Сайд, дарга нар аа, цэвэрлэх байгууламж дээрээ очоод хуралдаач
Ойрдоо ингэтлээ өмхий үнэртэж, Улаанбаатар хотдоо хүхрийн хийндээ угаартах шахаж байгаа нь лагийн чанартай холбоотой юм байх аа. Цэвэрлэх байгууламжийн ээлжийн инженер Э.Бямбацогт “Лагийн чанартай холбоотой. Үнэр их байна. Бас хүчин чадлаас шалтгаалж байна. Манай цэвэрлэх байгууламж хоногтоо хамгийн ихдээ 130 мянган метр куб ус хүлээн авах чадалтай.
Гэтэл өнөөдөр энгийн үедээ л 140-150 мянган метр куб ус нийлүүлэгдэж байна. Тэгэхээр энэ ачаалалтай холбоотой л гэж бодож байна. Бид урд нь яаж ажиллаж байсан тэр л жишгээрээ ажиллаж байна. Тэгээд анх байгуулагдсан цагаасаа далан болтлоо овоологдсон лаг өнөөдрийг хүртэл маш их талбай эзэлсээр байгаад учир байна. Өөрөөр хэлбэл хотоос ирж буй лагийн хэмжээ өдөр ирэх бүр ихсэж, лаг хаях талбай улам тэлсээр байна гэсэн үг” хэмээн ярьсан байсан.
Нэг иймэрхүү л байна. Сая давсан хүн амтай Улаанбаатар хотдоо бид өмхий үнэртээд, утаагаар амьсгалаад л амьдарсаар. Хэчнээн сайхан барилга бариад, зам засаад, хог цэвэрлээд, тохижилт хийгээд яах ч юм билээ. Өмхий үнэртээд байж суух аргагүй бол тэгээд л өнгөрөө биз дээ. Тийм болохоор цэвэрлэх байгууламжийнхаа хүчин чадлыг нэмье, засъя, сайжруулъя. Өнөөдөр Улаанбаатар хотын хаа сайгүй үнэртэж байгаа өмхий сайд, дарга нарт л үнэртэхгүй байгаа бололтой. Цэвэрлэх байгууламжаа засах тал дээр огт санаачилга гаргахгүй байгаа болохоор тэгж дүгнэхээс өөр арга алга. Хэрвээ тийм бол цэвэрлэх байгууламж дээр очоод, өмхийг нь үнэртэж байгаад нэг хуралдаач. Чуулганаа хийчсэн ч яадаг юм.
Ийм өмхийндөө баригдсан хотод амьдарч байгаагаасаа ичих цаг болсон. Сая Японы Ерөнхий сайд манайд ирлээ. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд угтаж аваад сүйд. Хэдхэн цагт ая тухтай байлгах гэж хэрэндээ л хичээсэн нь мэдээж. Гэхдээ нийслэл нь тэр чигтээ өмхийрчихсөн байхад хэчнээн ая тухтай байлгах гээд яах вэ дээ. Аягүй бол нисэх дээр буугаад л хажууд яваа хамгаалагчаа хардсан байх. Өмхийгөөр унгалаа гэж шүү дээ. Сүүлдээ учрыг нь мэдээд монголчуудыг өрөвдөө байлгүй. Эсвэл үзэн ядсан ч байж магадгүй. Ядаж байхад тэр өдөр салхины чиг таарсан уу яасан нийслэл тэр чигтээ өмхий үнэртэй байсан.
Үнэндээ бид цэвэрлэх байгууламжаа засаад, шинэчлээд, өмхий үнэртэхгүйхэн шиг амьдарч чадахгүй байж хөгжил яриад ч яахав дээ. Өндөр шилэн барилгад суулаа ч цонхоо нээхээр л өмхий сэнгэнээд байвал юуны ая, тух байх билээ. Ядаж байхад агаарт исэлдсэн ялгадас гэдэг асар их хортой гээд байгаа. Үгүй дээ өмхий үнэр ч дүүрч гэхэд хортой хийнээсээ болоод элдэв халдварт өвчин газар авах вий дээ.
Н.Пунцагболд
URL: