Д.Ганмягмар: Чинжиг “Үгэн дотор аялгуу нь байдаг” гэж ярьдаг байсан
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн гэргий Д.Ганмягмартай ярилцлаа. Гэр бүл, найз нөхөд, хамтран уран бүтээл туурвисан андууд нь хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн долоо хоногийг зохион байгуулах гэж байгаа юм.
-Сүүлийн үеийн сониноос асууж яриагаа эхэлье. Та хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн нэрэмжит дууны уралдааныг төрсөн нутагт нь зохиогоод иржээ. Уралдаанд манай дууны урлагийнхан хэр идэвхтэй оролцсон бэ?
-Энэ жил Чинжигийн60 нас, уран бүтээлийн40 жилийн ой тохиож байна. Үүнийг тохиолдуулан түүний нэрэмжит дууны уралдааныг төрсөн нутагт нь зохион байгуулаад ирлээ. Уралдааныг хийхэд идэвх зүтгэл гаргасан хүн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав ах. Тэр Булган аймгийн Засаг даргад бидний саналыг уламжлан улмаар ажил хэрэг болгосон. “Дууны хорвоо-2” уралдаан үнэхээр сайхан боллоо. Уралдааныг зохион байгуулах ажлын хэсэгт орсон хүмүүс сайн ажилласан. Уралдаанд цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Б.Батбаатар түрүүлж, Булган аймгийн дуучин Б.Чинсанаа дэд байрт шалгарлаа. Гуравт Үндэсний ардын дуу бүжгийн чуулгын дуучин П.Баярмагнай орсон. Ерөнхийдөө уралдаанд 76 дуучин оролцсон. Шүүгчдийг зөв сонгох нь уралдаанд маш чухал байдаг. Энэ удаагийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Ардын жүжигчин Д.Самбуу, А.Долгор, Б.Жавзандулам, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат, С.Тараа нар багтсан. Уралдааны өмнө шүүгчдийн бүрэлдэхүүнийг нууцалж байлаа. Олон жилийн дараа зохиож байгаа уралдааныг чанартай, уран бүтээлчдэд өгөөжтэй байлгахыг хичээсэн учраас ийм шийдвэр гаргасан юм. Тиймээс ч уралдааныг зохион байгуулахад ямар нэгэн гомдол санал гараагүй.
-Аливаа ажлыг зохион байгуулахад хүн хүч болон хөрөнгө мөнгө их чухал байдаг. “Дууны хорвоо-2” уралдааныг хийхэд таньд олон хүн туслав уу?
-Олон хүн тусалсан. Чинжигийн залуугийнх нь найз Цэрэндулам гэдэг бүсгүй Америкийн Чикагод ажиллаж амьдраад олон жил болж байна. Тэр хүн уралдаан зохион байгуулахад тусалж 500 ам.доллар өгсөн. Түүнийг уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийнхэн хуралдаж, хоёр залуу дуучинд хувааж олгосон. Мөн уралдаанд оролцсон охидыг өв тээж яваа гэдэг утгаар нь мөн адилхан шагналаа. Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай уралдаанд зориулж тусгайлан гарын бэлгээ илгээсэн. Олон хүний дэмжлэгээр бүтсэн уралдаанд хүмүүс сэтгэл хангалуун байлаа.
-Уралдааныг нутагт нь зохион байгуулсан болохоор уран бүтээлчийн найзуудаас эхлээд олон хүн ирсэн байх. Тэр дундаас онцлох зочид хэн байв?
-Гурван үеийн багш нь ирж уралдааныг үзсэн. Бага ангийн багш нь Эрдэнэтээс, дунд ангийнх нь Дундговиос, оюутны багш нь ирсэн. Уралдааны үеэр арван жилийн сургуулийнх нь найзууд гээд20 гаруй хүн ирж, дурсамжаа хөглөлөө. Бид Чинжигийн“Учран золгохын ерөөл” дуунд хөшөө босгоё хэмээн ярьж байсан. Тэгсэн хөшөө барих бус цогцолбор газар бүтээн байгуулахаар болоод ирлээ. Ирэх оны зургадугаар сард нээлтээ хийхээр болж шав тавьсан.
-Хөгжмийн зохиолчийн багын найзууд ирсэн болохоор дурсамжаас нь хөөрөлдсөн байх?
-Чинжиг хүүхэд байхдаа сахилгагүй, шооч нэгэн байсан гэнэ. Багш нар нь нэгдүгээр ангид байхаасаа л дуулдаг хүүхэд байсан гэж ярьсан. Хүний төрөлхийн араншин өөрчлөгддөггүй юм билээ. Оюутан байхдаа ч хэрхэн үймүүлж байсныг нь Н.Жанцанноров гуай дурссан. Чинжиг Багшийн сургуулийг төгссөн. Тэр үеийн оюутнууд намрын ажилд явдаг байлаа. Чинжиг намрын ажилд явахдаа их дүрсгүйтдэг байсан гэсэн. Хүүхдүүдийг унтсан хойгуур нь хөлийн хурууных нь завсар хөвөн хийж байгаад шатаачихдаг сахилгагүй хүүхэд байсан тухай Н.Жанцанноров гуай хуучилсан. Булганы Могодод Дуут чулуу гэж байдаг. Тэгээд нутагтаа очихоороо түүнийгээ дуугаргаж байгаад дуулдаг хүүхэд байсан гэнэ лээ. Чинжиг их сайн дуулдаг байсан. Түүнийг би тийм сайхан нутагт төрсөн болохоороо уран бүтээлд нь хүртэл тэр нь илэрдэг байх гэж боддог. Жишээ нь, “Галбингаа”, “Өнчин ангирын ганганаан” байна. Эдгээр дууг нь хүмүүс сайн мэдэхгүй. “Өнчин ангирын ганганаан” дууг Чинжиг оюутан байхдаа зохиосон.
-Уран бүтээлчийн хүмүүсийн сонорт хүрээгүй дуу олон бий юү?
-Олон, олон. Би Чинжигийн уран бүтээлийн тоглолт, өдөрлөгийг хийхдээ хамгийн сүүлд хийсэн айхавтар хүнд дууг нь дуулуулдаг. “…Айзам яруухан дууны хорвоод дахин дахин төрмөөр байх юм…” гээд хоргодсон юм шиг, хүний амьдралын хатууг эрж хайсан ч юм шиг. “Хүний хорвоо” дууны үгийг Дашзэвэгийн Банзрагч гуай бичсэн. Энэ дууг Чинжиг нэг уралдаанд зориулан бичсэн юм. Дууны бадаг дуусаад нэмэлтээр хоёр мөр орж ирэхдээ “Хүний буурал орчлонгоос холдоод явна гэхээр Хүсэл зориг дуудаад нас уртсаад байх юм” гэсэн үгтэй. Энэ дууг хийж байх үед би юу ч боддоггүй байж. Гэтэл дараа нь сонссон чинь үнэхээр айхавтар санагдсан.
-Хөгжмийн зохиолч уран бүтээл хийхдээ таниас асууж, сонсгодог байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. “Уйлж дуулах хорвоо” киноны дуу байна. Чинжиг энэ кинонд зориулаад дуу хийсэн. Гэтэл дууг нь дуулах хүн олдохгүй, өөрийнх нь санааг илэрхийлж гаргаж чадахгүй болохоор өөрөө киноныхоо дууг дуулсан юм. Пүрэвсүрэн ахын шүлгээр хийсэн “Сартай шөнө” гээд сайхан дуу бий. Энэ дууг бид хоёр их дуулдаг байсан. Ер нь дууны шүлгийг айхавтар сонгодог. Мэдлэгийн хүрээ том, ном их уншдаг хүн байсан учраас“Үгэн дотор аялгуу нь байдаг” гэж ярьдаг байсан даа.
-Хөгжмийн зохиолч зохиолоо хэрхэн бичдэг байсан бэ. Төгөлдөр хууртай олон цаг нөхөрлөдөг байв уу?
-Дотроо их бясалгаж, боддог хүн байсан. Өглөө босоод исгэрээд хааяахан юм тогшоод явна. Хөгжмийн ард удаан суудаггүй. Нэг л суугаад уран бүтээлээ туурвидаг байлаа. Хөдөө явахдаа ч цаасны тасархай дээр тэмдэглэл хийнэ. Цаас олдохгүй үедээ шүдэнзний хайрцган дээр хүртэл шинэ санаагаа тэмдэглэчихдэг байсан. Харамсалтай нь, хэн нэгэн авсан юм уу, мэдэхгүй шүдэнзний хайрцган дээр тэмдэглэсэн зохиолынх нь хэсгийг олохгүй байгаа.
-Хөгжмийн зохиолч охидоо төрөхийг харж чадаагүй. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд тэдэндээ зориулан бүтээл туурвисан болов уу?
-Мэдэхгүй юм. Бурхан болохоосоо өмнө зүүдэлж сэрээд надад“Хөгшин чинь өнөө өглөө хүүхдүүддээ нэр өглөө” гэсэн ч төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээд хэлээгүй. Тийм учраас би охидоо төрсний дараа өөрөө нэр өгөлгүй“Мамбадацан” хийдийн хамба Д.Нацагдорж гуайгаас нэр хайрлахыг хүссэн. Өмнө ч бид Д.Нацагдорж гуайд хандаж, эм тан авдаг байсан юм. Миний охидыг сайн төрөхөд их тусалсан хүн дээ. Ихэр хүүхэд болохоор дутуу төрчих гээд хэцүү байх тэр үед их тусалсан. Чинжигийг ч хэдэн сараар насыг нь уртасгахад Д.Нацагдорж гуайн ач тус их байсан гэж боддог.
-Одоо охид нь урлагийн чиглэлээр суралцаж байгаа гэсэн. Аавынхаа авьяасыг өвлөсөн зүйл тэднээс харагдах юм уу?
-Охид маань Хөгжим бүжгийн коллежид сурч байгаа. Төгөлдөр хуур, хийлийн ангид суралцдаг, одоо аравдугаар анги. Хөгжим бүжгийн сургуульд сурах ч бас хүнд ажил шүү дээ. 2005 оноос хоёр охин маань сураад тэднийг дагаж явах шаардлагатай болсон. Учир нь мэргэжлийн хичээл заахад гэрийнхэн нь байх шаардлагатай гээд долоо хоногийн дөрвөн өдөр Хөгжим бүжгийн коллеж дээр цагийг хамт өнгөрөөдөг байсан.
-Хоёр охиноо урлагийн хүн болно гэхэд та хэрхэн хүлээж авсан бэ?
-Охид маань өөрсдөө их сонирхолтой байсан. Гэхдээ би энэ хоёрыг сургуулиас нь гаргая гэж ч их бодсон. Тэгээд өөрсдөөс нь асууж саналыг нь сонсоод энэ сэдвээр дахиж ярихгүй байхаар шийдсэн. Эмэгтэй хүн урлагийн мэдрэмжтэй бол амьдралд хэрэгтэй гэдэг үүднээс би тэднийгээ дэмжсэн. Багш нар нь охидод маань хайртай. Манай Сувданцэцэг есөн настайдаа Испанийн олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд оролцоод хоёрдугаар байрт шалгарсан. Номинцэцэг тавдугаар ангидаа Испанийн олон улсын өсвөрийн хийлчдийн наадамд оролцсон. Дараа нь Америкт болсон олон улсын тэмцээнд оролцоод хоёрдугаар байр эзэлж байлаа. Карнеги Холлд тоглож дипломоо гардсан. Тийм болохоор охидоос минь юм гялтайгаад байгаа юм болов уу гэж бодоод дэмждэг болсон. Харин одооноос аавынхаа бүтээлээс тоглооч гэж хэлээд байгаа. Булган аймагт болсон уралдааны үеэр охид маань аавынхаа бүтээлээс тоглоход хүмүүс их сайхан хүлээж авч байна лээ. Одоо болох тоглолтод ч охидыг тоглуулахаар болсон.
-Төрийн соёрхолтын уран бүтээлийн долоо хоногийн зохион байгуулах гэж байгаа гэсэн. Хөгжмийн ертөнцийнхнийг догдлуулсан уран бүтээлүүд эгшиглэнэ гэдэгт итгэлтэй байна?
-“Алтан намар” наадмын хүрээнд хоёр тоглолт хийхээр төлөвлөөд байна. Эрдэм шинжилгээний бага хурал хийж, Театрын музейд үзэсгэлэн гаргана. Томоохон хэмжээний бүтээлийг нь Дуурийн театрт тоглуулаад, дан дууны бүтээлээс нь Соёлын төв өргөөнд олон түмэнд хүргэхээр төлөвлөгөө гаргачихаад байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: