Тив дэлхийг холбох “Талын зам” төсөл сэтгүүлчдийн анхаарлыг татаж байна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох зорилготой Монгол Хятадын ХМХ-ийн дээд хэмжээний форум зургаа дахь удаагаа 2015 оны аравдугаар сарын 15-21-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймагт болов. Тус форумд Хятадын талаас ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын Хэлтсийн орлогч дарга, Төв зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Цүй Юй Ин, Хятадын коммунист намын ӨМӨЗО-ны байнгын хорооны гишүүн суртал ухуулгын хэлтсийн дарга Улаан тэргүүтэй албаны хүмүүс, ССТV, Шиньхуа зэрэг хятадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцов.

Энэхүү форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй нийт 14 сэтгүүлч оролцсон юм. ОХУ-д болсон Монгол Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр Эдийн засгийн коридор байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурж, Эдийн засгийн харилцааг илүү сайжруулах тал дээр хамтран ажиллахаар тохирсон. Тус саналыг хоёр орны сэтгүүлчид дэмжиж байгаа бөгөөд зургадугаар форумыг “Бүх салбарт хамтран ажиллаж, хамтын хөгжлийг эрчимжүүлье” уриатайгаар зохион байгуулсан билээ.

Форумын үеэр хоёр орны сэтгүүлчид “Талын зам” төслийг онцгойлон хэлэлцэж, эдийн засгийн хүндрэлтэй, хаагдмал нөхцөл байдал үүссэн энэ үед харилцан ашигтай хамтран ажиллах ёстой гэдгийг онцолж байсан юм. Уншигчиддаа мэдээлэл өгөх үүднээс “Талын зам” төслийн тухай жаахан дэлгэрэнгүй бичих шаардлагатай болов. “Талын зам” гэдэг нэр томьёог Монголчууд гаргаж ирээд байгаа. Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг холбосон автозам, төмөрзам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүч, өндөр хурдны интернетийн шугамыг нийтэд нь “Талын зам” хэмээн нэрийдэж буй. ОХУ-ын байгалийн хийн ордуудаас Оросын нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэхийн тулд 4000 км хийн хоолой барьж байгуулах шаардлагатай. Харин Монголынн нутгаар дамжуулан тээвэрлэхэд ердөө 1500 км хийн хоолой байгуулж, тэр чинээгээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой гэсэн тооцоо байна. Нийтдээ 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий энэ томоохон гэрээнд Монгол Улс дамжуулагчаар оролцвол ашиг орлогын олон үүд хаалга нээгдэнэ. Цаашилбал, нүүрсний хамгийн их нөөцтэй манай улс хар алтнаасаа газ, эрчим хүч үйлдвэрлэн энэ шугамыг ашиглан экспортлох ч боломжтой юм. Харин хоёр дахь том төсөл авто зам. Нийтдээ 12 сая ам долларын өртөгтэй Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны автозам төслийг Монголчууд хэрэгжүүлэхээр бэлтгэлдээ бүрэн ороод байгаа.

Энэхүү хурдны авто зам төсөл нь түүнийг дагаад баригдах худалдаа, ложистикийн томоохон төвүүд, аялал жуулчлалийн олон улсын чанартай баазууд, банк санхүү, зочлох үйлчилгээ бүхий дагавар хотуудыг бий болгох тив улсуудыг холбосон ультра-мега төсөл юм. Гурав дахь гарц бол төмөр зам. Одоогийн нөхцөлд Монголын төмөр замаар дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг жилд 100.0 сая тонн байхаар тооцож байгаа. Өнөөдрийн байдлаар манайд энэ хүчин чадал дөнгөж 2.0 сая тонн л байдаг. Тэгэхээр 50 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ирээдүйд 300.0 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцоо ч бий. Харин дөрөв дэхь гарц нь эрчим хүч. Гурван улсын эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Хэрвээ гурван улсыг холбосон эрчим хүчний системийг барьж байгуулж чадвал Орос, Монголд шинээр байгуулагдах эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээс Хятад руу эрчим хүч тээвэрлэх асуудал ч энд багтана. Тав дахь гарц нь өндөр хурдны интернет. Дэлхий нийтээр өндөр хурдны интернетэд суурилсан хөгжлийн шинэ хандлага давамгайлж, өдрөөс өдөрт интернет хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед өндөр хурдны интернетийн гарц бас л Монголчуудад ээлээ өгөх нь дамжиггүй.

 

Монгол улсын хувьд тун таатай нөхцөл байдлыг авчирах “Талын зам төсөл” Хятадуудын хувьд ч ашигтай. Тэд “Торгоны замын эдийн засгийн бүс”, “XXI зууны Далайн торгоны зам” хэмээх хоёр том төслөө нэгтгэн өнөөдөр “Нэг бүс нэг зам” хэмээн томъёолж байна. Хятадууд Европ, Дундад Ази руу хүрэх хамгийн богино замыг хайж байгаа бөгөөд Орос улс дэлхийн зах зээл дээр хүчээ авч байгаа хятад улс руу нэвтрэх шулуун, дардан гарцыг эрж, “Евро Азийн коридор” нэртэй шинэ төслийг эхлүүлэхээр санаачлага гаргажээ. Яг энэ хоёрын дунд Монгол улс оршин байгаа. Монголын “талын зам”, Хятадын “Нэг бүс нэг зам”, Орос ах нарын , “Евро Азийн коридор” гэсэн гурван том төсөл нэг утга санаа, бас нэг зорилготой. Тиймээс энэ гурвыг нэгтгэн хэрэгжүүлэх саналыг гурван улсын төрийн тэргүүнүүд ч дэмжиж байгаа. Үнэхээр хил залгаа оршиж байгаа гурван улс саналаа нэгтгэж, энэ төслийг хэрэгжүүлж чадвал асар том боломжийг нээж чадна гэдэг тооцоог аль эрт гаргажээ. Хятадын эдийн засагчид “Нэг бүс нэг зам” төслийг хэрэгжүүлснээр дэлхий дээрх эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн өргөн уудам зурвас, орон зайг үүсгэж, Хятад улсаас эх авч төв Ази, зүүн өмнөд Ази, өмнөд Ази, баруун Ази зэрэг бүс нутгийг нэвт гарч, Европ хүрэх “Нэг бүс нэг зам”-ын дагуу орших 65 улс, 4,4 тэрбум орчим хүн ам энэхүү төсөлд шууд хамрагдах бөгөөд энэ нь дэлхийн хүн амын 63 хувийг хамарсан том төсөл.

Энэ том төслөө эхлүүлэх бэлтгэлээ Хятадын тал аль хэдийнээ бүрэн хангаж, зургаа ч олон янзаар зурсан бололтой. “Нэг бүс нэг зам” төсөлд Монголчууд оролцох уу, үгүй юу гэдгийг тэд анхааралтайгаар харж байна. Монголын “Талын зам” санаачилгыг Хятадын “Нэг бүс нэг зам” төсөлтэй уялдуулан хөгжүүлэх, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах энэ асуудал зөвхөн гурван улсын асуудал биш дэлхий нийтийн анхаарлыг татсан том асуудал болж байгааг хятадын мэргэжил нэгт сэтгүүлчид онцолж байна. Монгол, Хятадын сэтгүүлчдийн 6-р форумын үеэр ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын ХМА-ны дэд дарга Чэнь Баочюань илтгэлдээ “Хоёр улсын дэд бүтцийг харилцан холбох гол төслийг олон нийтэд хүргэж, үүний үр дүнгийн талаар иргэдэд ойлгуулж, Хятад, Монголын хоёр талын зам, харилцаа, эрчим хүч, мэдээлэл холбоо зэрэг дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа улс орны хөгжилд өндөр ач холбогдолтойг мэдээлэх шаардлагатай байна” хэмээн дурьдаж байсан юм. Уг форумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулсан бөгөөд энхүү илгээлтдээ “ “Монгол улсын санаачилгаар энэ оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулсан гурван орны төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол улс, Оросын холбооны улс, БНХАУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулах, санамж бичиг, гурван улсын хооронд хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Бүс нутгийн хөгжлийн дүр зургийг илүү сайнаар өөрчлөх түүхэн шийдвэрийг хоёр орны хэвлэл мэдээллийнхэн дэмжиж, Хятад Монголын энэ удаагийн форумыг Эдийн засгийн коридорын сэдвээр зохион байгуулж байгаад талархал илэрхийлье” хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих