Башар Ассад Оросуудад талархал илэрхийлжээ

72312

Өнгөрсөн 7 хоногт Москвад айлчилсан Сирийн ерөнхийлөгч Башар Ассад Сирид байлдааны ажиллагаа бүрэн дууссанаас хойшх 18 сар дотор парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах Оросын талын тавьсан саналд нааштай хандаж байна хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлаар очсон Оросын төрийн думын зарим гишүүдийг өнгөрсөн даваа гарагт Башар Ассад Дамаскт хүлээн авч уулзжээ.

Тэрбээр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Оросын зэвсэгт хүчнийхэн Сирид агаарын ажиллагаа явуулж байгаад талархал илэрхийлээд, тус улсын тусламж дэмжлэггүйгээр Сирийн хямрал хурц хэвээр байх байсныг онцолсон байна. Түүнчлэн хямрал мөргөлдөөн дуусч, Сирид энх тайван тогтсоны дараа Ассадын тэргүүлсэн засаг захиргаа шаардлагатай гэж үзвэл ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах бэлтгэлтэй байгааг яриад, өөрөө ч энэ сонгуульд нэр дэвшин, дахин сонгогдохоор өрсөлдөж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Энэ сонгуульд Сирийн хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн уриатай нам, бүлэглэл бүхэн, тэдгээрийн дотор сөрөг хүчний босогчид ч өрсөлдөх боломж олгоно, мөн үндсэн хуульд өөрчлөлт шинэчлэл хийх асуудлаар ярилцахад бэлэн  гэж Ассад ярьсан талаар уулзалтанд оролцсон ОХУ-ын төрийн думын гишүүд мэдээлснийг Оросын хэвлэлүүд дамжуулсан байна. Гэхдээ энэ бүхнээс тэргүүнд Сирийн нутаг дэвсгэрийг террористуудаас бүрэн чөлөөлөх шаардлагатай гэдгийг Ассад мөн онцлон тэмдэглэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих