Эх орноо маналцсан 75 жил
Хил хамгаалах байгууллага нь бодлогоор, хилчин дайчид нь бие сэтгэлээрээ эх орныхоо торгон хилийг манадаг бол хил хамгаалах байгууллага хэмээх том айлын нэгэн эд эс нь болж яваа “Эх орны манаа” сониныхон үзэгний үзүүрээр маналцаж явна. Монголын ууган хэвлэлүүдийн нэг Цэргийн гавьяаны одонт “Эх орны манаа” сонин туурга тусгаар эх орныхоо дархан хилийг хамгаалах, хилчдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монголын мянга мянган хилчдийн ажил үйлс, амжилт бүтээлийг нийтэд сурталчлан таниулах хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлсээр өдгөө 75 насныхаа босгыг алхаж байна.
Тэртээх 1940 онд анхны дугаараа хилчин дайчдадаа хүргэж эхэлснээс хойш Монгол Улсын хил хамгаалах салбарын, хилчдийн арвин их үйлсийг түүхийн хуудаснаа зузаалсаар анхны дугаараа өлгийдсөн ойн өдрөө буюу энэ сарын 22-нд түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Баярын хурлаа хийж, ажил үйлсээ тайлагнасан энэ өдөр үе үеийн “Эх орны манаа” сониныг эрхлэн гаргагчид, идэвхтэн бичигчид, эгэл хилчдийн баярын өдөр байлаа. Энэ үеэр тус сониныг анх хэвлэгдэн гарснаас хойш арвин баялаг түүхийг бичилцэж явсны зэрэгцээ тэмцэл ялалтын он жилүүдэд хилчидтэйгээ хоёргүй сэтгэлээр мөр зэрэгцэн зүтгэж явсан ахмад хилчдэдээ хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн хил хамгаалах байгууллагаар овоглосон хүн бүхний сэтгэл догдолсон энэ өдөр зочдын нүдийг хужирласан бас нэг зүйл бол “Эх орны манаа” сонины сурвалжлагч , дэслэгч Л.Номингэрэлийн “Би хилчин” гэрэл зургийн үзэсгэлэн байв. Хилчдийн ахуй амьдрал, хувцас хэрэглэл, ажлын онцлогийг нь харуулсан 50 гаруй бүтээлтэй энэхүү үзэсгэлэн хилчин-сэтгүүлч бүсгүйн анхны бие даасан үзэсгэлэн аж. Эндээс очиж үзээгүй ч гэсэн хилчдийн амьдрал, улирлын онцлогоос эхлээд байгалийн сайхныг мэдэрч, нүдээр үзсэн мэт харж болохоор байсныг хүмүүс хэлж байна.
Мөн түүхт ойн баярын өдөр ахмад хилчдэд Хил хамгаалах байгууллагын хүндэт жуух, Хилчний алдар, МСНЭ-ээс “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн”, Сэтгүүлзүйн 100 жилийн ойн медаль зэрэг шагналуудыг гардууллаа. Монголын зохиолчдын эвлэлээс “Эх орны манаа” сонины эрхлэгчээр 18 жил ажилласан түүхийн ухааны доктор профессор, хурандаа Э.Лувсанбалданг “Утга зохиолын төлөө” шагналаар шагнав. Ийнхүү хилчдийн яруу алдрыг бадрааж, эх орноо сэтгэлгээний төвшинд манаж байгаа “Эх орны манаа” сонины хамт олны хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн олон шагналын хур бууж, дөрвөн зүг найман зовхист хилээ манаж байгаа хилчин дайчдаас халуун сэтгэлийн үгтэй мэндчилгээ хөвөрсөөр байлаа. Түүнчлэн ЦДБЭЧ-ынхан
Шинэ өдрийн өглөөний наран
Шинелийн товчин дээр мандаад…. гээд л баярт уригдан ирсэн хилчдэд зориулж тусгай тоглолт бэлтгэснээ толилууллаа.
“Эх орны манаа” сонины үе үеийн эрхлэгч, сэтгүүлч, идэвхтэн бичигчид нэгэн дор цугласан давтагдашгүй өдрөөр тус сонины эрхлэгчээр 1971 оноос хойш 18 жил ажилласан түүхийн ухааны доктор, профессор, хурандаа Э.Лувсанбалдан, одоо эрхлэгчээр нь ажиллаж буй дэд хурандаа Д.Энхтайван нарын сэтгэгдлийг сонссон юм.
Э.Лувсанбалдан: ХИЛ ЗӨРЧИГЧДИЙГ БАРЬСАН БААТАРЛАГ ХИЛЧДИЙН ЗУРГИЙГ НИЙТЭЛДЭГ ЦОР ГАНЦ СОНИН БАЙЛАА
-Хил хамгаалах мэргэжлийн цэрэгтэй болсноос хойш зургаан жилийн дараа буюу 1940 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Эх орны төлөө” нэртэйгээр сард гурван удаа 300 хувь хэвлэх тусгай сонины тогтоол анх гарч байсан юм. Харин 1945 онд намын төв хорооны шийдвэрээр “Эх орны манаа” гэх алдрыг хайрласан. Хилчид “ЗХУ-ын хилчдийн туршлага”, “Өнөөгийн Хятад”, “Хилийн манааны уран чадвар” зэрэг буланг ихээхэн сонирхон уншдаг байлаа. ЗХУ-ын тусгай сонин дээр нийтэлдэг мэдээлэл хилчдэд сонирхолтой байсан. Учир нь ийм мэдээг ил хэвлэлд нийтэлдэггүй, зөвхөн “Эх орны манаа” сонинд л гаргадаг. Бид сониноороо дамжуулан хил зөрчигчдийн нарийн арга барилыг урьдаас нийтэлж, урьдчилан сануулах үүргийг гүйцэтгэж хил хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байсан. Мөн хил зөрчигчдийг барьсан баатарлаг хилчдийн зургийг нийтэлдэг цор ганц сонин байлаа.
Д.Энхтайван: “ЭХ ОРНЫ МАНАА” СОНИН ХИЛЧДИЙН ҮНЭНЧ АНД, МЭДЛЭГ МЭДЭЭЛЛИЙН ОХЬ НЬ БОЛСООР БАЙХ БОЛНО
-Үе үеийн хилчин дайчид, хилээрээ овоглосон хүн бүрт сэтгэл зүрх, оюун ухааны ертөнцөд дусал нэмэр, өгөөж буянаа хайрласан “Эх орны манаа” сонин 75 жилийн ойтойгоо золгож байна. Хэрвээ хүнээр бол түүний цал буурал тэргүүн, алтан мутар, эрдэнэт бие Монгол Улсын халдашгүй дархан байдал, хилчдийн мэлмийг гийгүүлэхийн төлөө цохилсон, зүтгэсэн, тэмүүлж амьдарсан 75 жил байх билээ. “Эх орны манаа” сониныг зөвхөн манай редакцийн хамт олон бус бүх хилчин гар бие оролцон бүтээж байдаг юм. Монголын сэтгүүлзүйн манлай түүчээ хэвлэлүүдийн нэг сонин маань цаашдаа он цагийн шалгуурт ч хилчдийн үнэнч анд, мэдлэг мэдээллийн охь нь болсоор байх болно. 75 жилийн турш хилчдийн алба, амьдралыг мөнхөлсөн сониныхоо ойн баярыг мянга, мянган хилчин, уншигчидтайгаа хуваалцаж байгаадаа таатай байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: