Европ дүрвэгсдийн эх нутаг болох цаг ойртсоор

Өнгөрсөн амралтын өдөр Грек улсаар дамжин Австрийн хилээр гарч Герман улсад 15 мянган дүрвэгч орж ирсэн мэдээ дэлхий нийтийн анхаарлыг дахин татлаа. Дэлхий нийтийн анхаарлыг дахин татлаа гэдэг нь учиртай. Анхандаа дүрвэгчид олон нийтийн анхаарлын гадна байсан. Гэтэл хоёр жилийн өмнөөс олон мянган дүрвэгч Европ болон АНУ-д очсон тул НҮБ болон томоохон гүрнүүд анхаарлаа хандуулж, тэдэнд зориулсан хууль хүртэл гаргахад хүрсэн.

Дотоодын дайны хөлд нэрвэгдээд буй Сири улсын дүрвэгсэд өдгөө дэлхий дахины анхаарлын төвд орсон. НҮБ-аас 2013 оны зургаадугаар сард дэлхий даяар нийт 45 сая хүн дайн, үймээн самуунтай байгаа орнуудаас орон гэрээ орхин дүрвэсэн гэж албан ёсоор зарлаж байсан. Харин сүүлийн хоёр жилд энэ тоог хэдий хүртэл нэмэгдсэн болохыг судалгаагаар тогтоох боломжгүй болжээ. Учир нь маш олон иргэн дэлхийн өнцөг булан бүрт дүрвэн гарсан аж. Эдгээр дүрвэгсэдийн ихэнх нь Сири, Афганистан, Ирак, Сомали, Судан улсын иргэд.

Мөн Ойрхи Дорнодоос Европыг чиглэн ирэх дүрвэгсдийн цуваа тасрахгүй байгаа. Дээрх иргэдийг эх орондоо хүлээж авах боломжгүй гэдгээ Саудын Араб зэрэг орнууд илэрхийлсэн нь олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртсэн. Үүний зэрэгцээ амгалан тайван амьдралыг хүсэмжлэн ирэх дүрвэгсэдийг хүлээн авахыг уриалах, эсрэгээр эсэргүүцсэн жагсаал цуглаан Европ даяар зохион байгуулагдаж, олон мянган хүн оролцжээ.

Сүүлийн үед Европыг зорих цагаачдын урсгал огцом нэмэгдэж, дэлхийн хоёрдугаар дайнаас  хойшхи хамгийн муу үзүүлэлтийг харуулаад байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Европын 28 улсад жагсаал цуглаан болсон юм. Английн нийслэл Лондон хотод л гэхэд Парламентын байрны өмнө хэдэн мянган жагсагчид цугларч Ойрхи Дорнод болон Африкийн улсуудаас шинэ амьдрал эхлэх гэж ирж буй дүрвэгсдэд туслахыг эрх баригчдад уриалан жагсаал зохион байгууллаа. Тус улсын Лейборист намын шинэ тэргүүнээр сонгогдсон Жереми Корбин дээрх жагсаалыг удирджээ. Тэрээр “Бид зүрх сэтгэлээ сонсч, дайн, мөргөлдөөний улмаас зовж зүдэрсэн ард иргэдэд туслах хэрэгтэй” гэж байсан билээ.

Лондон хотын оршин суугчид Ерөнхий сайд Дэвид Кэмероны ордон хүртэл тайван жагсаал хийсэн аж. Тэд “Хилээ нээ”, “Дүрвэгсдийг хүлээн ав”, “Сирийг бөмбөгдөхөө зогсоо” гэсэн уриа лоозон барьж жагссан гэнэ. Жагсаал ганцхан Лондон хотод ч бус Эдинбург, Глазго, Кардифф хотуудад болов.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг уг нь тогтмол судалгаа гаргадаг. Харин сүүлийн хэдэн сар огцом нэмэгдсэн дүрвэгсдийн нэгдсэн тоог гаргах боломжгүй болсон гэдгийг дээр хэлсэн. Хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2013 оны есдүгээр сард Сирийн сөргөлдөөний улмаас 6 сая хүн улсаасаа дүрвэн гарчээ. Тэдгээрийн 4 сая нь гэр орноо орхин явсан бол 2 сая нь гадаад оронд зугтан гарсан байна. Эхэндээ Сирийн дүрвэгсэд Ливан, Йордан, Турк, Ирак, Египет улсад цагаачилдаг байжээ. Харин өдгөө Европ, Австрали, АНУ, Азийн зарим оронд очиж, орогнох эрх хүсч байна.

Англи улсын хувьд Засгийн газар нь дүрвэгсдэд нээлттэй бодлого баримтлах болжээ. Тус улсын Ерөнхий сайд Д.Камерон өнгөрсөн сарын 8-нд мэдэгдэхдээ “Таван жилийн хугацаанд буюу одоогийн Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд Сирийн хилийн ойролцоох хуарангуудын 20 мянга хүртэлх цагаачийг тараан суурьшуулах бөгөөд хамгийн түрүүнд хүүхдүүд болон эмэгтэйчүүдийг хүлээж авна” гэсэн.

Мөн Данийн нийслэл Копенгаген хотноо ойролцоогоор 30 орчим мянган хүн жагсч, орогнол хүсч буй дүрвэгсдийн хүсэлтийг хүлээн авахыг шаарджээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр жагсагчид парламентын байрны өмнө цугларч “Дүрвэгсэд тавтай морил хэмээн тод, чанга хэл” гэж уриалж байсан аж.

Үүнээс гадна Испанийн Мадрид, Германы Хамбург, Берлин зэрэг хотуудад мөн жагсаал болж, хэдэн мянган хүн оролцсон гэнэ.  Берлин хотын жагсагчид “Тавтай морил” гэсэн үгийг бичсэн Сирийн төрийн далбааг барьсан байсан бол Шведийн Стокгольм, Финландын Хельсинк, Португалийн Лисбонд ч жагсаал болж, 1000 орчим хүн оролцсон тухай мэдээллээ.

Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч Англи, Герман, Испани, Португал улсын иргэд дүрвэгч нарыг “хүн” гэж үзэх хэрэгтэй гэдгээ ийнхүү илэрхийлж байна. Харин Чех, Словак, Польш зэрэг орнуудад дүрвэгч нарыг эсэргүүцсэн жагсаал болов. Тэд Лалын шашныг эсэргүүцэж, Сирийн иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байхыг шаардсан байна.

Польшийн Варшав хотноо болсон жагсаалд 5000 орчим хүн оролцож, “Лалын шашин Европыг мөхөөнө” гэх зэргээр орилж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн Чехийн Прага, Словакийн Братислав хотноо дүрвэгсдийг хүлээж авахыг эсэргүүцсэн цуглаан болж, “Итгэхгүй байна. Гэртээ харьцгаа” гэсэн уриатай бичиг барьж жагссан аж.

Албан бус судалгаагаар 2015 оны нэгдүгээр сараас хойш Газар дундын тэнгисийг гатлан Европын орнуудыг зорин ирэх дүрвэгсдийн тоо 430 мянга хол давсан дүн гаржээ. Үүнээс Грект 309356, Италид 121139, Испанийн Мальта аралд 500 мянга орчим дүрвэгч очсон байна.

Европт байдал ийм байгаа бол АНУ-ын Засгийн газар 10 мянган дүрвэгчийг хүлээж авна гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Ж.Эрнест хэлэхдээ “2015 оны аравдугаар сараас эхлэн 10 мянган дүрвэгчийг хүлээж авахыг Ерөнхийлөгч Б.Обама засаг захиргаандаа үүрэг болгосон. Ойрхи Дорнод, Хойд Африкийн хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд АНУ гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Цаашдаа ч энэ үүргээ биелүүлэх болно. Иймд манай улс дүрвэгсдийг хүлээн авч эхэлсэн” гэсэн аж.

Гэхдээ АНУ Ойрхи Дорнодын зарим орнуудтай хүйтэн харилцаатай байдаг учир дүрвэгч нэрээр алан хядагчид орж ирж магадгүй гэдэгт түгшиж байгаагаа хэлжээ. Иймд Нэгдсэн улсын Засгийн газар дүрвэгчдийг хүлээж авах тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих