О.Магнай Улаанчулуутын “Засаг дарга” болов уу
О.Магнай Улаанчулуутын хогийн цэгийг хаах тухай санаачилгыг гаргаад байгаа. Энэ нь түүний Сонгинохайрхан дүүрэгт хийж буй томоохон санаачилга, ажлынх нь нэг аж. Учир нь тэрбээр ирэх сонгуульд тус дүүргээс нэр дэвших бололтой юм. Сонгинохайрхан дүүргийн хороодод очиж, иргэдтэй уулзан “Дэм дэмэндээ” аяныг эхлүүлээд, тэдний үгийг сонсож буй. О.Магнайгийн хувьд сонгуулийн сурталчилгаа болгож хийж байгаа ажил нь Улаанчулуутын хогийн цэгийг хаах. Энэ цэгийг хааснаар Сонгинохайрхан дүүрэг, цаашлаад нийслэлийн бүх иргэн бохирдлоос салж, улмаар хогноос дамждаг бохир агаараас сална гэж тайлбарлаж байгаа юм.
Харин нөгөө талаас нь харахад хогийн цэг дээр суурин амьдардаг 30 гаруй өрх, энэ цэгээс аж амьдралаа залгуулдаг олон мянган хүн хаачих вэ. Төр эдгээр хүмүүсийг мартсан гэлтэй л байдаг. Жүжигчин И.Одончимэг хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдэд боловсрол олгох сургалтын төвийг нээх санаачилгыг гаргаж, үүнийгээ ажил хэрэг болгосон. Үүнээс өөрөөр тэнд амьдарч байгаа иргэдэд ойр зуурын тусламж үзүүлэхээс өөр томоохон дэмжлэг лав үзүүлээгүй.
Энэ удаа О.Магнай тус цэгийг байхгүй болгож, нийгмийг эрүүлжүүлж, цэвэршүүлэх юм гэнэ. Химийн хорт бодис, эмийн хэрэгсэл шатаагддаг энэ хогийн цэгээс гарч буй бохир агаараар нийслэлчүүд бид амьсгалж байгаа учир хаах ёстой гэж тэрбээр хэлж байгаа юм. Чухам ямар байдлаар хааж, тэнд байгаа иргэдээ яах ёстой вэ.
Өнөөдөр УИХ-аар Хог хаягдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Үүгээр хогийг ангилан ялгаж, хоёр дахь удаагаа боловсруулан дахин ашиглана гэж буй. Харин уг цэг дээр амьдарч амьдралаа залгуулдаг хүмүүсээ яах вэ. Энэ талаар хэн нь ч ярихгүй байна. Төр засаг ч үүнд анхаарахгүй байсаар өдийг хүрсэн. Иймд О.Магнайгийн энэ санал санаачилга сонгуулийн шоу болоод өнгөрчих вий. Тэр Улаанчулуутын “Засаг дарга” болтлоо л хогийн цэгийг хаах тухай ярьж байна. Чухам ямар үр дүн хүлээж байгаа бол.
М.Төр
Эх сурвалж: Tsenzurgui.mn
URL: