Ногоон намын гишүүдийн дунд МАХН, МҮАН-ын эвсэлд нэгдвэл манайхан УИХ-д Д.Энхбат шиг урвачихгүй өөрийн гэсэн дуу хоолойтой болно гэх яриа газар авчээ. Чухам чин үнэн энэ үү, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын тарааж байгаа мэдээлэл үү. Тэд МАН-ын удирдлагуудтай  уулзсан мэтээр хэвлэлээр хөндлөнгөөс цацуулж байгаа тухай ч ярих болсон. Одоо болохоор Ногоон намын гишүүдийн дунд энэ мэт яриаг тараасан байж болно. Улмаар нийтэд энэ яриаг хүргэх, намын гишүүдийн тархийг угаах арга байхыг хэн байг гэхэв. Энэхүү ярианд итгэчихсэн нөхөд цөөнгүй байгаагаас харахад нэлээд хурдацтай тархаж байгаа бололтой.

Юутай ч Ногоон намаас Н.Энхбаяр, М.Энхсайханы эвсэлд татагдах нөхөд цөөнгүй болж байгаа аж. Энэ талаар Ногоон намын дарга Д.Басандоржоос тодруулбал “Бид Н.Энхбаяртай эвсэж сонгуульд орох тухай яриагүй байна. Харин ИЗН-тай ирэх сонгуульд эвсэх тухай тохиролцсон. Намын гишүүдийн дунд болон иргэдийн дунд ийм яриа тарж байгаа нь зохион байгуулалттай ажил байх. Тиймээс бид яаравчлан энэ хурлыг хийсэн. Гэхдээ ИЗН-тай хэд хэдэн зүйл дээр хамтарч ажиллахаа мэдэгдээд байгаа. Үүний эцсийн хариу хараахан гараагүй байна” гэсэн. “Эцсийн хариу” гэдэгт л хамаг учир байна. Булаалдаад байх хөрөнгө зоорьгүй ИЗН, Ногоон намынхан чухам юугаа тохирох гээд эцсийн хариу гэснийг хэн мэдлээ.

МАХН, МҮАН хоёрыг хуралдаж байхад ИЗН, Ногоон нам хоёр яаравчлан хуралдсан нь цаанаасаа Н.Энхбаярын эсрэг авч байгаа арга хэмжээний нэг гэх ажиглагчид ч бий. Магадгүй юм. Ерөөсөө Ногоон намыг ИЗН-тай нэгдүүлэх ажил чинь Н.Энхбаяраас Ногоон намыг харамласан хэрэг байсан гэдэг. Түүнд бага ч болов орон зай үлдээхгүйн тулд авсан арга хэмжээнийх нь нэг өнөөдөр ингээд Дээд шүүх дээр гацчихаад байгаа. Харин Ногоон намын нийслэлийн салбар зөвлөлийн дарга О.Бум-Ялагчаас энэ тухай лавлахад “Манайханд Н.Энхбаяраас санал ирдэг л гэсэн. Яг дотооддоо хуралдаад МАХН-тай нэгдэнэ гэсэн зүйл алга л байна. Энэ бол аман ярианы төвшинд л яваа байх. Гэхдээ Ногоон намын хувьд Д.Энхбаттай нэгдсэн ч ижил, Н.Энхбаяртай нэгдсэн ч ижил шүү дээ. Энэ бол сонгуульд л эвсч орж байгаа болохоос биш үзэл баримтлалаараа нэгдэж байгаа биш. Манай нарийн бичгийн дарга нар ч энэ асуудалд муугүй хандаж байгаа юм шиг билээ. Манай нарийн бичгийн дарга нар чинь өмнө нь өөр өөр намд ажиллаж байсан хүмүүс шүү дээ” хэмээсэн.

Ногоон намын даргын хувьд удаа дараа сонгуульд нэрээ дэвшүүлж, өвдөг шороодсон нөхөр шинэ эвсэлд хуучин МАХН-ын нэр дээрээс босоод үзэхийг хэн байг гэх вэ. Намын гишүүдийн хувьд ч тэр Д.Энхбаттай эвсэнэ гэхэд төдийлөн дуртай биш байх нь мэдээжийн хэрэг. Өнгөрөгч баасан гарагт болсон ИЗНН-ын хурал дээр эвсэхийг эсэргүүцсэн нөхөд ч байсан гэнэ. Харин энэ бол эцсийн хариулт биш намын хурлаараа шийдэх юм байна. Харин Н.Энхбаяр, М.Энхсайхан  нарын намынхан 100, 100 хувь эвсэхийг дэмжсэн аж.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих